Улаанбаатар хотыг барилгажуулахад найман их наяд шаардана

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотыг барилгажуулахад найман их наяд шаардана

“Утаагүй Улаанбаатар” үндэсний хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгийнхэн Засгийн газрын тэргүүнд ажлаа тайлагналаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны удирдах хүмүүс багтсан байна. “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хотын агаарын бохирдлыг 2010-2012 онд 30 хувь, 2013-2016 онд 50 хувь бууруулахаар тооцоолсон. Үүнд нийт 18.8 их наяд шаардана гэж үзжээ. Харин Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамнаас гаргасан судалгаагаар 15.5 их наяд шаардлагатай. Улаанбаатар хотын хэмжээнд 196 мянган өрх байдгийн 61 хувь нь гэр хорооллынхон аж. Гэр хорооллын яндангаас олгойдох хорт утаа агаарын бохирдолд хувь нэмэр оруулсаар одоогоор зөвшөөрөгдөх хэмжээнээс зургаа дахин өсчээ. Мөн жил тутамд 12 мянган иргэн шилжин ирж, гэр хорооллыг тэлэн яндангийн тоог нэмж нэрмээс болдгоос агаарын бохирдлыг бууруулахын төлөө хуруугаа ч хөдөлгөж үзээгүй.  Тиймээс дээрх яам хорт утааг арилгах аргын нэг нь гэр хорооллыг барилгажуулах ажил гэж үзжээ. Судалгаагаар “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд найман их наяд төгрөг шаардана. Орон сууцыг Дэнжийн 1000 орчмын газар, Ханын материал, Баянголын ам, МҮОНРТ-ийн орчим дахь газар, Буянт-Ухаад барих боломжтой. Нийслэлийг чиглэх их нүүдлийг сааруулахын тулд хөдөөгийн дэд бүтцэд анхаарч аймаг хоорондын авто зам, хилийн боомт чиглэсэн авто замыг шинээр барих шаардлагатай гэж үзэн түүнд зургаан их наяд шаардана гэсэн тооцоо гаргасан. Мөн нийтийн тээврийг хийн түлшид шилжүүлэхэд 33 тэрбум төгрөг шаардлагатай. Өөрөөр хэлбэл, энэ бүх ажлыг гүйцэтгэхэд нийт 15.5 их наяд төгрөг шаардана. Төсөвт энэ зардлыг суулгахад 20 жил шаардах бөгөөд стратегийн орд газруудынхаа зарим хэсгийг барьцаалан олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө “босгох” замаар хөрөнгийг шийдвэрлэх бололцоо бий. Ингэж чадвал  2016 онд “100 мянган айл орон сууц” хөтөлбөр бүрэн хэрэгжиж дуусах юм байна.
Судалгааг “Эко Ази” дээд сургуулийн захирал Ц.Адьяасүрэн шүүмжилж, бүгдийг дан ганц төсвөөс гаргах нь учир дутагдалтай гэв. Тэрбээр “Хотын агаарын бохирдлыг үйлдвэрлэж байгаа гол буруутнууд иргэд, аж ахуйн нэгжүүд. Яагаад тэдэнд үүрэг хүлээлгэж болгохгүй гэж… Агаар бохирдуулж байгаа нөхдүүдийг хашраах хэрэгтэй. Гадаадын гүрнүүд агаар бохирдуулдагчдаас тодорхой хэмжээний төлбөр авдаг. Тиймээс 15.5 их наядын хэдийг нь агаар бохирдуулсан этгээдээс авах вэ гэдгийг тодорхой заалтаар тусгах. Улаанбаатар хот дотроо байшин бариад байх нь зохисгүй. Яагаад хотоос гадагш тэлж болдоггүй юм. Налайх, Хөшигтийн хөндийд орон сууцны хороолол барьж болно шүү дээ?
Ажлын хэсгийн ахлагч,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх:-Ажлын хэсгийн төвшинд төсвөөс гадна иргэд, аж ахуйн нэгж, олон улсын зээл тусламжийг татъя гэсэн хувилбарыг ярилцсан.
Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар:-Улаанбаатар хотыг тэлэх тухай таны саналыг дэмжиж байна. Хотыг тэлэх гэхээр цахилгаан, дулааны асуудлыг шийдсэн байх шаардлагатай болдог. Одоо бол эцэстээ тулчихаад байгаа, ХVI хорооллоос цааш явахгүй. Дулаан, цахилгааны шинэ эх үүсвэр байгуулахад хоёр их наяд төгрөг шаардана.
Сангийн сайд С.Баярцогт:-Уламжлалт аргаар утаатай тэмцвэл үр дүнд хүрэхгүй. Тэр тусмаа төсвийн хөрөнгөн дээр суурилна гэвэл маш хэцүү. Зарим ажлыг захиргааны аргаар шийдвэрлэхээс өөр аргагүй. Дэлхийн томоохон хотууд захиргааны аргаар асуудлаа шийдвэрлэсэн байдаг. Зуны олимп зохион байгуулахтай холбоотойгоор Бээжин хот нам даралтын зуух ажиллуулахыг хориглосон. Яагаад Түлш эрчим хүчний яамнаас нам даралтын зуух ажиллуулахыг хориглох талаар одооноос шийдвэртэй алхам хийхгүй байна вэ. Мөн Эдийн засгийг аргыг ч ашиглах ёстой. Хотын төвийн бүс хэсэгт амьдрагсдад өндөр татвар ногдуулдаг байх ч юм уу, түүхэндээ том хотууд ийм байдлаар асуудлыг шийдвэрлэж ирсэн. Захиргааны аргыг эдийн засгийн аргатай уяхдаа 3-4 төрлийн татвар гаргаж болно. Хамгийн гол нь 2010, 2011 онд бидний шийдвэрлэж чадах ажил юу вэ гэдгийг маш сайн тооцоо судалгаатай гаргах ёстой. Ингэж байж, асуудлыг шийднэ
Сайд Л.Гансүх:-Ажлын хэсэг сар гаруйн хугацаанд маш сайн ажилласан. Таны хэлсэн бүх санал хөтөлбөрт багтсан. Хамгийн гол нь богино хугацаанд маш их хөрөнгө тусгаж, нэн даруй ажлыг хийхгүй бол олон жил ярьсан үр дүнгүй ажил болж хувирчих вий л гэж болгоомжилж байна. Захиргааны арга хэрэглэнэ.
Сайд Д.Зоригт:-Улаанбаатар хотын хэмжээнд 2014 онд түүхий нүүрс хэрэглэхийг бүрмөсөн хориглоно. Нүүрснээс хий гаргах талаар бид Солонгосчуудтай хамтарч ажиллахаар гэрээ байгуулан эхний ажлуудыг хийгээд байна. Ямар ч байсан лабораторио байгуулна. Дараагаар нь судалгааны ажил хийгдэнэ. Миний хувьд нэн даруй Хөгжлийн банкийг байгуулж, уул уурхайгаас орж ирэх хөрөнгийг тэнд төвлөрүүлж, Улаанбаатар хотыг барилгажуулах болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажилд хөрөнгө оруулах замаар ашиглах саналыг дэмжиж байна.
Эрдэмтэн н.Төмөр-Чөдөр:-Ерөнхий сайд удахгүй ОХУ-д айлчлах гэж байгаа гэж дуулдсан. Айлчлалын үеэр хойд хөршөөс хий худалдан авах санал тавиасай. Хий дамжуулах хоолой Эрхүүгээс нааш явж байна. Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд их бядтай мөнгө ярьж байна. Түүнийгээ жул жул юманд зарцуулаад үрэн таран хийчхэв. V цахилгаан станцыг битгий барь гэж хэлье. Улиастайн хөндийн салхи тогтворгүй, хэрвээ уг станц баригдвал Сүхбаатарын талбай тэр чигээрээ саарал юм болно.
Ийнхүү ажлын хэсгийн хуралдаанд оролцогчид саналаа хэлж дууссаны дараа Ерөнхий сайд чиглэл өгөв. Тэрбээр “Утаагүй Улаанбаатар” үндэсний хөтөлбөрийг тун удахгүй Засгийн газрын хуралдаанд оруулж таарна. Ирэх дөрөвдүгээр сард багтаан хөтөлбөрийг УИХ-д өргөн барих учиртай. Эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн хэлсэн саналуудад авах гээхийн ухаанаар хандах ёстой. Хөтөлбөрт тусгагдсан хөрөнгийг улсын төсвийн нуруун дээр ачаалах нь хамгийн хялбар хийгээд биелшгүй ажил болж хувирч болзошгүй учраас өөр санхүүгийн ямар эх үүсвэрийг ашиглавал зохистой вэ гэдгийг маш сайн судлах шаардлагатай байна” гэсэн үүргийг ажлын хэсгийнхэнд өгсөн юм.
Г.Дарь   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж