Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, АТГ-ын дарга Н.Ганболд нарыг 2 дугаар сарын 17-нд хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Өнөөдөр уулзаж буй гол зорилго нь ажил хэрхэн явж байна, ямар саад бэрхшээл, ахиц дэвшил байна гэдгийг асууж ярилцъя гэж бодсон юм.
Улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээсний 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр хууль хяналтын байгууллагын талаар, тэнд ажиллаж буй хүмүүсийн талаар би тодорхой үг хэлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Шударга ёсыг бэхжүүлэх, шүүх эрх мэдлийг шинэчлэх зөвлөмж гараад хоёр жил болж байна.
Мөн жилийн өмнө шударга ёсыг бэхжүүлэх, шүүх эрх мэдлийг шинэчлэхтэй холбоотой үндэсний чуулган хийснийг бүгдээрээ мэдэж байгаа. Манай хууль хяналтын байгууллагынхан, иргэд маш идэвхтэй оролцсон. Гурван өдөр чуулж асуудлаа тодорхойлж аваад ажиллаж байгаа. Ингээд Та бүхний ажлын талаар товч ярилцъя” гэв.
УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зориг: -Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хүрээнд ҮАБЗ-ийн хэлэлцэж сайшаасан хөтөлбөрийн дагуу шүүхийн байгууллага сүүлийн хоёр жилд нэлээд ажлыг зохион байгуулж байна. Ялангуяа шүүхийн байгууллагад хийх шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна гэдэгтэй хэн бүхэн санал нийлж байгаа байх.
Хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажлуудаас зарим зүйлийг тодруулж хэлье. Жил гаруйн өмнө Үндэсний чуулганыг Төрийн ордонд хийж, хүссэн хүн бүхэн нээлттэй оролцон, тэдний санал бодлыг сонссон. Шүүх эрх мэдлийн байгууллагуудад оршиж байгаа дутагдал, ололтуудын талаар ярилцсан. Дээрх чуулганаас нэлээд олон ажлыг зайлшгүй хийх үндсэн чиглэл гаргасан. Бид юуны өмнө сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр нэлээд ажил хийлээ. Мөн шүүхийн байгууллагын үйл ажиллагааг олон түмэнд ил тод байлгах зарчмыг баримталж байна. Одоо манай бүх шүүхийн байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод болж, шүүхийн цахим хуудсуудаас хүссэн хүн бүхэн шүүхийн шийдвэртэй танилцаж, шүүхийн практикийг судлах ажил амжилттай зохион байгуулагдаж байна.
Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, мөн Дээд шүүх хамтран жилийн өмнө сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар хамтарсан тушаал гаргаж олон ажил зохион байгуулсан. Одоо ч орон нутагт хамтарсан үзлэг, шалгалтыг газар дээр нь зохион байгуулж байгаа. Иргэдтэйгээ байнга холбоотой байгаа. Тухайн орон нутгийн ард иргэд, шүүхийн байгууллага ч ингэж ажиллах нь зөв юм байна гэсэн уур амьсгалтай байгаа нь мэдрэгдсэн. Энэ сарын 19 гэхэд хамтарсан хэсгийн ажил хөдөө орон нутагт дуусч, нийслэлд үргэлжлэх юм.
Шүүгч, шүүхийн ажилтнуудын сахилга, хариуцлагын асуудлыг маш их анхаарч байна. Ялангуяа архидан согтуурах, эзэмшсэн мэргэжилдээ хариуцлагагүй хандах зөрчлүүд дээр ихээхэн анхаарал тавьж байгаа. Ийм зөрчил гаргасан хэд хэдэн албан тушаалтанд сахилгын хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх зэрэг арга хэмжээ авсан.
Хамгийн гол нь шүүхийн тухай багц хуулиудын төсөлд саналаа тусгуулах талаар манай шүүхийн байгууллагынхан нэлээд ажиллалаа. Харамсалтай нь хуулийн төслүүд УИХ аар батлагдсангүй түр хойшлогдлоо. Эдгээр хуулийн төсөл батлагдвал шүүхийн байгууллага, түүний бүтэц зохион байгуулалт орвонгоороо өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл шинэ зохион байгуулалтаар ажиллах боломжтой болно. Эртхэн батлагдсан бол бид бэлтгэл ажлаа хэдийнэ хангаж, шинэ хуулийг хэрэгжүүлж эхлэх боломжтой байсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Шүүхийн байгууллагад удаан ажилласан, эсвэл шүүхэд ажиллахдаа алдаа дутагдал гаргасан албан хаагчдын тухай хийсэн судалгаа бий юу? Тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг тохиолдуулж миний хэлсэн үг, үүрэг чиглэлийн дагуу авч байгаа арга хэмжээ байна уу? Ямар нэгэн ахиц байна уу?
УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зориг: -УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг анхааралтай судалсан. Энэ үндсэн дээр шүүхийн байгууллага хэрэгжүүлэх ажлынхаа үндсэн чиглэлийг боловсруулаад хэрэгжүүлж эхлээд байна. Ялангуяа сахилга хариуцлагатай холбоотой, мөн он удаан жил ажиллаж байгаа, ажилдаа ахиц дэвшил гаргадаггүй хүмүүсийн судалгааг гаргасан. Өнөөдрийн байдлаар шүүхийн сахилгын хороонд олон хүний өргөдөл ирчихсэн байгаа. Үүнийг бид шалгаж байгаа. Хэд хэдэн аймгийн Ерөнхий шүүгч, шүүгч нарыг ажлаас нь чөлөөллөө. Ахмад шүүгч, олон жил ажиллачихсан хүмүүсийнхээ ажлын чанарыг судалж үзээд тэдэн дээр анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна.
Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав: -ҮАБЗ-өөс Шударга ёсыг бэхжүүлэх, шүүх эрх мэдлийг шинэчлэх зөвлөмж батлагдсантай холбоотой Прокурорын байгууллагад хийх шинэтгэлийн хөтөлбөрийг таван жилийн хугацаатай төлөвлөж, 2011-2016 онд хийх ажлын хөтөлбөр гарган хэрэгжүүлж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Үүнд удирдлагын шинж чанартай бичиг баримтуудыг шинэчлэх, боловсон хүчинд тавих шаардлагыг сайжруулах, аж ахуй, санхүүгийн зохион байгуулалтын ажлыг сайжруулах, эрх зүйн зарим баримт бичгийг өөрчлөх гэсэн багц ажлууд байгаа. Хамгийн эхлээд боловсон хүчиндээ дүгнэлт хийсэн. Зарим нь нэг газар удаан жил ажилласан хүмүүс байна. Ийм хүмүүсийг Прокурорын хуулийн дагуу сэлгэн ажиллуулах ажлыг зохион байгуулсан. Манай прокурорт нийт 42 нэгж байдаг. Тэр 42 нэгж дээр 93 прокурорыг сэлгэн ажиллуулсан. Тэдгээрээс 25 нь удирдах албан тушаалынх байсан. Боловсон хүчний өөр зарчмын шийдэл гаргасан зүйл бол албан тушаал дэвшүүлэх шалгуургүй, үзэмжээрээ шийддэг байсныг шат шатандаа 3-аас доошгүй жил ажилладаг байх, удирдлагын сургууль дамжаа дүүргэсэн байх гэсэн шалгуур зарчимтай болгосон. Мөн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран томоохон төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ оноос эхлээд туршилтын ажлууд нь эхэлнэ. Энэ төслөөр прокурорын бүх шатны ажил цахим буюу интернэтээр явагддаг, аль ч аймагт байгаа хэргийг, аль ч шатанд явж буй хэргийг УЕП болоод бусад прокурорууд шууд татаж танилцаад хяналт тавих, зохих чиглэл өгөх зэргээр ажиллах боломжтой болж байгаа. Ийнхүү мэдээллийг хурдтайгаар дамжуулах, улмаар хүнд суртлыг арилгах чиглэлээр ХБНГУ-тай хамтарсан энэ ажил бол нилээд идэвхтэй явж байгаа. Мөн прокурорын ажилтнууд дор дороо ажил хийгээд байдаг. Нэг нэгнийхээ арга туршлагаас судлах, суралцах, хууль хэрэглэх практик дээр хоорондоо мэдээлэл солилцдоггүй, мэргэжлийн хүрээгээ тэлдэггүй байсан. Ийм учраас тушаал шийдвэр гаргаж сард гурваас доошгүй удаа хоорондоо мэргэжлийн болоод, тодорхой хэргүүд дээр ярилцах зэрэг ажлыг жигдрүүлж залуу прокуроруудыг дадлагажуулах ажлыг эхлүүлсэн. Ийнхүү боловсон хүчнийг чадваржуулах тал дээр анхаарч ажиллаж байгаагийн нэг жишээ нь Германы хамтын ажиллагааны энэ байгууллага болон Францын ЭСЯ-тай хамтраад 50 орчим залуу прокурорыг Германд суралцуулж мэргэжлийн хичээлд хамруулах гэж байгаа.
УЕП-ын 01 тоот албан даалгавар гаргасан. Энэ албан даалгавар бол прокурорууд архи уусан тухай, ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа тухай иргэдээс болон хамтран ажилладаг хуулийн байгууллагуудаас ирдэг байсан гомдлыг арилгах үүднээс, ажлын үр нөлөө зорилгыг сайжруулах зорилгоор гаргасан. Дотоод болоод захиргааны шинж чанартай зөрчлүүдийг арилгах энэхүү албан даалгавар нь удирдамжийн баримт бичиг болсон. Жил гаруйн хугацаанд ажлын хариуцлага алдсан, архи уусан, ёс зүйн зөрчил гарсан 15 прокурор ажилд тэнцэхгүй үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Прокурорын сэлгээний тухай ярьж байна. Нийт хэдэн аймагт сэлгэгдсэн юм бэ? Сэлгээ хийхэд барьж байгаа гол шалгуур нь юу вэ?
Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав: -Гол шалгуур бол бид 42 нэгжийнхээ 25-д нь удирдлагын сэлгэлт хийсэн. Нэгдүгээрт нэг газраа олон жил ажилласан хүмүүсийг сэлгэж ажиллуулах шаардлага гарсан. Хоёрдугаарт ажил нь ахиц байхгүй, гомдол их байгаа, очоод шалгаад үзэхлээр зөрчил дутагдалтай, шаардлага хангахгүй байгаа хүмүүсийг, гуравдугаарт өөрийнх нь хүсэлтийг харгалзан сэлгээ хийж байгаа. Хуулийн байгууллагуудын дунд нэг бэрхшээл байдаг. Жишээ нь нэг хэргийг шийдэхийн тулд мөрдөн байцаагч, прокурор, шүүгч хамтран шийдэл гаргадаг. Нэг нэг рүүгээ бурууг чихэх хандлага байдаг. Ийм учраас тийм байдал гаргуулахгүй тулд гурван газрын хамтарсан тушаал гаргасан. Энэ бол шат шатандаа хариуцлага хүлээж байх, дотоод хариуцлагыг өндөржүүлэхэд ач холбогдолтой юм. Мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүхийн байгууллагууд үүнд орж байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/ ч багтаж байгаа. Дээрх шийдвэр гараад нэг жил болж байгаа. Бид хамтраад бүх аймагт ажиллаж байгаа. Хариуцлагагүй хүмүүс нэг нэгэндээ хариуцлагаа тохох байдал гардаг учраас мэргэжлийн байгууллагууд хамтарч энэ шийдвэрийг гаргасан нь их үр дүнтэй ажил болж байгаа.
Хэрэг шалгах стандарт заавар журмыг баталж прокурор болон мөрдөн байцаах байгууллагуудад мөрдүүлж эхлээд байгаа. Бас ял эдлүүлж байгаа байгууллагад прокурорын тавих хяналт, хэрхэн хянах тухай асуудал тодорхойгүй байсан. Энэ утгаараа ял эдлүүлэх үйл ажиллагаанд тавьж байгаа прокурорын хяналт янз янз байсан. Үүнд бид нэгдсэн аргачилсан заавар баталж мөрдүүлж эхлүүлсэн. Энэ сэдвээр прокурорын байгууллага, ШШГЕГ-аас хамтарсан зөвлөлгөөн хийж хамтран ажиллах ажлын шийдвэрүүд гарсан байгаа. Цаашид бид мөрдөн байцгаагч, хяналтын прокурорын гарын авлага болох томоохон аргачилсан заавар боловсруулж байгаа. Энэ нь эрүүгийн хуулийн зүйл анги бүрээр нь нарийвчилсан гарын авлага болох юм.
ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир: -Би гурван зүйл товч танилцуулъя.
Нэгдүгээрт. Улс орны хэмжээнд эрүүгийн нөхцөл байдал таатай биш байгаа. 19 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн. 130 мянган аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн гомдлыг хүлээн авч шалгасан. Өмнөх оныхтой харьцуулахад гэмт хэргийн тоо 3.2 хувиар буурсан. Гэмт хэргийн илрүүлэлт 1.6 хувиар ахисан. Хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа 8.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хөдөө орон нутагт мал хулгайлах гэмт хэрэг их байгаа. Төв суурин газар орон байрны хулгайн гэмт хэрэг их байна. Гарч байгаа нийт гэмт хэргийн 50 гаруй хувь нь нийслэл Улаанбаатарт үйлдэгдсэн байдаг. Мөн гэмт хэргийн голлох шалтгаан нөхцөл нь архидан согтуурах, ажилгүйдлээс үүдсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Архигүй монголын төлөө” уриалгыг улс орны хэмжээнд ихээхэн талархан хүлээн авсны үр дүнд нэг үеэ бодвол архидалт буурч байна. Энэ чиглэлээр иргэд, олон нийт, аж ахуй нэгж байгууллагын хувьд ч дэмжлэг өргөжиж байна. Гэсэн ч архидалтыг улам бууруулах шаардлага гарсаар байна. Гарч байгаа нийт гэмт хэргийн 25 орчим хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.
Хоёрдугаарт. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллага, хууль хяналтын байгууллагатайгаа хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цагдаагийн байгууллагын эрх зүйг шинэчлэх санаачилга гарч УИХ-д Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн баригдсан байгаа. Цаашдаа цагдаагийн байгууллага энэ хүрээнд үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгох, ажлын үр дүнг ахиулах, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх зэрэг олон төрлийн ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа.
Саяхан хууль хяналтын байгууллагууд орон нутагт хамтарсан зөвлөлгөөн, тусламж үзүүлэх ажиллагаа зохион байгуулсан. Цагдаагийн байгууллага нийслэлийн болон хөдөө орон нутгийн хууль хяналтынхантай хамтраад 7 бүсэд үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ нь шинэтгэлийн үйл ажиллагааг сурталчлах, хэрэгжилтийн байдалд хяналт тавих нэлээн дорвитой үр дүнтэй ажил болж байгаа. Энэ долоо хоногтоо багтаагаад ажлын хэсгүүд ажлаа дуусгах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр цагдаагийн байгууллагын, тэр дундаа цагдаагийн хурандаа цолтон, удирдах ажилтны талаар хөндсөн асуудал, үүрэг чиглэлүүдийг анхааралтай судалж ажиллаж байна. Орон нутагт зохион байгуулсан хүчний байгууллагуудын хамтарсан шалгалт арга хэмжээний үеэр цагдаагийн байгууллагын тасаг хэлтэс, газрын дарга нар болон хурандаа цолтой албан хаагчдаас өөрсдөөс нь судалгаа авсан. Өөрөөр нь бөглүүлж, бичүүлж авсан. Өөрөө энэ чиглэлээр ямар дүгнэлт хийдэг юм, ямар үнэлэмжтэй, саналтай хандаж байна гэдгийг нарийвчлан судалж байгаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Судалгаанд хэдэн хүн хамрагдсан бэ?
ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир: -Нийтдээ 300-гаад удирдах ажилтан буюу тасаг, газрын дарга нар, хурандаа цолтнууд хамрагдсан. Цагдаагийн байгууллагад хурандаа цолтон 104 байна. Түүнээс саяын ажиллагааны өмнө цагдаагийн гурван хурандаа өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ямар нэг хуульд өөрчлөлт оруулах санал байна уу? Шаардлагатай бол УИХ–аас хууль гаргаж болно. Тодорхой хүмүүс өөрсдөө хүсэлт гаргаад чөлөөлөгдөж байна. Гэтэл үнэхээр олны нүдэн дээр шударга бус загнадаг, хууль завхруулдаг, хууль бусаар хөрөнгөжсөн тийм этгээдүүд “суугаад байдаг”. Тэр хүмүүсийн асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх учиртай.
ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир: -Одоогийн хуулиудыг өөрчлөх талаар тодорхой санал миний хувьд алга. Одоо мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хууль зэрэг хууль тогтоомж, бусад хуулиудынхаа хүрээнд лавшруулаад, сайн судалгаа, сайн үнэлгээ, шударга үнэлгээг бий болгоод ажиллах хэрэгтэй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Танай судалгааг харахад өмч хөрөнгө, жилийн орлого, хамаатан садан гээд нэлээн тодорхой асуулга явж байгаа юм байна.
ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир: -Авлигатай тэмцэх газар бүх албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг очсон байгаа. Бид албаныхаа хэмжээнд дотоод дэг журмаараа ер нь албан хаагч удирдах албан хаагч хурандаа цолтон үүргээ хэрхэн биелүүлж байна гэдэг дээр нарийвчилсан үнэлэлт дүгнэлт өгч байгаа.
АТГ-ын дарга Н.Ганболд: Хоёрдугаар сарын 15-ны байдлаар төрийн өндөр албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг үндсэндээ 100 хувь бүрдлээ. Нийт 58.170 төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстой. Одоогоор 99,7 хувьтай байна.
Мөн нийслэлийн прокурорын газартай хамтарч зөвлөлгөөн хийсэн. Улсын Ерөнхий прокурорын газраас хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад тавих заавар шинэчлэгдсэнтэй холбогдуулж ажил хэргийн зөвлөлгөөн хийсэн. Манай байгууллагын хэмжээнд хэрэг бүртгэлийн явцад цаг хугацаа алдсан удаашралтай байгаа хэргүүд дээр идэвхтэй ажиллаж байна.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр иргэдийг сургалтад хамруулах, боловсролын байгууллагын чиглэлээр багш нарыг сургалтад хамруулах хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулаад байна. Цаашид байгууллагынхаа үйл ажиллагааг ил тод болгох зорилгоор 14 хоногт нэг удаа хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзаж үйл ажиллагаагаа таниулах зорилт тавин ажиллаж байна.
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль УИХ-аар батлагдан долдугаар сард дагаж мөрдөгдөхтэй холбогдуулан холбогдох хэд хэдэн журам, заавар, гарын авлага боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Танай орон тооны асуудлыг УИХ баталж өгдөг. Тэр өргөн баригдсан уу?
АТГ-ын дарга Н.Ганболд: хараахан өргөн баригдаагүй байгаа. Энэ асуудлыг хаврын чуулганаар оруулахаас өөр аргагүй болж байх шиг байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: АТГ-ыг ажиллах нөхцөлөөр нь хангаж өгөх ёстой. Тэр тогтоолыг хурдан батлах ёстой. Та бүхэнд шинэ мэдээлэл өгье. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуульд би өнөөдөр хэсэгчлэн хориг тавьсан. Хоригийн гол агуулга нь хуульд иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой.
УИХ тус хуулийг 7 дугаар сарын 15-наас мөрдөгдөхөөр баталсан. Миний үзэж буйгаар 5 дугаар сарын 1-нээс эхэлж дагаж мөрдөх ёстой юм. Удахгүй сонгууль болно. Төр засгийн байгууллагууд шинээр эмхлэгдэнэ. Түүнд очих хүмүүст энэ хууль хамаатай байх ёстой. Тэгэхээр АТГ-аас гаргах гэж байгаа журмуудаа яаравчлах хэрэгтэй. Хуулийн өөр заалтад хориг тавиагүй, зөвхөн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хугацаан дээр хориг тавьсан. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, бусад албадуудын зүгээс гаргаж байгаа журмуудаа яаравчлаад 5 дугаар сарын 1 гэхэд энэ ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг хүчин төгөлдөр үйлчлэхэд УИХ бэлдэх ёстой.
АТГ-ын дарга Н.Ганболд: -Манай байгууллагын чиг үүрэг нэмэгдээд нэлээн ачаалалтай болох төлөвтэй байна. Бид тооцоо хийж үзлээ. Аливаа нэгэн албан тушаалд хэн нэгнийг томилохоос өмнө тухайн хүнд сонирхлын зөрчил бий эсэхийг тодруулахаар манай байгууллагад хүсэлт гаргаж байхаар болсон. АТГ арав хоногийн дотор уг асуудлыг тогтоож өгөх ёстой. Холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
Хүн хүч, боловсон хүчний асуудал үүсч байна. Судалгаа хийж үзсэн. Төрийн өндөр албанд сонгогдох, томилогдох албан тушаалтанд сонирхлын зөрчил бий эсэх талаар тодорхойлолт гаргах хүрээнд банк санхүү, бүртгэл тооцоо гэх мэт холбогдох байгууллагуудаас мэдээлэл авна. Манай байгууллага байгуулагдаад таван жил болж байна. Тавьж буй шаардлага ч өөрчлөгдөж, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, яам, агентлаг удирдах дээд албаны хүмүүс томилогдоход заавал лавлагаа авах заалттай болсон. Иймд манайх тэр мэдээллүүдийг үнэн зөвөөр нь өгөх ёстой. Энэ ажлыг хийх боловсон хүчин олон талын чадвартай байх учиртай. Биднээс хамаарах асуудал бага. Харин банк санхүү, татвар, улсын бүртгэл, хил гааль, цагдаагийн байгууллагаас бүхий л хүрээний мэдээлэл шаардагдана
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Энэ нэгжийг хурдан байгуулж хэрэгжих нөхцөлөөр хангаж ажиллах шаардлага үнэхээр хэрэгтэй байгаа. Өмнө нь цагдаагийн байгууллагаас ял шийтгэлтэй эсэхээр лавлагаа авдаг байсан. Одоо ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлно гэдэг өргөн хүрээний онцгой асуудал юм.
АТГ-ын дарга Н.Ганболд: -Дараагийн асуудал бол Монгол Улсын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2010 онд үйлчилж дууссан. Энэ хөтөлбөрийг одоогийн цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх хэрэгтэй байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Энэ хөтөлбөрийг бүр их өргөжүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Үүнд Авлигалтай тэмцэх хуулийг хэрэгжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх өргөн хүрээгээр хармаар байгаа юм. Манайд Авлигатай тэмцэх хуулийг хэрэгжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хариуцлага тооцох ажил үнэхээр төрд хийгдэхгүй байна. Бид механизмыг нь зөв гаргаж өгөх хэрэгтэй. Хэнийг яаж томилох вэ, сонгох вэ гэдгээ хуульдаа бичдэг. Харин яаж өөрчлөх вэ, хариуцлага яаж тооцох вэ гэдэг нь хуульд байдаггүй. Тэрнээс хэргээр тойрдог. Бүр байсан хариуцлагыг нь мөлийлгөдөг болсон. Дээр нь миний харж байгаагаар Авлигатай тэмцэх тухай болон Эрүүгийн хуульд өөрчлөлт орох ёстой. 2005 онд НҮБ-ын авлигын эсрэг конвенцэд бид элссэн. Их Хурлыг гуйгаад 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Иймд үүнийг эрчимжүүлэх хэрэгтэй байна.
Шүүгчийг насаар нь томилох нь шүүгчийн том баталгаа. Бүтэн өдөржин хурал удирдаад суухад нас нь ажлынх нь бүтээмжид нөлөөлж эхэлсэн. Дээр нь нэг хүнд шийдэгдэх хэргийн тоо олон, өндөр ачаалалтай байгаа. Өндөр ачааллын доороос гарч чаддагүй байдал их ажиглагддаг. Ер нь манай шүүгчдийн дотроос бие нь мууддаг, өндөр ачааллаар ажиллаж байгаад эрүүл мэндээрээ хохирдог тохиолдол асар их байгаа. Иймд тэр улсууд ч бас эрүүл мэндээ бодох ёстой. Үнэхээр эрүүл мэндийн шалтгаанаас болоод цаашаа ажиллаж чадахгүй болвол тэр хүмүүс зохих журмын дагуу тэтгэвэртээ, гавъяаныхаа амралтад гардаг. Төр зохих урамшууллыг олгодог байх хэрэгтэй. Одоогоор шүүгчдээс дээрх байдлаар гарах хүмүүсийн тоо хэд байгаа талаар судалгаа хийсэн үү?
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг: Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгтэй холбогдуулж шүүгчдийн дунд судалгаа явуулсан. Ажлын ачаалал, ажилласан жил, биеийн эрүүл мэндийн байдал, ажиллаж байгаа хэргийн тоотой холбогдуулан судалгаа гаргасан. Одоогоор 5 шүүгч долдугаар сард тэтгэвэртээ гармаар байна гэж хүсэлтээ ирүүлсэн байна. Хөдөлмөрийн хуулийн дагуу 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг аваад гарна. Одоогоор ажиллаж байгаа нийт шүүгчийн хүйсийн харьцаа 70 хувь нь эмэгтэй, 30 хувь нь эрэгтэй байна. Ажил үүргээ гүйцэтгэж яваад биеийн эрүүл мэнд нь муудах байдал их гардаг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Шүүх дээр хамгийн их сэлгээ хийгдэж байгаа. Би өөрөө тэрнийг сайн мэдэж байгаа. Сард таваас арван шүүгч өөрчлөгдөж сэлгэгдэж байгаа. Түүний нэгээс гурав нь шинээр шүүгчээр томилогдож байна. Цаашдаа ажлын шаардлага хангасан, хүсэлтээ гаргасан сайн шүүгчдийг чөлөөлөх томилоход боломжтой. Дээрээс нь хамгийн гол нь сахилга хариуцлагаас илүүтэй миний харж байгаагаар хуулийн дагуу асуудлыг шийдэж байгаа. Шударга ажиллаж чаддаг, гаргаж буй шийдвэрүүд нь нийтэд нээлттэй байгаа учраас нийтээс ирж буй санал шүүмжлэлүүдийг сайн авч үзэж байх хэрэгтэй. Энэ шүүгч буруу талд нь шийдээд байна. Хөрөнгөтэй мөнгөтэй, албан тушаалтай хэсгийн талд шийдээд байна гэсэн гомдлуудыг тэр сахилгын хороо зөрчил шийддэг газруудаар оруулж шийдүүлж байвал зүгээр байна.
Хууль хяналтын байгууллагуудаас авч байгаа мэдээллүүд дотор хууль бусаар хөрөнгөжсөн, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа хүмүүсээс бид ер нь яаж салах юм бэ гэдэг талаар тодорхой ажлууд хийж байна. Хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл ирүүлэхийг хүссэн. Ирүүлсэн мэдээллээс харахад шүүхийн байгууллага илүүтэй сайн ажиллаж байна. 100 жилийн ойгоор миний хэлсэн үг, санаа бүрийн ард хариуцах эзэн тавиад хийж хэрэгжүүлэх ажлынхаа дарааллыг тогтож, он сараар төлөвлөгөө гаргаад явж байна. Энэ бол сайн байна. Дээрээс нь төрийн албан хаагчийн хувьд, шүүгчийн хувьд жагсаалт гаргаад явж байна. Саяхан намайг Говьсүмбэр аймагт ажлаар явж байхад аймгийн шүүхийнхээ мэдээллийн самбарт тэдгээрийгээ байрлуулсан, нийтэд ил тавьсан байна. Үүнийгээ бид харж ажиллаж байна гэсэн. Иймэрхүү сайн зүйлүүд ажиглагдаж байна.
Прокурор дотооддоо их бага өөрчлөлт хийж байгаа. Тэнд байгаа ерөнхий прокурорын байр суурь, хуулийг хэрэгжүүлэхээр авч байгаа арга хэмжээнээс харахад нилээн анхаарагддаг. Одооноос сэлгээ өөрчлөлтүүд хийгдэж эхэлж байна. Түүний үр дүн маш чухал. Шат шатандаа шийдвэрээ хариуцдаг болсон. Хариуцлага хүлээдэг болсон гэж үзэж байгаа. Нэг газар яллах дүгнэлт уншчихаад тэр нь өөрчлөгдөөд явдаг биш тэр шатандаа адаатай буруу дүгнэлт гарсан бол тэр шатандаа хариуцлага асуудлууд нь шийдэгдэж байх учиртай. Ер нь аливаа тохиолдолд прокурор, хууль хяналт, цагдаагийн байгууллагын ажилтан хэл аманд орсон бол заавал шалгадаг байх хэрэгтэй. Хэл аманд орсон, сонин хэвлэлд мэдээлэгдсэн асуудлуудыг хариуцсан дарга нь наад зах нь дуудаад өөрөөс нь тайлбар авах хэрэгтэй. Чиний талаар гарсан мэдээллүүд ийм ийм байна гээд лавлаад үнэн бол хариуцлага тооцох, худал бол залруулж ажиллах боломжийг нь хангаж байх хэрэгтэй.
Зуун жилийн ойг тохиолдуулж миний хэлсэн үгэнд шударга бус хүмүүсээс салах тухай л ойлголт бий шүү дээ. Түүнээс биш бүх нийтийн асуудал биш шүү гэдгийг тодруулж хэлье. Ер нь байгаа байдлыг хараад байхад салбар салбарт гарын 10 хуруунд багтах хэмжээний удсан, бусдаас тасарсан, муу байсан хүмүүсийн асуудал. Түүнээс биш нийт шүүгч, цагдаа, прокурорын тухай асуудал биш. Авлигатай тэмцэх газар бол харьцангуй сүүлд байгуулагдсан учир арай гайгүй байгаа байх. Гэхдээ шинэ газар гэлтгүй эхнээсээ цэвэр авч явах ёстой гэсэн бодол байна .
Сандаг-Очир генерал бол Засгийн газрын агентлагийн дарга, гэхдээ төрийн генерал хүн шүү гэдгээр харж төрөөс үүргээ, бас цолоо авч ард түмний өмнө үүргээ биелүүлж байгаа гэдгээр асуудлуудад зарчимч хандах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагууд дээр шийдвэр гаргах түвшний хүмүүсээс авсан санал асуулгыг харсан. Үүнд гол хяналт тавих хүн бол АТГ-ын дарга Н.Ганболд. Шүүх , прокурор, цагдаа, хууль хүчний байгууллагуудын хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт тавьж онцгой анхаарах хэрэгтэй.
Цаашдаа төрд ажиллах хэцүү болох юм байна гэсэн мэдээлэл нийтэд төрөх ёстой. Төрж ч байгаа. Цаашид авлига аваад төрийн албанд ажиллах маш хэцүү болно. Хууль улам чанга, нарийн болно. Ямар нэгэн хэрэг өдүүлсэн байх юм бол түүний хойноос цаг хугацаа харгалзахгүй явж байх учиртай. Хэрэг хуучирдаггүй гэсэн эртний үг бий. Энэ бол зөв зарчим гэж бодож байна.
Сая Их Хурал завсарлалаа. Ер нь миний тэвчээр барагдаж байгаа шүү. Их Хуралд шүүхийн шинэчлэлийн талаар 6 хуулийн төсөл оруулсан. Хэлэлцэлгүй 3 жил болж байна. Их Хурлын дарга, Ерөнхий сайд, намын дарга нар, Их Хурлын намын бүлэг, бүлгийн дарга нар, гишүүдтэй уулзаад энэ талаараа их ярьж байгаа. Анхны хэлэлцүүлгээр 3 хуулийн төсөл хэлэлцсэн. Энэ хуулиудын төсөл батлагдсаны дараагаар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хууль, Авлигалтай тэмцэх хуульд том өөрчлөлтүүд орно. Сая Ерөнхий шүүгчийн хэлж буйгаар энэ хуулиудын төсөл батлагдвал шүүхийн салбарт маш том шинэчлэл өөрчлөлт явагдана. Ийм өөрчлөлтүүдийг хийхээр юм чангарах юм байна гэсэн болгоомжилсон, айсан хүмүүс төр засгийн эрх мэдэл дээр байгаа. Энэ эрхийг атгаж байгаа нөхдүүд шалтаг заагаад хойшлуулаад байгаа. Би Их Хурлын гишүүдэд байнга хэлж байгаа. Та нар энэ хуулиудын төслийг хэрвээ батлахгүй бол ямар нүүрээрээ иргэд сонгогчид дээрээ очих вэ? Дахин сонгогдох, нийгэмд шударга ёс тогтооно, шударга бус байдлыг хална гэж ярих эрх ч байхгүй. Ийм нүүр ч байхгүй. Мөн дахин дэвших эрх ч байхгүй. Би энэ шүүх, шударга ёсны төлөө үүргээ хийж хэрэгжүүлэхгүй байна, юун дахин сонгогдох нэр дэвших, ингэх эрхгүй хүн гээд шууд ард түмэнд нэрлэн хэлнэ гэж шахаж байгаа.
Одоо цагаан сар болох гэж байна. Үүний өмнө уулзана. Цагаан сараас өмнө муу, муухай бүхнийгээ иргэд, айл, байгууллага бүхэн цэвэрлэж дуусган шинээр бүхнийг эхэлдэг. Монголд байгаа хамгийн муу муухай бүхэн авлига, шударга бус байдал. Тиймээс цэвэрлэх ажлын хүрээнд энэ шударга ёс, хуулийн шинэчлэлийн талаар ажил хариуцаж байгаа хүмүүс нэгдмэл ойлголттой байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгч уулзаад үг хэлнэ гэдэг нь хуучнаар ойлгох юм бол төрийн бодлого, төр ямар бодлогоор ажиллаж байгааг л хэлж буй хэлбэр гэсэн үг. Хувь хүнээр нь бус хашиж буй албан тушаал, ноогдож буй үүрэг хариуцлагаар нь л харах хэрэгтэй. Үүрэг өгөгдлөө. Энэ бол надаас авахуулаад анхан шатны байгууллага, бүх хүнд хүрч ажиллах юм байна гэж харах хэрэгтэй.
Нэг сайшаалтай зүйл ажиглагдаж байна. Хуучин шүүгч, прокурор гэхээр хүн айдаг байсан. Одоо нь шүүх, прокурорын байгууллагуудын удирдлагууд орон нутгуудаар явж ажил шалгаж, ард иргэдтэй уулзаж тэдний санаа бодлыг асууж байгаа байдал, гаргасан хууль шийдвэрүүдийг танилцуулж эргэх холбоотой ажиллаж байгааг сайн байна гэж харж байна. Тэр ажил шалгаж зааварладаг ажил бол хуучин зүйл биш. Шинэ тогтолцоонд ч байнга хийгддэг байх учиртай.
Ардчилал бол задгайрахын нэр биш гэж дээр үеэс хойш ярьдаг байсан. Энэ бол хариуцлага улам чангарахын нэр гэж ойлгох ёстой. Ингээд энэ 4 дарга нартай уулзаж ярилцахаар төлөвлөж байсан юм. Цаашдаа ажилдаа анхаарч сайн ажиллаарай. Хууль, шударга ёсыг бэхжүүлэхэд шаардлагатай хуулийн сайн санаа байвал өгөөрэй. Мөн авлигалтай холбогдсон ажилчид, албан хаагчдаас салахад бэрхшээлтэй байгаа. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулсан ч болно. Ийм санаа оноогоо өгөөрэй. Би дэмжиж хууль санаачилдаг нэг субьектийн хувьд та бүхний энэ чиглэлд явуулж буй сайн ажлуудыг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа хэлье.
Холбоотой мэдээ