Гандболын олон улсын сургалт болно

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Гандболын олон улсын сургалт болно

Монголын гандболын холбооноос Олон улсын гандболын холбоо болон Монголын үндэсний олимпийн хороотой хамтран ирэх гуравдугаар сарын 5-9-нд Улаанбаатар хотноо олон улсын гандболын багш, дасгалжуулагч нарын сургалт, семинарыг зохион байгуулахаар болжээ. Сургалтыг Европын гандболын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, арга зүйн комиссын дарга, ОУГХ-ны сургалт, дасгалжуулалтын комиссын гишүүн, олимпийн шүүгч, доктор Франтисек Таборски /Чех улсын иргэн/ удирдан явуулах юм. Сургалт, семинарын онолын хичээлүүд МҮОХ, Спортын төв ордонд болох бол дадлага, биеэ даах сургалтууд МУБИС-ийн БТСургууль, нийслэлийн 1 ба 52 дугаар ЕБС-ийн зааланд болох юм байна.

Сургалтын явцад олимпийн спортын үндсэн төрөл болсон гандболын спортын олон улсын холбоодын мэдээлэл, үйл ажиллагаа, шинэ дүрмийн өөрчлөлт, мини болон элсний гандболын дүрэм, сургалт, дасгалжуулалтын арга зүй, тоглолтын тактик, техникийн бэлтгэл, шүүлтийн асуудал, тусгай дасгалууд, хаалгачийг бэлтгэх, хүүхэд, тамирчдын секц дугуйланг удирдах, бэлтгэл болон тэмцээний үеэр дадлага хичээлийг оюутан, сурагчдын дунд явуулах ажээ.

Энэхүү сургалт, семинарт хот, хөдөөгийн 40 орчим багш, дасгалжуулагч, шүүгч, тамирчин, ажилтан нар оролцох бөгөөд амжилттай суралцаж, шалгалтад тэнцсэн хүмүүст ОУГХолбоо, МҮОХороо, МГХ-ны олон улсын сертификат олгох юм байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж