”Нийслэлийг Зуунмодтой нийлүүлэх боломж бий”

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

”Нийслэлийг Зуунмодтой нийлүүлэх боломж бий”

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдтой уулзаж нийслэл хотод тулгамдаж байгаа асуудлын тухай ярилцлаа.


-Үүрэгт ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Таны хариуц­сан салбарт өмнөхөөсөө ямар дэвшил гарсан гэж боддог вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөл хөтөлбөрүүд урьд нь байгаагүй өргөн хэмжээнд хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, 30 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосноороо ажлын байрыг хадгалах, шинээр ажлын байр бий болгох, улсын төсөвт татвар төлөх тэнхээтэй аж ахуй нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх, Монголд үйлдвэрлэх боломжгүй бүтээгдэхүүнийг дотоод­доо үйлдвэрлэх компаниудын тоо ч нэмэгдсэн. Зарчмын хувьд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж сүүлийн арав гаруй жилийн турш ярьсан, тодорхой хэмжээний ахиц ч гарсан. Гэхдээ зарцуулж байгаа мөнгөний хэмжээ анх удаа 20, 30 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа нь энэ ажлын далайцыг эрс нэмэгдүүлж, нэг аж ахуйн нэгжид олгодог зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг нь дорвитой ажил болсон гэж хэлж болно.

-Хотын иргэдийн амьжиргааг дээш­лүүлэхэд жижиг, дунд үйлд­вэр томоохон үүрэг гүйцэт­гэнэ. Хүссэн хүн хүрч ирээд төслөө танил­цуулбал хаалга нээлттэй юу?

-Нээлттэй. Гагцхүү иргэдийн хандлагыг өөрчлөх шаардлагатай. Юу ч хийгээгүй, ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй мөртлөө Улаанбаатарын талыг бараагаар хангана гэсэн дааж, давшгүй төсөл бариад ороод ирдэг, барьцаа хөрөнгө байхгүй, хийсэн төсөл нь наад захын шаардлага хангахгүй орж ирдэг. Тэгээд тэнцээгүй хүмүүс нь зээл олгохгүй байна, ар өврийн хаалга харлаа гээд явдаг. Ийм байдлаар асуудалд хандах юм бол бүтэхгүй. Бүх зүйл нь шаардлага хангасан, юм хийе гэсэн хүмүүс нь түрүүчээсээ зээлээ аваад, үйлдвэрлэлээ эрхэлж л байгаа шүү дээ.

-Таны хариуцдаг нэг салбар нь экологи. Асуудалтай зүйлс олон бий байх. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Улаанбаатар хотын хувьд хамгийн их санаа зовоож байгаа асуудал нь агаарын бохирдол. Нүдэнд харагдаж байгаа нь энэ ч утаанаас дутахгүй олон асуудал бий. Ус, хөрсний бохирдлыг хүмүүс тэр бүр олж хардаггүй учраас улстөрчид одоохондоо энэ асуудлыг өлгөж аваагүй байна. Эдгээр асуудал хүний эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд хүрчихсэн байгаа. Гэхдээ энэ асуудлууд нэг, хоёрхон жилийн дотор хуримтлагдчихсан юм биш. Нийслэл хүрээ гэж нэр авсанаас нь хойш тоолох юм бол 100 жилийн турш бохироо хөрсөндөө л шингээж байгаа шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотын хөрс, гүний усны бохирдол ямар ч соёлтой газар байхааргүй хэмжээнд хүрчихээд байгаа. Харьцангуй хуурай уур амьсгалтай газар учраас илрэх, мэдрэгдэх нь харьцангуй удаан байгаа тулдаа л бид тэсч байна. Тоосжилт бас санаа зовоосон асуудлын нэг. Ялангуяа өвлийн улиралд халаалтаас шалтгаалаад нүүрсний тоос онцгой ихээр нэмэгддэг. Нүүрсийг зөвхөн өчигдөр түлээд эхэлсэн юм биш. Сүүлийн 15 жилийн хугацаанд ямар ч хяналтгүйгээр 400-500 мянгаад хүн Улаанбаатар хотод ирж суурьшиж байна. Жилд ирж суурьшиж байгаа айлуудын тоо 10 мянгаар тоологддог. Бид ямар ч арга хэмжээ авсан шинээр ирж байгаа айлуудын тоог бууруулж чадахгүй байна. 2011 онд анх удаа утаанд зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдлээ. Үүнээс өмнө жилд нэг, хоёр тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Нийслэл гэх энэ том айлд энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй шүү дээ. 200 мянган айл, 2000 гаруй нам даралтын зуух, 200-300 мянган автомашинаас ялгарч байгаа утааг бодоод үзвэл энэ мөнгө бол юу ч болохгүй. 2011 онд олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, Монгол Улсын “Цэвэр агаар сан”, Нийслэлийн хөрөнгө, зарим нэг яам, сайд нарын багц гээд нэлээд өргөн, цогц арга хэмжээг анх удаа авсан. Нийтдээ мөнгөн дүнг нь бодоод үзэх юм бол 30 гаруй тэрбум болж, өмнөх жилүүдээс 10-15 дахин нэмэгдсэн гэж ойлгож болно. Хойтон жил бас иймэрхүү хэмжээний мөнгийг зарцуулахаар төлөвлөөд байгаа. Хэрвээ яг ийм мөнгөн дүнгээр, иймэрхүү далайцтай байдлаар утааны асуудалд 3-4 жил хандах юм бол агаарын бохирдол жил болгон 25-30 хувиар буурах болно. Гэхдээ өнгөрсөн жил машины яндангаас ялгарч байгаа утаатай тэмцэх талаар ямар нэгэн ажил хэрэгжүүлээгүй. Тиймээс зөвхөн гэр хорооллоос ялгарч байгаа утаан дээр л арга хэмжээ авсан гэж ойлгож болно. Галлагааны улирал тавдугаар сарын сүүлээр дуусна. Дуусмагц нь агаарын бохирдлын хэмжээ хэдийд хэр байна, хэрхэн буурав гэсэн судалгааны нэгдсэн дүн гарах юм.

-Дараа жилийн хувьд түүхий нүүрс түлүүлэхгүй байх хязгаар­лалтын бүс тэлэх болов уу?

-Тэгнэ. Энэ өвлийн тухайд зуухнаас гадна, 110 гаруй мянган тонн утаагүй түлшийг Баянгол дүүргийн нэлээд хэсэгт түгээсэн. Ингэснээр утаагүй түлш ихээр түлдэг болсон. Өөрөөр хэлбэл, дахин 100 мянган айл түүхий нүүрснийхээ оронд утаа ялгаруулдаггүй түлшийг хэрэглэж байгаа гэж ойлгож болно. Ирэх жилийн тухайд хувийн болон улсын хэд, хэдэн түлшний үйлдвэр ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Бид нарын тооцоолж байсны дагуу зарим үйлдвэрүүд техник болон тухайн компанийн үйл ажиллагаанаас болоод ашиглалтанд орсонгүй. Ирэх өвөл Улаанбаатар хотод тараах утаагүй түлшний хэмжээг одоогийнхоос 3-4 дахин нэмэгдүүлнэ. Цаашлаад 2013-2014 онд Улаанбаатар руу түүхий нүүрс 100 хувь оруулахгүй байх бодлого баримтлан ажиллаж байна. Хэрвээ энэ эрчээрээ явах юм бол ажил хэрэг болох боломжтой.

-Дулааны хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэсэн коксжсон шахмал түлшний үйлдвэр энэ жил ашиглалтанд орох бай­сан чадаагүй. Дараа жил ашиглалтад орох уу, үйлд­вэрийн ажил хэдэн хувьтай явж байгаа вэ?

-Бид бүхэн оруулахын төлөө л ажиллаж байна. Энэ үйлдвэрийн менежмент, зохион байгуулалт нь Эрдэс, баялаг, эрчим хүчний яаманд байдаг. Дараа жил хотод түлш нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа учраас Нийслэлийн зүгээс шамдуулаад, бололцоотой дэмжлэгийг нь үзүүлээд явж байна. Янз бүрийн технологийн шаардлагууд байдаг л юм гэсэн эрхбиш ирэх жил ажилд орох л байлгүй дээ.

-Улаанбаатар хотын хөрсний бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 30 дахин их байна гэсэн судалгаа гарсан байна. Саяхан үндэсний хэмжээний хэлэлцүүлэг ч боллоо. Хөрсний бохирдлын талаарх ажил хэр зэрэг байгаа вэ?

-Улаанбаатар хотод анх удаа биотехнологийн аргаар нийслэлийн 200 гаруй мянган гэр хорооллын айлууд, цэргийн ангиуд, зуслангууд, төвлөрсөн бохирын системд холбогдоогүй бүх объектод ариутгалыг хийсэн. Ирэх хавар ч гэсэн бид энэ ажлыг дахин хийх ёстой. Энэ ажлыг тууштайгаар хэдэн жил дараалан хийнэ. Цаашлаад захын дүүргүүд төвлөрсөн бохирын системд холбогдох шаардлагатай. Нэг, хоёрхон жилийн хугацаанд энэ асуудлыг өргөс авсан мэт шийдэх арга байхгүй. Тиймээс ажил хэрэг болох хүртэл бид ариутгалын ажлыг тасралтгүйгээр хийх ёстой.

-100 айл, баруун болон зүүн дөр­вөн замын орчим жижиг ширхэгт тоосонцорын хэмжээ 3-4 дахин их байна судалгаа Агаарын чанарын албанаас гар­даг. Үүнээс шалтгаалаад хар­шлаар өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг эмч нар ярьж байна. Үүнийг шийдэх ямар гарц байгаа вэ?

-Зам барих, машинуудаа сайжруулах шаардлагатай. Усжуу­лалтын систем, бүтэн шаталттай зуухны тоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Жижиг ширхэгтэй тоосонцор өөрөө 10 давхар масканд ч шүүгддэггүй шүү дээ. Болж өгвөл дан хучилттай замыг барих шаардлагатай. Одоогийн байдлаар нийслэл хотод хүн амын тал нь шавчихсан, сайжруулсан замгүй газар байшин барьж амьдрах хүмүүсийн тоо ихэсч байна. Угаасаа энэ асуудал дөрвөн жилийн дотор өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой. Засгийн газрын хөтөлбөрт 100 мянган айлын орон сууц барина гэж тусгагдсан байгаа. Бүрэн хэрэгжих хүртлээ 2016 оныг хүлээх хэрэгтэй. 2016 онд байшин, баригдаад хүмүүс орсон ч цаана нь дахиад 150 мянга гаруй айлын хэрэгцээ үлдэнэ. Энэ бүх байшингаа зөвхөн Улаанбаатарт бариад хүмүүсийг наашаа уяад байх шаардлагагүй. Алслагдсан сум, суурин, Дархан, Эрдэнэтэд барих хэрэгтэй. Үүний дагуу төр засгийн онцгой объектуудыг нүүлгэх, томоохон сургуулиудыг нүүлгэх талаар ч яригдаж байна. Зөвхөн Улаанбаатарт одоогийн байдлаар 250 гаруй мянган айлын хэрэгцээ шаардлагатай байгаа. Гэтэл одоог хүртэл цахилгаан станц, бохирын систем нь алга байна шүү дээ. Зарим улстөрч ярьдаг л даа. Хэрэггүй зуух, түлш гэж баахан мөнгө үрж байхаар орон сууцаа бариач гэж ярьдаг. Гэтэл энэ орон сууцыг хэн барих ёстой юм. Үүнийг барихын тулд бохир, сантехник, цахилгаан станц, дулааны эх үүсвэр нь байх ёстой. Дэлхийн хаана ч цахилгаан, дулаан, дэд бүтцийг нь улс хийж өгдөг. Байшин, барилгыг нь хувийн барилгын компаниуд барьдаг л байх ёстой шүү дээ. Тоосжилтын асуудлыг шийдхийн тулд нэлээд хугацаа хэрэгтэй. Оюутолгой, Тавантолгойгоос орж ирэх мөнгөөрөө бид оновчтой, зөв зүйлсүүдийг хийх ёстой.

-Хотыг тойрсон оршуулгын газрууд хаяагаа тэлж байна. Зөвхөн Даландавхар л гэхэд дангаараа 127 гаруй га газрыг хамран оршиж байна. Булш ухдаг асуудлаас болоод олон тооны булш онгорхой байна. Энэ асуудлыг хэн, хэрхэн шийдэх ёстой юм бэ?

-Оршуулгын газар бол хөрсний бохирдлын томоохон эх үүсвэрийн нэг. Мод тарья, хамгаалалтанд авъя, зарим оршуулгын газрыг өөрчилье, олон жилийн өмнөхүүдийг нь устгая гэсэн бодлого баримтлаад л ажиллаж байна. Хэдэн жилийн өмнө энэ асуудлыг ярихаар ойлгох, мэдэх хүн бараг алга байлаа шүү дээ. Харин азаар сүүлийн жилүүдэд энэ асуудлыг ойлгодог болж. Орчин үеийн шаардлага хангасан чандарлах технологи ч нэвтэрч байна. Энэ жилийн тухайд яг энэ асуудлаар тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг боловсруулсан. Зарим оршуулгын газрыг хашаатай болгож байна. Зарим газар нь мод тарьлаа. Мод тарьсанаар шарил эрдэс болох процесс хурдасна л даа.

-Нийслэл хотод шинээр баригдаж байгаа барилга, албан байгууллагууд заавал ногоон байгууламж барих ёстой гэсэн хотын дүрэм, журам байдаг. Сүүлийн үед баригдаж байгаа барилгууд энэ дүрэм, журмыг хэрхэн биелүүлж байгаа вэ?

-Энэ асуудлыг шийдэхэд үнэхээр хэцүү байна. Өмнөх жилүүдэд нь баахан газар хуваарилаад өгчихсөн. Шинээр баригдаж байгаа газрууд байшин барих зориулалттай биш. Ихэнх барилга ийм газар барьчихсан болохоор ногоон байгууламж хийх зай талбай байдаггүй. Угаасаа барилга барьж болохгүй газар дээр барьчихаар ногоон байгууламжийн асуудал хэцүү шүү дээ. Нэгэнт буруу, зөрүү аргаар барьчихсан бол зогсоол байх ёстой. Тэнд байгаа хүмүүст зогсоол үнэхээр хэрэгтэй. Ер нь манай улсад хуулиа мөрддөг, бүх шатны байгууллагууд нь авах арга хэмжээгээ авдаг, хатуу торгууль ногдуулдаг, албан байгууллагууд нь хууль дүрэм журмаа яс дагадаг л болох ёстой. Өнөөг хүртэл энэ байдал бүрэн дүүрэн хэвшээгүй л байна. Тиймээс энэ асуудал дээр хоёр талын харилцаа байх нь зөв. Нэгдүгээрт, сонгогдож байгаа хотын захиргааны хүмүүс, хоёрдугаарт, сонгож байгаа иргэд. Аль, аль нь хуулиа дээдэлдэг, улс орныхоо байдлыг зөв ойлгодог л байх юм бол яваандаа энэ асуудал цэгцэрнэ. Нэгэнт босчихсон барилгыг бид буулгаж чадахгүй, зөөж, нүүлгэж чадахгүй. Ганц зөв гарц нь хот байгуулалт, төлөвлөлтийн цоо шинэ хандлагыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх явдал юм. Хэрэгжүүлдэг механизм ч дэлхий нийтийн жишигт нийцэх ёстой.

-Хотыг тэлэх асуудлыг хоёр жилийн өмнө ярьж байсан. Хот тэлэх боломж бололцоо байна уу, хэрвээ байдаг бол утааг багасгах нэг арга юм биш үү?

-Тэлэх боломж бололцоо хэзээ ч байгаа. Манай улс ямар том газар нутагтай билээ. Томоохон шийдвэр гаргах л хэрэгтэй. Улаанбаатар хотын хилийн цэсийг Төв аймаг хүртэл тэлэх, алсдаа Улаанбаатар хот Төв аймгийн Зуунмод хоттой нийлэх ёстой. Энэ бол миний хатуу итгэл. Юугаар ч нийлж болно. Туннелээр ч юм уу, эсвэл бүр өөр гарцаар ч нийлж болно шүү дээ. Эрт, орой хэзээ нэгэн цагт нийлнэ. Харин эртнээс энэ асуудлыг шийдэж, эртнээс төлөвлөж байвал сайн л юм. Ер нь бол Хан-Уулыг даваад, Налайхаас цаашаа гээд, Багануур хүртэл гээд газар мундахгүй олон байгаа. Гагцхүү асуудлаа шийдэх хүсэл, хандах арга барил, шийдвэрлэдэг зарчмууд, засаг төрийн нэгдсэн үйл ажиллагаа л үгүйлэгдэж байна.

-Олон туслахтай болохоор хотын ажлыг хийхэд намаараа талцдаг болов уу гэж олон нийтэд ажиг­лагддаг. Томоохон бодлогын хэм­жээний асуудлыг оруулаад ирэхэд дэмжихгүй байх тохиодол гардаг уу?

-Нийслэлд ерөөсөө ийм асуудал байдаггүй юм. Ажил урагшилдагаараа урагшилна, хийдгээ хийнэ.

-Таныг үүрэгт ажлаа өгөх гэж байна гэж гадуур яриад байгаа энэ үнэн үү?

-Үүнийг гаргасан сонин юм уу, сайтаас нь л асуух хэрэгтэй байх. Надад бол мэдэгдсэн юм алга. НИТХ зарладаг эрх мэдэлтэй хүнээс нь л асуу.

-Ирэх сонгуульд өрсөлдөх үү?

-Магадгүй. Өрсөлдөх байх.

-Ирэх сонгуулийн дараа таны төлөв­лөсөн энэ бүх ажил замх­рахгүй гэсэн баталгаа бий юу?

-Өнгөрсөн сонгуулийн үеэр яригдсан бүх зүйлс энэ жил ажил хэрэг болчихоод л явж байгаа шүү дээ. Яахаар энэ ажил замхрах ёстой юм. Аль ч намын, хэн ч гэсэн энэ ажлыг хийнэ. Санасан хэмжээнд хийх үү, эрч, хүч нь сулрах уу гэдэг бол харин өөр асуудал. Замхраад алга болно гэж байхгүй. Явдгаараа явна, хэрэгжидгээрээ, хэрэгжинэ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж