Луу жилд ард иргэд амар амгалан байна

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Луу жилд ард иргэд амар амгалан байна

Сар шинийн баяр ойртож, хүн бүр шинэ жилдээ ажил амьдрал нь зурхайд хэрхэн буусныг сонирхдог. Мөн шинийн нэгэнд мөрөө аль зүгт гаргах, зам мөрийн заслаа хэрхэн хийлгэх гээд асуудал олон тулгардаг. Эдгээр өдрүүдэд шашин номын хийдүүд ачаалал ихтэй байна. Тэгвэл ирэх жилийн өнгө зурхайд хэрхэн буусан талаар “Дашчойлон” хийдийн зурхайч Ч.Алтангэрэлтэй цөөн хором ярилцлаа.

-Луу жилийн ноён нуруу таны зурхайд хэрхэн бууж байна вэ?

-XVII жарны Баясгалан хэмээх Усан луу жил сайхан жил болно. Байгаль дэлхийд ээлтэй, өвс ногоо,  хур ус, тэгш жил байх нь.  Идээ цагаа дэлгэрэх, хомсдох нь тэнцүү байна. Зарим газар гандуу болно. Гандуу газар байхад зарим газар зуншлага сайтай алагдуу болно гэж  зурхайд буусан байна. Харин улирлын хувьд хавартаа салхитай байх ба тариа ногоо тэгш дүүрэн ургана гэжээ. Тариа ногоогоо намар эрт хураахгүй бол мөндөр цохиж хүйтрэх нигууртай.  Мал,  идээ сайн байна. Харин дээдэст  хэл амтай жил болох нь. Гэхдээ энэ нь  ард түмний тусын тулд байна. Луу жил ард иргэдэд амар амгаланг авчирна.  Баясгалан хэмээх Усан луу жилийн шороон үхрийн зурлагаар бол үхэр нь хөх толгойтой, хөх ходоодтой, шийр болон бие нь шар, эвэр чих сүүл нь ногоон, цагаан омруутай, амаа ангайсан, сүүлээ зүүн тийш шарваж байгаагаар дүрслэгдсэн байна. Харин үхэр хариулагч  үхрийнхээ баруун талд мяндсан шилбүүр барьсан, шар биетэй, ногоон хувцастай, цагаан бүстэй, үсээ зүүн чихнийхээ урдуур унжуулсан, зүүн гутлаа өмсөөд, баруун гутлаа зүүн талдаа хавчуулсан хүүхэд явна гэж дүрслэгдсэн байгааг харвал ард олон амгалан тайван, ажил үйлс өөдрөг байна. Хямрал самуунгүй жил байх нь ээ.

-Хүүхэд, залууст хэр ээлтэй байна. Залуус юуг анхаарвал зохих вэ?
 
-Залуусын зам мөр тэгш  сайхан явна. Улс эх орноо гэсэн  гэсэн төрийн бодлого ч сайн байна. Хамгийн гол нь залуус ажилтай байх хэрэгтэй. Төр засаг ч үйлдвэр барих талаас нь анхаарвал сайн. Тэгвэл залуус, ажилтай цалинтай болох болно. Нялхас, хүүхдэд ээлтэй. Усан луу жилийн ноён нурууг шинжвэл, ард иргэд өег цатгалан, сүү сааль арвижиж, өвчин зовлонгүй, юу санасан хэрэг бүхэн бүтнэ гэсэн байна.

-Жил орж байгаа хүмүүсийн хувьд зурхайн зурлагад юу гэж буув? Луу жилтэй хүмүүс юуг анхаарвал зохих талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Баясгалан хэмээх Усан луу жил  ихээхэн онцлог жил болно. Ер нь луу жилтнүүд голын уснаас болгоомжлох хэрэгтэй. Барагтай бол голын усанд ороод хэрэггүй. Мөн дэмий сэлгүүцэхээс зайлсхийх хэрэгтэй юм. Ялангуяа өглөө, орой. Жил нь орж байгаа хүмүүс заслаа хийлгэж, ном уншуулвал жил ээлтэй сайхан болно. Энэ жил луу жилтэй хүн бүрийн жил нь орж байгаа болохоор заслаа хийлгэх нь зүйтэй. Мөн зургаан цагаан мэнгэтэй хүний мэнгэ нь голлож байна. Бас хонь, нохой, үхэр жилтний харш жил гарч байгаа. Тий­мээс хүн бүр л засал хийлгэсэн нь дээр болов уу.

-Шарын зурхайг баримталдаг хүмүүс золгуут хийчихлээ. Шарын зурхай,  төгс буян­тын зурхайн учрыг  тайлбарлаж өгөхгүй юу?

-Шарын зурхайтай, төгс буянтын зурхай язгуур нь нэг юм. Нэг нь хятад ёсны, нөгөө нь монголд тааруулсан зурхай гэдгээрээ л ялгаатай. Төгс буянтын зурхай бол Монголд үүсч, манай газар нутагт тохирсон,  өргөрөг буюу газар нутгийн байдлаар нь илүү тодорхой зурдаг. Сарны үзэгдэх хугацаа газар газар ондоо байдаг. Гэхдээ шар зурхайтай тааруулж болохгүй гэсэн юм байхгүй.

-Энэ жил УИХ-ын  сонгууль болно. Луу жилд улс төрийн амьдрал хэр­хэн өрнөх вэ?     

-Нэгэнт л сонгууль өрсөлдөөн байдаг учраас хэл ам дагуулна. Гэхдээ айхтар том асуудал үүсэхгүй. Тиймээс монголчууд эвтэй найртай байх ёстой. Дээд түшмэд нь ч доод иргэд ч шударга, эвтэй байхыг хичээх хэрэгтэй юм. Түрүүн хэлсэн айхтар том самуун гарахгүй.

-Иргэд хэзээ ном уншуулвал  дээр вэ. Заавал  шинийн 15-ны дотор уншуулах ёстой юу?

-Сүм хийдүүд  билгийн тооллын 27-ны өдрөөс эхлэн сахиус хурдаг.  Улиран буй жилийнхээ бүх балин, тахилгыг шинэчилдэг болохоор 27, 28, 29-ны өдөр жилийнхээ заслыг урьдаад хийлгэчихэж болно. Үгүй бол сар шинэ гарсны дараа шинийн 3-ны өдрөөс 15-ны хооронд тухайн жилийнхаа засал номыг хийлгэх хэрэгтэй. Билгийн тооллын 27, 28, 29-нд сүм хийдүүд “Арван хангал”, “Их догшид”-ыг тахидаг болохоор ирэх жилийнхээ сайн сайхныг даатган сэтгэлээрээ хамт сүсэглэх учиртай юм. Шинийн 1-нээс 15 бол бурхан багшийн “Их дүйцэн” өдрүүд байдаг. Энэ өдрүүдэд засал номоо хийлгэвэл илүү буян арвиждаг учиртай.


Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж