Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг хуулиар шийднэ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг хуулиар шийднэ

УИХ-ын гишүүн С.Оюун нарын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа өчигдөр УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өргөн барилаа. Нийгмийн халамжийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээг 16 наснаас хойш үзүүлж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал хоцрогдож байгаа учраас энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэнэ.

Монгол Улсад 130 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэн байдаг бол албан бус тоогоор хөгжлийн бэрхшээлтэй 34-37 мянга орчим хүүхэд байдаг гэх судалгаа байдаг аж.

Эдгээр хүүхдүүдийн 90 ор­чим хувь нь сургууль цэцэрлэгээс завсарддаг байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сургууль улсын хэмжээнд зургаа байдаг бөгөөд бүгд нийслэл хотод байрладаг. Тиймээс орон нутгийн хүүхдүүд сургуульд суралцах, халамжийн үйлчилгээ авах боломж нь хяз­гаарлагдмал байгаа юм. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн асуудлыг шийдэхэд томоохон шинэчлэл болно хэмээн хуулийн төслийг санаачлагчид үзэж байгаа аж. 

Энэхүү хуулийн төслийн та­лаар С.Оюун гишүүн “Хөгжилтэй оронд бол ийм хүүхдүүдийг төрсөн цагаас нь бүртгээд, ямар асаргаа эмчилгээ хэрэгтэй, хэрхэн боловсролтой болгож, нийгэмшүүлэх вэ гээд асуудлыг цогцоор нь шийдэж өгдөг. Гэтэл манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж яриад хүүхдүүдийг орхигдуулаад байдаг. Хөдөө орон нутагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд байдал бүр ч хүнд шүү дээ. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрсөн даруйд нь улс бүртгэдэг байх ёстой. Энэ нь хөгж­лийн бэрхшээлтэй хүүх­дийг төрсөн цагаас нь төр зас­гаас анхаарах боломж бүр­дүүлнэ. Энэ хүүхдүүдийг ба­гаас нь нийгэмшүүлж, сур­гуульд хамрагдах боломжийг бүрдүүлэхэд анхаармаар байна” гэх байр суурьтай байгаа аж. 

Энэ хуулийг гаргах шаард­лагатай тухай санал өмнө нь ч олон нийтийн зүгээс гарч байсан ба Хөгжлийн бэрхшээлтэй хүүх­дүүдтэй эцэг эхчүүдийн холбоо­ноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эцэг, эхийн аль нэг асарч, халамжлах шаардлагатай болдог. Гэтэл халамжаас өгч байгаа сарын тэтгэмж нь 50000-80000 төгрөгийн хооронд байдаг. Ганц хүн ажил хийхээр өрх гэрийн амьдрал дээшилдэггүй, тиймээс улсаас өгч байгаа тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай” гэдгээ хэлж байсан юм.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж