Монгол Улсад 130 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэн байдаг бол албан бус тоогоор хөгжлийн бэрхшээлтэй 34-37 мянга орчим хүүхэд байдаг гэх судалгаа байдаг аж.
Эдгээр хүүхдүүдийн 90 орчим хувь нь сургууль цэцэрлэгээс завсарддаг байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сургууль улсын хэмжээнд зургаа байдаг бөгөөд бүгд нийслэл хотод байрладаг. Тиймээс орон нутгийн хүүхдүүд сургуульд суралцах, халамжийн үйлчилгээ авах боломж нь хязгаарлагдмал байгаа юм. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн асуудлыг шийдэхэд томоохон шинэчлэл болно хэмээн хуулийн төслийг санаачлагчид үзэж байгаа аж.
Энэхүү хуулийн төслийн талаар С.Оюун гишүүн “Хөгжилтэй оронд бол ийм хүүхдүүдийг төрсөн цагаас нь бүртгээд, ямар асаргаа эмчилгээ хэрэгтэй, хэрхэн боловсролтой болгож, нийгэмшүүлэх вэ гээд асуудлыг цогцоор нь шийдэж өгдөг. Гэтэл манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж яриад хүүхдүүдийг орхигдуулаад байдаг. Хөдөө орон нутагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд байдал бүр ч хүнд шүү дээ. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрсөн даруйд нь улс бүртгэдэг байх ёстой. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг төрсөн цагаас нь төр засгаас анхаарах боломж бүрдүүлнэ. Энэ хүүхдүүдийг багаас нь нийгэмшүүлж, сургуульд хамрагдах боломжийг бүрдүүлэхэд анхаармаар байна” гэх байр суурьтай байгаа аж.
Энэ хуулийг гаргах шаардлагатай тухай санал өмнө нь ч олон нийтийн зүгээс гарч байсан ба Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эцэг, эхийн аль нэг асарч, халамжлах шаардлагатай болдог. Гэтэл халамжаас өгч байгаа сарын тэтгэмж нь 50000-80000 төгрөгийн хооронд байдаг. Ганц хүн ажил хийхээр өрх гэрийн амьдрал дээшилдэггүй, тиймээс улсаас өгч байгаа тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай” гэдгээ хэлж байсан юм.