Тэгвэл түүний айлчлалын сүүлийн өдрүүдийн төлөвлөгөөнд арай хөнгөн маягийн хөтөлбөрүүд буюу олны анхааралд өртөхөөр сонирхолтой ажлууд төлөвлөгджээ. Хятадын дэд ерөнхитйлөгч америкийн NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтыг үзэхээр өөрийн аялалын төлөвлөгаанд багтаасан байна. Мөн тэрээр алдарт хүүхэлдэйн кинонуудыг бүтээж байсан DreamWorks Animation студид зочлохоор болсон болж байгаа юм. Гэхдээ энэ айлчлалынхаа үеэр зүгээр нэг сонирхоод өнгөрөхгүй, харин Шанхай хотод тус аварга студийн салбарыг бий болгон ажиллуулах тухай ажил хэргийн хэлэлцээ хийх болно гэж Франс Пресс агентлаг мэдээлжээ.
Энэ бүхний хажуугаар Хятадын дэд ерөнхийлөгч Калифорни мужид зохион байгуулагдах эдийн засгийн форумд ч мөн оролцож амжих гэнэ. Дэд ерөнхийлөгч Си Зиньпинийн өөрийх нь хэлж байгаагаар бол Лос Анжелесийн усан боомтоор хийх аялал түүний АНУ-д хийж байгаа айлчлалых нь хамгийн чухал үр дүнгийн нэг нь байх гэнэ. Тэрээр хэлэхдээ,”Энэ боомтоор зорчих болсон нь АНУ болон Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүйд зориулсан томоохон хөрөнгө оруулалт болно” гэж хэлсэн байна. Энэ нь ч бас зүгээр нэг хэлчихсэн үг биш бололтой.Олонхи эх сурвалжийн баталж байгаагаар бол өдгөө 58 нас хүрч байгаа Си Зиньпинь нь энэ оны сүүлээр Хятадын Коммунист намын даргын албан тушаалаа болон ирэх онд ерөнхийлөгчийн албаа өгөх одоогийн ерөнхийлөгч Ху Жиньтаогийн орыг залгамжлах нь тодорхой байгаа ажээ.
Өнгөрсөн жилийн наймдугаар сард БНХАУ-д албан айлчлал хийсэн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жон Байденийн урилгаар ийнхүү Си Зиньпин хариу айлчилж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлал нь АНУ болон Хятадын хооронд илүү нягт харилцааг бий болгож, ингэснээрээ үл ойлголцох байдлыг багасгана гэж үзэж байгаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй дэлхийн хамгийн том эдийн засагтай энэ хоёр орны харилцааны түүхэн шинэ гарааг энэ айлчлалаар эхлүүлж байгаа бөгөөд харилцан ашигтай ашиг сонирхол дээр тулгуурлах энэ үйл явц нь зогсоож үл болох гол ус мэт зөвхөн урагшаа тэмүүлж байх болно гэж Хятадын дэд ерөнхийлөгч хэлсэн байна.
Мөн дээрхи урам зориг бүхий үгсийн хажуугаар АНУ болон Хятадын хооронд үүссэн зарим нэг эмзэг сэдэв тухайлбал, хүний эрхийн болон эдийн засаг,аюулгүй байдлын асуудлыг ч бас хөндсөн байна.Хятадын дэд ерөнхийлөгч хэлэхдээ хүний эрхийн асуудлыг урагшлуулах боломж байгаа гэж дурдаад сүүлийн гучин жилийн дотор Хятад улс энэ салбарт гайхалтай бөгөөд олон нийтэд танигдахуйц үр дүнд хүрсэн гэсэн аж. Ямар ч байсан Хятадын дэд ерөнхийлөгчийн айлчлал жирийн америкчууд болон өрнөдийнхний дунд бас ч гэж гайгүй сэтгэгдэл төрүүлээд амжив бололтой. Си Зиньпин өмнө нь буюу аль 1985 онд 31 настай байхдаа албан ажлын шугамаар очиж байсан Айова мужийн Мускитан хотод эргэн ирсэн явдал нь түүнийг хувь хүнийхээ хувьд зөөлөн, уян сэтгэлтэй гэх ойлголтыг америкчуудад төрүүлсэн гэнэ. Олон жилийн өмнө Хятадын дэд ерөнхийлөгчийг угтан авч байсан айлын эзэгтэй энэ талаар ярихдаа, “Тэр анх ирэхдээ л сэтгэл татам эелдэг залуу байсан. Олон жилийн дараа ч тэр хэвээрээ байна.Түүнийг зочилж ирэхэд тун сайхан байлаа” гэжээ. Айлчлалынхаа үеэр Си Зиньпин олон жилийн өмнө зочилж бахйсан айлуудаараа орж,хөдөө аж ахуйн ферм дээр очин трактор унасан зэрэг нь жирийн хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлсэн бололтой..
Жирийн иргэдэд төрүүлсэн сэтгэгдэл чухал ч эцсийн дүндээ дээрхи хоёр орны улс төрийн дээд төвшинд ямар ойлголцол бий болсон нь илүү чухал биз ээ. Эхний өдрүүдэд болсон уулзалтаас харахад АНУ болон Хятадын удирдагчдын дунд зарим нэг асуудал зөрөлдөөнтэй хэвээрээ байгаа нь тод харагдаж байлаа. Тухайлбал , Сирийн асуудлаар хоёр орны байр суурь эрс тэс болох нь тодорхой байсан бөгөөд Хятад улс Сирийн талаар гаргасан НҮБ-ын шийдвэрийг дэмжихгүй байгаа байр сууриа цаашид ч хадгалах нь ойлгомжтой болжээ. Хүний эрхийн асуудлаар тэр дундаа Төвдийн тэмцэгчдийн хөдөлгөөнийг нухчин дарж байгаа явдалд санаа зовж байгаагаа Си Зиньпинтэй уулзах үеэрээ Барак Обама тодорхой хэлжээ.Харин Хятадын дэд ерөнхийлөгч Дундад улсын хувьд одоо байгаа хүний эрхийн төвшин бол их амжилт юм хэмээн “зөрүүдэлсэн” билээ.
Нэг үгээр хэлбэл АНУ-д хийсэн айлчлалын дараа Хятадын тал өөрсдийн нэр хүндийн төвшинг ихээхэн ахиулсан чамгүй олз омогтой байсан төдийгүй, ирэх жилээс халаа солио орж байгаа Дундад улсын шинэ удирдагч нарыг олон улсын тавцанд таниулах гэсэн том “пи-ар”-ийн дорвитой нэгэн алхам хийсэн явдал болов. Энэ “пи-ар”-ийн аялал Хойд Америкаас гарч тун удахгүй будант Альбионийн арлуудыг зорих бөгөөд Ирландад хийх айлчлалынхаа дараа Хятадын дэд ерөнхийлөгч Европын зүг жолоогоо эргүүлж Туркэд очих ажээ.