Зээлийн хүүнд барьцаалагдсан монголчууд

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Зээлийн хүүнд барьцаалагдсан монголчууд

Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулсан зээл өгч байгаа ч хүү өндөр, заавал барьцаа  хөрөнгө шаардах, түүнийг нь багаар үнэлэх бэрхшээл тулгардаг гэдгийг иргэд хэлдэг. Хувиараа гутлын үйлдвэр эрхэлдэг иргэн Х.Уранчимэг “Би банкнаас жижиг үйлдвэрлэлээ өргөжүүлэх гэж гурван жилийн хугацаатай 20 сая төгрөгийн зээл авсан. Банкны эргэн төлөлт нь суурь зээлээс илүү зээлийнх нь  хүүнд хамаг мөнгө төлдөг. Жилдээ ойролцоогоор 18-26 хувийн зээлийн хүү төлдөг гэсэн үг. Зээлийн хүү хэтэрхий өндөр байхад банк нь ямар нэгэн эрсдэл хүлээхгүй. Банк өөрөө эрсдэлээ даана гэсэн хуультай ч үнэн хэрэгтээ зээлдэгчийн нуруун дээр бүх ачаа бууж байна. Иргэдээс аль өнгөтэй, өөдтэйг нь барьцаалчихсан хүмүүс аргагүй биз дээ. Тэгсэн хэрнээ иргэдийн барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс харьцангуй доогуур, хамгийн багаар үнэлдэг. Бид ч яахав өнөө маргаашаа аргалаад болж л байна. Харин дөнгөж хөлөө олох гэж шинээр бүхнийг эхэлж буй аж ахуй нэгжүүд зээлийнхээ хүүнээс болж үүдээ барьдаг нь харамсалтай. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд төрийн зүгээс бодитой бодлого хэрэгтэйг энэ бүхэн харуулж байна” гэсэн юм. Үнэхээр ч түүний хэлснийг статистик үзүүлэлт баталгаажуулах мэт. Монгол Улсад өдөрт дунджаар 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага шинээр улсын бүртгэлд бүртгүүлдэг ч тэн хагас нь төд удалгүй дампуурдаг аж.

Хаалганы нэгэн үйлдвэрээр жишээ татья. Тус үйлдвэр нэг хаалгаа 160 мянган төгрөгөөр зардаг. Сард 100 хаалгыг зах зээлд нийлүүлдэг бөгөөд сард нийт 16 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнээс 15 ажилчныхаа унаа, цалин, хоолны мөнгөнд зургаан сая төгрөг зарцуулна. Үлдсэн 10 саяас байрныхаа түрээсэнд хоёр сая төгрөг төлнө. Ингээд найман саятай үлдлээ. Материал бүтээгдэхүүнээ өмнөд хөршөөс татдаг. Үүнд дунджаар таван сая төгрөг зарцуулна. Ингээд хаалганы үйлдвэр сард гурван сая төгрөгийн цэвэр ашигтай үлдэнэ. Энэ үйлдвэр үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зориулж зээл авбал дараах дүр зурагтай төсөөтэй зураглал хүлээж байна. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр банкнаас 40 сая төгрөгийн зээл авъя гэж бодъё. Тэгвэл өнөөгийн банкуудын санал болгож буй нөхцөлөөр бол жилийн 15 хувийн суурь хүү дээр 5.2 хувийг нэмсэнтэй тэнцүү буюу нийт 20.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авах боломжтой. Эхний сард үндсэн зээлийн 1,6 сая төгрөг, хүү нь 875 мянган төгрөг гэж тооцвол нийт төлбөрт хоёр сая 542 мянган төгрөг төлөх хэрэгтэй болно.

Хоёрдугаар сард үндсэн зээлээс нь нэг сая 666 мянган төгрөг, хүү нь 623 мянган төгрөг нийт төлбөр хоёр сая 290 мянган төгрөг төлнө. Ингээд тооцвол 36 сая 666 мянга 667 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй үлдэнэ. Ингээд 24 сард 31 хоногоор зөвхөн хүүндээ тухайн үйлдвэр найман сая 721 мянган төгрөг төлнө гэсэн үг. Зээл авсан хаалганы компанийнхан зээлийнхээ дийлэнх хувийг үйлдвэрлэлийнхээ техник, тоног төхөөрөмжийг сайжруулахад зарцуулна. Мэдээж тоног төхөөрөмжөө зээлээ авсан даруйд авчихгүй. Өөрсдөө зардал гарган гаднаас, хамгийн ойрдоо Хятадаас оруулж ирнэ. Хэрэвзээ авах гэсэн тоног төхөөрөмжөө аз таарвал сарын дотор олно. Ингэсний дараа ачуулах, энэ тэрийг тооцвол багаар бодоход сар гаруй хугацаа шаардлагатай аж. Авчирсан хойноо суурилуулах, тухайн тоног төхөөрөмж дээрээ ажиллаж сурах гэж бас сар гаруй хугацааг үднэ. Ингээд хамгийн багаар бодоход 5-6 сарын дараа л тухайн үйлдвэр жигдрэх боломжтой аж. Харин энэ хооронд зээлээ төлнө. Тэгэхийн тулд үйлдвэрлэлээ ажиллуулна. Ажилчдынхаа цалинг олгоно. Ингээд бодохоор гурван сая төгрөгийн орлого олдог байсан жижиг үйлдвэрийн эзэн орлогоороо зээлээ төлөх болно. Зээлээ төллөө гэхэд тухайн хүн идэж, хэрэглэх, өмсөх, зүүх гээд үндсэн хэрэглээгээ хангах боломжгүй болно гэсэн үг.  

Иймээс л өнөөгийн нийгэмд банкны зээлээр жижиг, дунд үйлдвэрээ өргөжүүлнэ, хөгжүүлнэ гэдэг давшгүй даваа болж таарах нь. Гэтэл Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж байгууллагын 80 гаруй хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчид эзэлдэг. Тэдний өсч, хөгжихгүй байгаа нэг гол үзүүлэлт нь энэ байж болох юм.  

Тэгвэл одоо арай өөрөөр харья. Энэ удаад арилжааны банкуудын бизнесийн зээлийг авч үзье. Бизнесийн зээл олгож буй “Голомт”, “ХААН”, “Хас” банкны  үзүүлэлтүүдийг дундажлан авлаа. Энэ гурван банк ойролцоогоор сарын 1,6-2,5 хувийн хүүтэй зээл олгож буй аж. Хэрэв зээлээ ам.доллараар авах бол арай бага хүүтэй авч болно. Тухайн банкнаасаа шалтгаалаад 0,2-0,4 хувиар бага хүүтэй авах боломжтой гэсэн үг.

Нөгөөтэйгүүр улсын төсвөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хүү багатай зээл олгоход зориулан мөнгө гаргадаг. Өнгөрсөн жил л гэхэд үүнд 30 тэрбум төгрөг зарцуулсан. Ингэхдээ арилжааны банкаар дамжуулан олгодог бөгөөд банк 100 хувийн эрсдэлийг даадаг.

Тиймээс энэ зээл хүрэх ёстой эзэндээ тэр болгон хүрч чаддаггүй бололтой. Учир нь, банк өөрсдөө эрсдлээ даадаг учраас түрээсийн ажлын байранд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэгчдээс үл хөдлөх хөрөнгө шаарддаг. Мэдээж тэр нь үйлдвэрлэгчдэд байхгүй. Ийм л шалтгаанаар хүү багатай зээл авах эрхээ ахиад хасуулна. Энэ мэтээр жижиг, дунд үйлдвэрлүүдэд зээл авах боломж туйлын хомс төдийгүй авсан ч түүнээс ашиг олох боломжгүй аж. Гэвч зээлийн хүү өсөх нь ганцхан тэдэнд хохирол учруулж байна гэвэл эндүүрэл. Төсөөлснөөс ч олон сөрөг дагаврыг дагуулдаг аж. Юуны өмнө шинээр бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд зээлийн хүүгийн дарамт үүсч, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлнө. Ингэснээр ажлын байр нэмэгдэх боломжийг хаана. Цаашлаад бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээс эхлээд олон сөрөг үр дагавартай. Харин зээлийн хүү буурвал бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх боломж нэмэгдэнэ. Үүнтэй уялдаж зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ. Өрсөлдөөн бий болно. Ингэснээр үнэ буурна. Жишээлбэл, барилгын компани материалынхаа ихэнх хэсгийг урд хөршөөс авдаг байсан бол дотоодын барилгын материалын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлбэл гаднаас валютаар материалаа зөөх шаардлагагүй болно. Үүнээс үүдээд бараа бүтээгдэхүүний үнэ ч тогтвортой байна гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

Хамгийн харамсалтай нь ямар ч эрсдэлгүй тэтгэврийн болон цалингийн зээлийн нэгээс гурван сарын хугацаатай зээлээс хүртэл хүү авна. Банкны оршин тогтнож, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа гол эх үүсвэр нь зээлийн хүү. Өндөр хүүтэй хадгаламжаас өндөр хүүтэй нь зээл. Тиймээс монголчууд зээл авсан ч асуудлаа шийдэж чадахгүй байна. Аргагүйн эрхэнд нэг зээлээс нөгөөгийн хооронд амьдарч байна. Эцэстээ монголчуудын амьдрал зээлийн хүүнд барьцаалагджээ.

Б.НАМУУНХУР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж