Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

-Эх орныхоо төлөө гээд нөөтбүүкээ 170 мянган төгрөгөөр ломбардчихсан. 150 мянган төгрөгөөр нь хэвлэлийн бага хурлаа зохицууллаа гэж өрөвдөлтэй царай гарган өндөрлөснийг эс тооцвол “Бид юу хүсэв” аяны залуус төрийн түшээдээ тун ширүүн “зандарлаа”. Яг л Ерөнхийлөгч шинээр томилогдох сайдуудыг “жижигрүүлж” байсан шиг.

Сурагч, оюутан, залуус чухам юу хүсч байгааг тодорхойлон, холбогдох албан тушаалтнуудад хүргэн, шийдвэрлүүлэх зорилготой байгуулагдсан “Бид юу хүсэв” аяныхан өчигдөр хэвлэлийн бага хурал зарлан, юу хүсч байгаагаа илэрхийллээ.

-Оюутан залуусыг 70 мянган төгрөгөөр худалдаж авахаа болиоч. Үүнийг дагаад инфляци үүсч, 51 хувь нь архинаас хамааралтай болсон гэдэг судалгааны дүнг өсгөх гээд байна.

-Авлига хээл хахууль, нийгэм дэх бузар булай байдлаа зогсоох цаг болсон биш үү. Монгол Улсын иргэдийн 40 хувь нь ядуу амьдарч байна. Манай улс авлигын индексээрээ өдрөөс өдөрт ухарч байна гэх мэт Монгол орныхоо муухайг уудлан ярьж эхэллээ. Сурагч, оюутан, залууст тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилготой аян гэж бодсон чинь улс төржихөд нь бүгд гайхсан. Хаанаас захиалаад эдгээр “жаалууд”-ыг ингэж яриулсныг мэдэхийг тэсэн ядан хүлээлээ. Яриад л, төрийн түшээдийг ээлжлэн муулсаар 40 гаруй минут өнгөрлөө. Та нарын ямар нэгэн хүн байгаа юу гэх дуунаар тэдний дуу суларсан юм.

-Бидний ард ямар ч нам, улс төрийн байгууллага байхгүй. Монгол орныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө дуугарч байна. Нам хүчин харьяалалгүй гэдгээ харуулах гэж намын батлахаа шатаахаар болсон. Гэхдээ шатааж магадгүй. Үгүй ч байж магадгүй. Өөрийн байр сууриа хадгалан, гишүүд дэмжигчидтэйгээ жагсаал хийж магадгүй. Үгүй ч байж магадгүй гэлээ. Харин “Бид юу хүсэв” аяны фэйсбүүкт “Ард түмний хүсэл сэтгэл яав ч биш гэж бодож байна. Харин төр засгийн эрхэнд очсон хонины арьс нөмөрсөн боохойнуудын балаг нь өнөөгийн бидний нийгэм болчихоод байна шүү” гэж бичжээ.

Улс төрөөр чи оролдохгүй ч улс төр чамаар оролдоно гэдэг. Улс төр гэгч сурагч, оюутнуудаас эхлээд монголыг тэр чигт нь оролдож эхэлсэн бололтой.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Бид юу хүсэв” аяныхан дараах асуултуудыг төрийн түшээдээс дараах асуултыг нээлттэй хэлбэрээр асууж, гуравдугаар сарын 2-ны дотор хариугаа телевиз, сонингоор дамжуулан өгөхийг  хүслээ.

-20 жилийн өмнө бидний үеийн залуу байхдаа журмын нөхөдтэйгээ ардчиллын төлөө тэмцэж явахдаа ийм нийгэм, ардчиллыг мөрөөдөж байсан уу?

-Та бүхний мөрөөдөлд хүн амын 40 хувь нь ядуу байсан уу?

-Нам гэдэг ард түмэндээ үйлчилдэг үү? Гишүүддээ үйлчилдэг үү?  

Б.Билэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж