“Чөтгөрийн тойрог”-оос гарчихад л болох юм биш үү?

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

“Чөтгөрийн тойрог”-оос гарчихад л болох юм биш үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн томъёолсон “чөтгөрийн тойрог”  буюу цагдаа, шүүх, прокурорын байгууллагын өндөр албан тушаалтнуудын сүүлийн жилүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг Авилгатай тэмцэх газар татан авчирч, шалгаж байгааг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Мөн төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээж авах, бүрдүүлэлтийн ажил дуусах ёстой хуулийн хугацаа нь өнгөрөөд гурав хонож байгаа юм. “Чөтгөрийн тойрог”-ийг шалгах ажил болон төрийн албан хаагчдын ХОМ-ийн бүрдүүлэлтийн ажлын талаар АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэсийн дарга Ж.Батсайханаас тодрууллаа.

-Цагдаа, шүүх, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагын өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах явц ямар хувьтай яваа вэ. Нарийвчилсан шалгалтандаа орсон уу?

-Нийтдээ 600 гаруй алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг дээр судалгаа дүн шинжилгээний  ажил хийж байна. Шинжилгээний ажлуудаас гарах мэдээллүүд, дүгнэлтүүд нь дараа дараагийн ажлуудыг хийх үндэслэл болж өгөх юм. Өөрөөр хэлбэл, уг мэдээлүүд нь тодорхой хууль зөрчсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг цаашид нарийвчлан шалгах үндэслэл болно гэсэн үг л дээ. Түүнийхээ дараа нарийвчилсан шалгалтуудыг хийгээд ирэхээр өнөөх хууль бусаар хөрөнгөждөг, албаны эрх мэдлээ ашиглаж өөрт болон бусдад, ар гэртээ давуу байдлыг бий болгодог зэрэг нь тогтоогдоод ирнэ гэсэн үг. Эдгээрийг тогтооход хэрэглээний төвшин нь жирийн албан хаагчдынхтай харьцуулахад ямар байна, авилгад өртөх эрсдэл нь хэр байна зэргээс бас шалтгаална л даа. Ер нь бол цагдаа, шүүх, прокурорын алба хаагчдыг шалгах ажлыг энэ жилийн ажлын төлөвлөгөөнд оруулчихсан байсан. Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг, УИХ–ын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх нээлттэй сонсгол дээр ч мөн энэ талаар ярьсан учраас энэ асуудлыг бодлогын түвшинд ажил болгож, шалгалт хийх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Төрийн тэргүүнээс авхуулаад жирийн иргэд хүртэл үүнийг анзаарсан байна шүү дээ.  

-Одоогоор хэнийг шалгах хэрэгтэй хэнийг шалгах шаардлагагүй гэдэг нарийвчисан мэдээлэл гараагүй байгаа гэсэн үг үү?

-Яг одоогоор бол гараагүй л байна. Үүнийг тогтоохын тулд нэлээд нарийвчисан судалгаа шинжилгээний ажлыг явуулж байгаа. Уг судалгаа шинжилгээний ажил хэнийг  цаашид нарийвчлан шалгах вэ гэдэг үндэслэл нь болж байгаа юм. Аливаа хяналт шалгалтын ажлыг хуулийн дагуу, үндэслэлтэйгээр л шалгах ёстой шүү дээ. Ер нь бол гуравдугаар сарын эхний хагас дуусахад хяналт дүн шинжилгээний ажил нэлээд цэгцэрчихнэ. Үүнээс хойш нарийвчилсан хяналт шалгалтын ажлыг эхлэнэ. Энэ талаарх тайланг таван сард багтааж танилцуул гэсэн үүргийг өгсөн байгаа. 

-Зарим хуулийн байгууллагын хурандаа нар ажлаас гарч насны амралтандаа суух өргөдлөө удирдагууддаа өгч албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа. Эдгээр хүмүүсийн болон иймэрхүү шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн хөрөнгө орологын мэдүүлгийг шалгадаг уу?

-Одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд бол ажлаа өгчихсөн тохиолдолд хуулийн үйлчлэлээс гарчихаж байгаа юм. Бид хуулийнхаа дагуу хуулийн үйчлэлд хамаарах этгээдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг л шалгах үүрэгтэй. Тэгэхээр ажлаас гарах өргөдлөө өгөөд албан тушаалаа хүлээлгээд өгчихсөн хүмүүсийг шалгахгүй.

-Тэгэхээр муугаар төсөөлж хардахад хариуц­лагаас мултрахын тулд албан тушаалаасаа чөлөөлөгдөх буюу өнөөх “Чөтгөрийн тойрог”-оос гарчихад л болох хуулийн цоорхой явж байгаа юм биш үү?

-Огт шалгахгүй гэсэн юм бол биш л дээ. Хэрвээ гэмт хэрэгт холбогдож эрүү үүссэн тохиолдолд давхар хөрөнгө орлогын мэдүүлгийг нь шалгаж болно.

-Бусад төрийн албан хаагчдын хөрөнгө орло­гын мэдүүлгийг хүлээж авах хуулийн хуга­цаа нь дуусчихсан байгаа. Энэ ажил хэр явж байгаа вэ?

-Энэ жилийн хувьд 58 мянга гаруй төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ манайд  өгөх ёстой гэсэн судалгааг энэ сарын 1-ний өдөр гаргасан байгаа. Улсын хэмжээнд эдгээр 58 мянган алба хаагчдаас 99,7 хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ. Манай байгууллагад төрийн өндөр албан тушаал хашдаг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд, яам агентлаг, аймаг дүүргийн засаг дарга нар, түүний орлогчид гэх мэт 273 хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстойгоос 270 нь өгсөн байгаа. Үлдсэн гурвынх нь шалтгаан гэвэл Үндсэн хуулийн Цэцийн даргаар хүн сонгогдоогүй, Орхон аймгын Засаг даргын бүрэн эрхийнх нь хугацаа дууссан, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн нэг гишүүний орон тоонд хүн томилогдоогүй байгаа. Ер нь хуульд зааснаар бол хоёрдугаар сарын 15-наас хойш 14 хоногийн дотор бүх төрийн байгууллагууд АТГ-д тайлан мэдээг хүргүүлдэг журамтай. Энэ талаарх албан ёсны мэдээг гуравдугаар сарын 1-ний дотор гаргахаар төлөвлөсөн байгаа.

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлсэн бүх тө­рийн албан хаагчдын мэдүүлгийг шалгадаг уу?

-Иргэд болон, тодорхой асуудал эрхэлсэн байгууллагуудаас ирсэн гомдол мэдээллийн дагуу л шалгадаг. Тэрнээс биш 58 мянган хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг бүгдийг нь шалгахгүй шүү дээ. Тийм хүн хүч, цаг зав ч байхгүй.

Х.Гэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж