Ээлжит бус чуулган ирэх сарын 5-нд хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулган ирэх сарын 5-нд хуралдана

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 20 тоот захирамжийг өчигдөр гаргалаа. Уг захирамжаар ээлжит бус чуулган ирэх сарын 5-нд хуралдахаар болж буй аж. УИХ-ын тухай хуулиар намрын чуулган хоёрдугаар сарын 10-нд өндөр­лөхөөр заасан байдаг ба УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хү­рээнд ху­га­цааг нь сунгах тухай зохи­цуу­лалттай юм. Д.Дэмбэрэл дарга ч энэ эрхийнхээ дагуу хуралдааны хугацааг долоо хоногоор сунгасан байсан өчигдөр дуусгавар болсон юм. Гэвч хэлэлцэх асуудлаа дуусаагүй тул ээлжит чуулган завсарласан ч ээлжит бусаар хуралдацгаая гэх саналыг Ардчилсан намын бүлгээс гаргасан юм. Тэд энэ шийдвэрээ уржигдрийн чуулганы хуралдааны төгсгөлд өргөн мэдүүлсэн бөгөөд ээлжит бус чуулган хуралдуулах тухай бичиг Ардчилсан намын 27 гишүүний гарын үсэгтэйгээр Д.Дэмбэрэл даргын гарт очсон юм. Үүнийг УИХ-ын нийт гишүүдийн гуравны нэг хүртэлх гишүүдийн хүсэл­тээр ээлжит бус чуулганыг хуралдуулж болох тухай хуулийн хүрээнд хийсэн юм. Гэвч уржигдар орой МАН-ын бүлэг ээлжит бус чуулганы хэзээ хуралдуулах вэ гэж мөн хэлэлцсэн гэнэ. Ингээд гуравдугаар сарын 17-нд ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах нь зүйтэй гэх санал дээр тогтож УИХ-ын даргад өгсөн гэнэ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд нэг сарын дараа, эсвэл өчигдрөөс ээлжит бус хурал зарлах тухай хоёр санал ирсэн тул голоор нь тогтоож тогтоол гаргасан нь энэ аж. Мөн тогтоолд юуг хэлэлцэхийг ч зааж өгсөн бөгөөд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,Монгол Улсын шүүхийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд багтаж буй аж.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж