Ж.Энхбаярыг огцруулах төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаярыг огцруулах төслийг өргөн барив

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нар УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өчигдөр өргөн мэдүүллээ. УИХ-ын дэд дарга Г.Батхүү нэр бүхий гишүүдийн төслийг хүлээн аваад “ажлын хүрээнд судлаад хэлэлцүүлнэ” хэмээн мэдэгдсэн юм.

Ардчилсан намын бүлэг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг бүлэг дээрээ дуудаж, тайлбар сонсох гэсэн боловч ирээгүй, гэсэн хэрнээ хэвлэлд өгч буй ярилцлагаараа хууль зөрчиж байна гэж үзээд ийн огцруулах санал оруулж буй аж.

Уг тогтоолын төсөлд “Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нь Улаанбаатар хотод ойрхон байрлалтай цэргийн ангиудыг дахин тоноглон тусгайлан бэлдэж бэлэн байдалд оруулах саналыг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдааан оруулсан байна. Хэвлэл мэдээлэлд үүнийгээ “…зэвсэгт хүчний гол үүрэг байлдааны бэлэн байдалд байх явдал” гээд “Долдугаар сарын 1-нд болсон үйл явдлаас…сургамж авсан. Ийм хэлбэрийн онц байдал зарласан… үед Батлан хамгаалах салбар бэлэн байдалд байх ёстой” гэж тайлбарласан байна. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын энэ үйлдэл нь Үндсэн хуулийн арваннэгдүгээр зүйлийн 2-т “Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” гэж заасныг ноцтой зөрчиж байна.

Мөн иргэдийнхээ эсрэг зэвсэгт хүчнийг байлдааны бэлэн байдалд оруулахаар бэлтгэж байгаа нь Батлан хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Батлан хамгаалах нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалахад улс орны бэлэн байдлыг хамгаалах зорилготой…” гэснийг зөрчсөн бөгөөд “байлдааны бэлэн байдал” тогтоох нь Батлан хамгаалахын сайдын бүрэн эрхийн асуудал биш тул эрх мэдлээ хэтрүүлсэн байна” гээд цааш нь “Тэрээр “Батлан хамгаалах салбарт энгийн хүн хэрэггүй” хэмээн мэдэгдэж 100 хувь цэргийн байгууллага хэмээн тодорхойлон боловсон хүчний бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, Монгол улсын төрийн цэргийн бодлогын үндэс болон холбогдох бусад хуулиуд, бодлогын бичиг баримтад заасны дагуу Батлан хамгаалах яам нь батлан хамгаалах бодлого, түүний хэрэгжилтийг зохион байгуулдаг төрийн захиргааны төв байгууллага байх зарчмыг хөсөрдүүлэн хууль зөрчиж 1996 оноос энэ чиглэлд хийсэн эрх зүйн болон үйл ажиллагааны шинэтгэлийг бүхэлд нь үгүйсгэж байна” гэжээ.

Төслийг өргөн барьсан гишүүн Р.Гончигдоржийн үзэж буйгаар асуудлыг долоо хоногийн дотор холбогдох байнгын хороо хэлэлцээд, түүний дараа долоо хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэх хууль үйлчлэх ёстой гэнэ.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж