МАХН, МҮАН, БНН, МЛН/Монголын лебирал нам/, МоАХН/монголын Ардчилсан хөдөлгөөний нам/-ууд харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр гарын үсэг зурсан юм. Уг ажиллагаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МЛН-ын дарга Л.Алтанчимэг, МоАХН-ын дарга Т.Оюунаа болон бусад нам, эвсэл, хөдөлгөөний 50 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Санамж бичигтээ “Монголын нийгэмд нэн шаардлагатай байгаа шударга ёсыг тогтоож, Монгол хүн ажлын байртай, амьдралд нь хүрэлцэхүйц цалинтай, цалин тэтгэвэрээр барьцаалсан өрийн дарамтгүй эх орондоо амьдрах нөхцөлийг хангах. Үндэсний хэмжээний Тавантолгой, Оюутоголгой зэрэг ордууддаа Монгол улс тэр дундаа монгол хүн эзэн сууж, зөв, тэгш хувиарлалтыг хийх, Үндэсний хэмжээний томоохон үйлдвэрүүдийг барьж бий болгох, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан үзэл санааг дээдлэж, шударга ёсыг тогтоон МАН-АН-гүй Монголын төлөө үйл ажиллагаа явуулна” хэмээн тусгажээ. Н.Энхбаяр нэгэн цаг үед нэг тогоонд чанагдаж явсан Монголын ардын намын нөхөдтэйгээ ийнхүү албаэн ёсоор өрсөлдөгчид болж байгаа зарлаж буй бололтой. Харин Ардчилсан намынхны эсрэг МҮАН-ын дарга М.Энхсайхан өрсөлдөгч нь болон хувирсан. Нэгэн цагт нэг нь МАХН-ын, нөгөө нь АН-ын дарга байсан эрхэмүүд МАН-АН-гүй төрийг бий байгуулахыг хүссэн учраас нэгдэж, санамж бичигт гарын үсэг зурж байгаа гэх. МАХН, МҮАН-аас гадна нэгдэж буй намуудад Бүгд найрамдах нам байлаа. Сүүлийн хэдэн сарын турш Бүгд найрамдах нам МАХН-ын зохион байгуулсан хурал зөвлөгөөн болон бусад зүйлүүдэд нэр холбогдоод байсан удаатай ч энэ удаад 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж, одоогийн бий болсон шударга бус эрх мэдэл, төр засгийн буруу бодлого луйврын засгийн газрыг үгүй болгон чин зоригт шулуудсан учраас нэгдэж буй гэлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Өнөөдрийн санамж бичигт гарын үсэг зурах нь туйлын ач холбогдолтой. Одоогийн нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал ард түмнийг хуурсан, амлалтаа биелүүлдэггүй, хүний эрхэнд халдсан шийдвэрүүдийг гаргаж байна. Хүний эрхэнд халдсан гэдэг нь монгол хүн болж төрсөн л бол та эх орныхоо хишиг хувиас хүртэх зүй ёсны эрхтэй. Гэтэл 2008 оны сонгуулиар өгсөн амлалт өгч чадахгүй болонгуут өнөөдөр эх орны хишиг амлалт хоёроо холиод сууж байх. Бидний хэдэн намууд нэгдэж байгаа нь ирэх сонгуулиас эхлэн монголын төрийг цэвэрлэх, шударга нийгмийг бий болнох зорилготой” гэлээ.
Мөн энэхүү санамж бичигт тусгаснаар эдгээр улс төрийн намууд 2012 оны УИХ-ын сонгуульд эвсэж орох эрмэлзэлтэй, цаашид сонгуулийн бат бэх эвсэл байгуулах зорилгоор намуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулан ажиллах болсны дүнд гарын үсэг зурж байгаагаа онцолжээ.
Санамж бичигт гарын үсэг зурсны дараа таван намын удирдлагууд эв нэгдлийн сум багцлах ёслолыг үйлдлээ. Монголын нууц товчоонд “Алунгоо эх өөрийн таван хөвгүүндээ та бүхэн нэг сум мэт ганцаар явбал бусдад хялбар дийлдэнэ. Харин багцалсан сум байж эв нэгдэлтэй байх аваас хэнд ч үл дийлдэнэ хэмээн” сургамжилсан домогтой. Энэ домгийг дээрхи улс төрийн таван хүчин нэгдэж багц сум мэт эвлэлдэн нэгдэхийг бэлгэдэж сум байгцалсан юм. МАХН, МҮАН, БНН, МЛН, МоАХН-ын удирдлагууд бид ганц ганцаараа явбаас төрийн толгойд сандайлж, улс үндэстнээ доройтуулж буй МАНАН-г сарниаж дийлэхгүй. Харин бид тав багцалсан сум мэт нэгдэж, нийтийн хүчийг нэгэн зорилгын дор нэгтгэж чадваас ирэх сонгуулиар ялалт байгуулж, олгиархиудын савраас эх орноо аварч чадна хэмээн дээрх ёслолыг хийж байгаа гэсэн. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэх үг бий ч гэсэн Алунгоо эхийн домгийг гүйцэлдүүлж сум багцалж, Тэмүүжин, Жамуха нар шиг андгай өргөж байсан намууд дээрхи таван намаас өөр байхгүй биз. Тангаргаа санамж бичигээр баталгуужуулж, ёслолоо өөрсдийн биеэр гүйцэлдүүлсэн эдгээр хүмүүс улс төрөөс ангид хүмүүс огт биш. Өмнө нь одоо ч ямар үйл хэрэг хийж байсныг захын сонины хуудас эргүүлэхэд л олдох биз. Дээрхи эв нэгдлийн гэрээ, ёслолд Иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл болох Амлалт нэхэх ард түмний холбооны дарга Г.Уянга болон бусад намын төлөөлөл ч оролцож байсан юм.
Ш.Оюунчимэг