Алдаа гаргасан 16 прокурорыг халж, 92-ыг сэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Алдаа гаргасан 16 прокурорыг халж, 92-ыг сэлгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж шүүх болон хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч цаг үеийн асуудал болон тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцсан юм. Уулзалтанд Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-очир, Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд нарыг өчигдөр хүлээн авч уулзсан юм.

Шүүхийн тухай багц хууль батлагдвал шүүх орвонгоороо эргэнэ гэв

Дарга нар өөрсдийн салбарын үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд  эх­ний танилцуулгыг Дээд шүүхийн ерөн­хий шүүгч Ц.Зориг хийлээ. Ц.Зо­риг хэлэхдээ “Шүүх байгууллагын ха­риуцлагыг дээшлүүлэх чиглэлд анхааран ажиллаж байгаа. Ажилдаа ха­риуцлагагүй хандсан хэд хэдэн шүүг­чийг чөлөөлсөн” гэлээ. Ажлаас чөлөөл­сөн шалтгаан нь сүүлийн хэдэн жил ажилдаа үр бүтээл багатай ажилласан, сахилга хариуцлага алдсан, ажилдаа ахиц дэвшил гаргадаггүй, ажилдаа хариуцлагагүй ханддаг, алдаа гаргасан хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн аж. Мөн хэд хэдэн аймгийн шүүгч нарыг ажлаас нь чөлөөлж, халаа сэлгээ хийсэн гэдгээ мэдээллээ. Шүүхийн тухай багц хуулийн төсөл УИХ-аар батлагдсан нөхцөлд шүүхийн байгууллага нь орвонгоороо өөрчлөгдөж, шинэ зохион байгуулалтаар ажиллах болно гэлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Шүүхий тухай багц хуулийн төсөл батлагдвал төрийн албанд ажиллах нь хэцүү боллоо гэж ойлгож болно. Учир нь авлига авдаг, ажилдаа хариуцлагагүй ханддаг, ёс зүйгүй ханддаг хүмүүс ажиллахад хүндрэлтэй болно гэж ойлгож болно” гэлээ.

Зургаан прокурор ажлаасаа халагджээ

Түүний дараа Ерөнхий прокурор Д.Дорлигжав салбарынхаа мэдээллийг хийсэн юм. Улсын ерөнхий прокурорын байгуулллага таван жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа юм байна. Боловсон хүчин, санхүү зэрэг асуудлыг хөтөлбөр болгон хэрэгжүүлж байгаа. Эхний асуудал нь боловсон хүчний асуудал бөгөөд удирдах ажилд удаан жил, үр бүтээлгүй ажилласан зэрэг шалтгаанаар 42 нэгжийн 92 прокурорыг сэлгээ хийжээ. Нийт 92 ажилтны 25 нь удирдах албан тушаалтан байсан гэдгийг онцоллоо. Мөн шинээр томилогдож байгаа прокурор гурваас дээш жилийн хугацаанд доод шатны ажил хийх гэм мэт шаардлагуудыг боловсон хүчний ажилдаа тусган ажиллаж байгаа гэв. Мөн тус газар нь Германы хамтын ажиллагааны ний­гэм­лэгтэй хамтран ажиллаж байгаа гэнэ. Энэ хүрээнд прокурорын байгуул­лагууд нь хоорондоо онлайнаар мэдээл­лээ солилцох боломжтой бол­сон. Прокурорын байгууллагад “Проку­рорууд архи уудаг гэсэн гомдол” иргэ­дээс ч хамтран ажилладаг байгууллагаас олноор ирдэг учраас энэ тал анхаарч ажиллаж байгаа гэв. Дотоодын чанар­тай, өөрсдөөс шалтгаалах, ёс­зүйн алдаа гаргасан 16 прокурор ажлаасаа халагджээ.  Прокурорууд нь мөн туршлагаа солилцож залуу прокуроруудыг дадлагажуулах чиг­лэлээр ажил нэлээд урагшилж буй болохыг тус газрын дарга хэллээ.

Гурван хурандаа өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа

Үүний дараа Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир цагдаа­гийн байгууллагын мэдээлэл хийлээ. Цагдаагийн ерөнхий газарт өнгөрсөн онд 19 мянга 200 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2010 оныхоос 3,2 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ. Хөдөөд малын хулгай малчдад гарз дагуулсаар байгаа бол Улаанбаатар хотод орон байрны хулгай иргэдэд хамгийн их хохирол учруулж буй ажээ. Гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцлийг судлахад нийт үйлдэгдсэн хэргийн 25 хувь нь архидан согтуурсан үедээ үйлдэгдсэн байдаг гэнэ. Тиймээс архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд ажиллах шаардлага байгааг ч онцоллоо. Сүүлийн үед цагдаагийн албан хаагчид болох хурандаа нарыг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл тараад байгаад тайлбар хийсэн юм. Монгол Улсад 300 гаруй удирдах ажилтан байдагаас  104 хурандаа цолтон байдаг юм байна. Эдгээр хүмүүсээс гурав нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгөх хүсэлт гаргасныг зөвлөлөөр шийдэж ажлаас нь чөлөөлсөн. Эдгээр хурандаа нарт 36 сарын хугацаатай тэнцэх тэтгэлэг урамшуулал олгох юм байна.

Авлигатай тэмцэх газрын хувьд орон тоогоо нэмэгдүүлэхгүй бол УИХ-аас Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор ажлын ачаалал эрс нэмэгдэх болжээ. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилтэд Ерөнхийлөгч өнөөдөр хэрэгжих хугацаан дээр нь хэсэгчилэн хориг тавьсан болохоо энэ үеэр онцолсон. Учир нь уг хуулийн хэрэгжих хугацааг ирэх долдугаар сарын 1-н гэж баталсан. Харин Ерөнхийлөгчийн хувьд тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих ёстой гэж үзэж, хориг тавьсан болохоо энэ үеэр мөн тэмдэглэлээ.  Авлигатай тэмцэх газрын даргын хэлснээр Авлигын эсрэг хуульдаа өөрчлөлт оруулах цаг болсон гэж байна. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн үйлчлэх хугацаа 2010 онд дууссан тул шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж буйг мэдэгдлээ. Авлигатай тэмцэх газар нь жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтаан төрийн албаныхан болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь хүлээж авдаг. Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг үндсэнд нь бүгдийг хүлээж авсан тодруулбал, 99.7 хувьтай гэнэ. Хөрөнгө орлогын мэдүүлэгээ одоогоор гурван хүн өгөөгүй байгаа. Үндсэн хуулийн цэцийн дарга, АТГ-д шалгагдаж байгаа аймгийн засаг дарга, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн гурав юм байна. нийт 58 мянга 100 төрийн албан хаагч ХОМ өгөх ёстой аж.

Шүүх, цагдаа, прокурорын байгууллагын удирдлагуудыг хүлээн авсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ  “Шүүх, хууль хяналтын байгууллага нь гол нь шударга бус хүмүүсээсээ салах ёстой. Прокурорын газарт халаа сэлгээ хийгдсэн гэж байна, энд бараг хүмүүсийг албанаас чөлөөлдөггүй байсан. Гол нь энэ халаа сэлгээнээс үр дүн гарч ажил урагшлах ёстой. Ер нь шударга бусаар ажиллаж хууль бусаар хөрөнгөждөг,  албан тушаалаасаа буудаггүй хүмүүс гарын хуруунд л багтана. УИХ-д бид шүүх, хууль хяналтын байгууллагыг шинэтгэх зорилгоор зургаан хуулийн төсөл мэдүүлсэн. Дахин зургаан хуулийн төсөл УИХ-д мэдүүлнэ. Гэвч хуулийн төслийг УИХ-аас батлах талд чармайлт гаргахгүй байна. Тэвчээр маань маш бага үлдсэн. УИХ дээр үг хэлдэг ч юм билүү гэж бодож байсан, завсарлалаа. Шинээр өргөн мэдүүлэх зургаан хуулийн төслийг УИХ хаврын чуулганаараа хэлэлцэн баталж өгөхгүй бол УИХ-ын гишүүдэд ард түмэндээ нүүрээ харуулах эрх байхгүй. Тэр тусмаа УИХ-д дахин нэр дэвших эрх байхгүй гэж мэдэгдлээ.

Ш.Оюунчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж