Улс төр “од” болж, бодлого “мод” болов

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Улс төр “од” болж, бодлого “мод” болов

Бодлого хийгээд бодомж

Уг нь “улс төр”, “бодлого” гэдэг хоёр үг хоорондоо нягт холбоотой, нэг ижил утгатай. Тиймээс ч орос хэлэнд “политика”, англи хэлэнд “politics” гэж буудаг энэ үгийг манайхан орчуулахдаа “улс төрийн бодлого” хэмээн утгачилж, улс төр хэмээн товчилдог. Ухаандаа улстөрч хүн гэдэг нь улс төрийн бодлоготон гэсэн үг.
Харин сүүлийн хорин жилийн явцад энэ үгний утга жаал алдагдаж, яваа яваандаа нөхдүүд “улс төр хийх”, “улстөрч байх” гэдэг үгийг шоу утгаар нь ойлгож, аль бо­лох их худлаа ярих, хоосон ч атугай амлахын нэр гэж итгэдэг болоод байна. Ухаандаа “худлаа ярьж чаддаггүй хүн улстөрч болохгүй” гэдэг ч юм уу. Ер нь бол аль болох утга авцалдаа муутай, алиа марзан байх тусмаа олны анхааралд илүү өртөнө гэж итгэдэг юм шиг билээ.

Өчигдөр УИХ-ын ээл­жит бус чуулганыг зарлан хурал­дуулахаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс пүрэв гаригийн орой УИХ-ын даргад саналаа хүргүүлсэн юм. Пүрэв гаригт хаалтаа хийсэн намрын чуулганы хэлэлцэх асуудлууд хугацаандаа багтаж хэлэлцэгдээгүй учраас тэр. Тухайлбал, бүтэн гурван жил асуудал болж байж арай гэж нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэх “виз”-ээ авсан Шүүхийн тухай багц хууль, өнөө маргаашгүй УИХ-аар батлуулж, ирэх сон­гуулиар мөрдлөг болох ёстой Орон нутгийн сонгуулийн тухай хууль, ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх төрийн албан хаагчдын цалингийн нэмэг­дэлтэй холбогдуулж Монгол Улсын 2012 оны төсөвт хийх ёстой тодотгол гээд хугацаа тулсан олон асуудал намрын чуулганы төгсгөл дээр гээгдэж үлдсэн билээ. Хаалтын чуулганаар баталчихна хэмээн хойш тавьж байсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль дээр ч бас л МАН-ын бүлэг завсарлага аван сугалж үлдсэн.

Тиймээс хэлэлцүүлгийн шатанд буй эдгээр асуудлууды нэг мөр дуусгахын тулд Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаан зарлуулахаар УИХ-ын даргад саналаа өргөн мэдүүлсэн хэрэг. Хуульд зааснаар УИХ-ын нийт гишү­үдийн 1/3 нь хүсэлт гаргасан тохиолдолд УИХ-ын дарга ээлжит бус хуралдааныг зар­лан хуралдуулах үүрэгтэй. Гэвч тэр энэ удаа Ардчилсан намын бүлгийн шаардлагын хариуд ирэх гуравдугаар сарын 5-нд ээлжит бус чуулганыг хуралдуулахаар захирамж гарга­сан байна. Хэлэлцүүлэг дахиад 14 хоногоор хойшилж буй хэрэг.

Уг нь бол орон нутаг, УИХ-ын сонгуулиа ядаад нэг дор явуулчихдаг бол цаг хугацаа, зардал мөнгөнд хэмнэлттэй, бүтэн жилжингээ ажлаа алдан улс төрийн ухуулга суртал­чил­гаанд давхиж, төрийн ч, орон нутгийн ч ажил гаргуундаа гардаг байдлыг халья гэсэн нь эхний бодлого. Тиймээс 2004-2008 оны УИХ хамгийн олон улс төрийн намын төлөөлөлтэйгээр уг хуулийг баталж, орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулахаар хуульчилсан билээ. Одоо хоёр хууль дээр өөр өөрөөр тогтоогоод байсан нэр дэвшүү­лэх хугацаа болон санал авч дуусах цагийг л зэрэгцүүлэх хэм­жээ­ний засвар хэрэгтэй.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн тухай бусад хуулиуд ч мөн ялгаагүй. Өнгөрсөн 20 гаруй жилд ямар ч салхи ороогүй, шинэчлэгдээгүй салбар нь шүүх, хуулийн салбар болжээ гэдгийг Монголын нийгэм тэр аяараа хүлээн зөвшөөрч, УИХ-д олонхи суудалтай улс төрийн хоёр нам ч хамтран төр барьж байх хугацаандаа энэ шинэчлэлийн эхийг тавья хэмээн хэлэлцэн тохирч, гэрээнд хүртэл гарын үсэг зурцгаасан сан. Хачирхалтай нь уг хуулиудын төсөл дээр Засгийн газар буюу Хууль зүйн яам хөдөлж өгөөгүй учир Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн төслүүд санаачилж, үүн дээр нь хуулийн салбарын судлаач, шинжээчид бүтэн хоёр жил шахам суусны эцэст УИХ-ын босго давсан билээ. Энэ ч бас л бодлого.

Харин одоо энэ мэт бод­логын асуудлууд “мод” болж, улс төр “од” болж байна. Үүний тод жишээ нь өчигдрөөс эхлэн ордны гадна өрнөж буй улс төрийн ээлжит шоу тоглолтууд. Бодлогоо барьдаг газраа барьж чадахгүй болохоор бодлого боддоггүй нөхдүүд өмнөөс нь “од”-ын дүрд тоглож буй хэрэг.

Улс төр буюу ужиг

Өчигдөр МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын залуу­чуудын холбооны Бага хурал болж, Монгол Ардын намын нөхдүүд ааг амьсгаагүй өнжив. Өмнө нь УИХ-ын нэгдсэн чуулганыг бүтэн өдрөөр зогсоож байгаад намынхаа бага хурлыг явуулж байсан МАН-ын дарга энэ удаа ээлжит бус чуулганыг 14 хоногоор хойшлуулж байгаад залуучуудтайгаа найрлав. Залуу­чуудыг улс төрд дэмжихээ илэрхийлж, тэдэнд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэг­жүүлэхээр амласан байна лээ. МАН-д элсвэл ямартай ч албан тушаалтай, орон сууцтай болох юм байна. Үүнийгээ баталгаажуулж намын дарга НАМЗХ-ны дарга хоёр санамж бичиг хүртэл үйлдэн гар хөлийн үсгээ зурцгаасан болохоор ирэх сонгуулиар энэ нам лав “тасарцаан”, бусад нь яана аа. Харин цаана нь үлдсэн хөгшид, хүүхэд, хүн амын олонхийг яах юм бол доо…

Одоо ажиллаж байгаа 150 гаруй мянган төрийн албан хаагч дээр 270 гаруй төрийн өндөр албан тушаалтан, 3000 орчим улс төрийн албан тушаалтны томилгоо ирэх сонгуулийн дараа хийгдэнэ гэж тооцвол лав 153 мянга 200 гаруй хүн шинээр ажилтай болох боломж байгаа юм байна. Гэхдээ одоо ажиллаж байгаа МАН-ын бүх боловсон хүчнийг бүгдийг нь гудамжинд гаргаж, орох оронгүй болгож байж үүнийг хийнэ шүү дээ. Ингээд ирэх сонгуулийн дараа хийх МАН-ын ээлжит томилгооны цар хүрээ дуусч байгаа юм. Тэгэхээр үлдсэн хоёр сая таван зуун мянган хүнийг Ардын нам чухам юугаар гийгүүлэх гээд байгаа юм, бүү мэд. Удахгүй ахмадуудаа, дараа нь эмэгтэйчүүдээ хүлээж авч мөн энэ хэмжээний амлалт авах байлгүй. Тэгээд үр дүнг нь харин хэн хүртэх бол. Хувийн компаниудаа хурааж аваад олсон орлогыг нь дахиж хуваарилдаггүй л юм бол тэдний энэ их амлалтын үнэ цэнийг төлж дийлэх баялаг лав Монголд алга байна.

Парламентад олонхи суудал­тай эрх баригч нам ингэтлээ яадгаа алдаж, бодлого зорилт нь гудамжинд гарчихаад байхад эрх мэдлийн ган гачигт нэрвэгдэж, уснаас нь гаргасан загас мэт амь тэмцэж байгаа Н.Энхбаяр, М.Энхсайхан нар­тай ер нь хэн юу ярих юм бэ. Сануулахад, Ард­чилсан намын дарга асан М.Энхсайхан 2005 оны Ерөн­хий­лөгчийн сон­гуульд тус намаас нэр дэв­шиж Н.Энхбаяртай өрсөл­дөхдөө “Авли­гач­­дыг цээр­лүүлнэ” хэ­мээн лоозог­нож, “Үг” сони­­ны бүтэн жилийн дугаа­рыг “Аалз­ны тор”-ын ту­хай нийт­лэлд зориулж байсан юм. Гэвч авлигачин нь бус, авлигачийг цээрлүүлэгч нь өөрөө ялагдал хүлээсний дараа харин өөрөө тэр торондоо очиж наалдахаас өөр сонголтгүй болсон юм шиг байна лээ.

Тэгээд хоёр хашир өнөөдөр дөрөө нийлж аваад энэ удаа “МАН-АН-гүй Монголын төлөө” гэдэг бас нэг бүлэглэл байгуулж байгаа юм байна. Өчигдөр энэ тухайгаа зарлаж, эв нэгдлийг билэгдэн “Алунгуа эхийн таван сумыг багцалсан” гэж байгаа, бас их догь оо. Гэхдээ нэг муу нөхөн сонгуульд нэр дэвшүүлээгүйн төлөө намаа тарааж байсан МАХН-ын дарга иргэний хөдөлгөөний хэдэн хүүхдүүдийг ажил, албан тушаалтай болгохын төлөө амиа зольж, журмыг сахина ч гэж хаа л билээ. Харин Ардчилсан нам, Ардын нам хоёр алдаж онож байгаа тохиолдолд шархан дээр нь давс үрээд суухад шавхруу нь тэдэнд олдож л таараа. Ийм л бодлого, ийм л тохироо улс төрийн хүчнүүдийн дунд явж байна даа. Энэ тэгээд улс төрийн бодлого уу, ужиг өвчин юм болов уу?

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж