“Милан” англичуудын учрыг олж эхлэв бололтой

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

“Милан” англичуудын учрыг олж эхлэв бололтой

Италийн “Милан” “Аваргуудын лиг”-ийн дунд шөвөгт өрсөлдөх эрхээ бараг халаасалсан хоёр дахь баг боллоо. “Хар-хөхүүд” нутагтаа Английн “Арсенал”-ыг 4:0-ээр дээрэлхсэн юм. Өмнөх өдөр нь Испанийн “Барселона” Германы “Леверкузен”-ийг гэрт нь 3:1-ээр ялж, үндсэндээ ¼ шигшээд багтаад байв. Ингээд лхагваас пүрэв гаригт шилжих шөнө болсон хоёр тоглолтын тоймыг хүргэе.

Милан (Итали) – Арсенал (Англи) 4:0

Гоол: Боатенг 15, Робиньо 38,49, Ибрахимович 79 (пен)

Милан “Сан-Сиро”, 64462 үзэгч

“Милан”-ы хувьд Английн багууд ямагт эвгүй өрсөлдөгч байсаар ирсэн. Хамгийн сүүлчийн жишээ дурдвал тэд өнгөрсөн жилийн “Аваргуудын лиг”-ийн энэ шатанд Лондоны “Тоттенхэм”-д дийлдсэн. Сая тоглосон “Арсенал”-тайгаа л гэхэд 2007-2008 оны улирлын яг энэ шатанд учраад бараагүй. Харин “Милан” хөлбөмбөгийн эх орныхонтой тоглох арга олсон бололтой.

Хасагдах шатны сугалааны үйл ажиллагааны эцэст олонх “Арсенал”, “Милан” таарсныг хамгийн сонирхолтой тоглолт хэмээн тооцож байв. Харин “Сан-Сиро”-д болсон эхний тоглолтын дараа энэ бүх бодол эсрэгээрээ эргэчихлээ. “Хар-хөхүүд” тоглолтын санаачлагыг эхний хормоос л авч, ердөө 15 дахь минутад гоолын салхийг хагалсан. Гана хагас хамгаалагч Кевин Принс Боатенгийг эсрэг багийн хаалгач Войцех Щенсныйгийн дээгүүр цөм цохиж хийсэн гоол үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч байсан юм. 1988 оны ЕАШТ-ий шигшээ тоглолтод Нидерландын домогт тоглогч Марко ван Бастен ЗХУ-ын алдарт хаалгач Ринат Дасаевийн хаалганд хийсэн гоолтой тун ч төстэй. Улмаар Златан Ибрахимович, Робиньо нарын хослон тоглолт амжилтад хүрч, эхний үе 2:0-ээр өндөрлөв.

“Арсенал”-ын дасгалжуулагч Арсен Венгер үеийн дундуур Тьерри Анриг талбайд гаргалаа. Энэ нь домогт довтлогчийн “Их буучид”-ын төлөөх сүүлчийн тоглолт байсан ч багтаа тусалж чадсангүй. Түүний АНУ руу буцаж, “Нью-Йорк Ред Булл” багтайгаа буцаж нэгдэх цаг нэгэнт болжээ. Зочид хоёрдугаар хагаст ч юу хийж чадалгүй байсаар эцсийн дүндээ 0:4-өөр дийлдсэн юм. Энэ “Арсенал”-ын Европын тавцанд амссан хамгийн том ялагдал байлаа.

Зенит (ОХУ) – Бенфика (Португал) 3:2

Гоол: Широков 27, 89, Семак 71 –Перейра 20, Кардосо 87

Санкт-Петербург, “Петровский” 21,00 үзэгч

Хөлбөмбөгт оросуудын хамгийн эвгүй учраа нь португалчууд байсан. Шигшээ багийн ч, клубийн ч хэмжээнд тэр. Шигшээ багийн ч, клубийн ч хэмжээнд тэр. Харин Санкт-Петербургийн “Зенит” үүнийг эвдэж байна. Тэд Португалийн хамгийн хүчирхэг клуб “Порту”-г хэсгийн шатанд мулталсан эрчээрээ хасагдах шатны эхний тоглолтод “Бенфика”-г өвдөг шороодууллаа. Тоглолт маш тэнцүүхэн, ширүүн өрнөсний эцэст 3:2-оор өндөрлөсөн.

“Зенит” эхний бөмбөгийг алдаж хүнд байдалд орсон ч тун сайн тоглосон. Магадгүй 2008 онд “Европын лиг”-т түрүүлснээсээ хойш ийм сайн тоглолт үзүүлээгүй байх. Хагас хамгаалагч Роман Широков багийн авралын од нь байж, дубль хийсэн юм. Ялангуяа хоёр дахь гоол нь сэтгэл хөдөлгөм байлаа. “Бенфика”-гийн довтлогч Оскар Кардосо 87 дахь хоромд тоог 2:2 болгоод байв. Харин үүнээс хоёрхон хормын дараа Широков ялалтын бөмбөг шигтгэсэн юм. Хэрвээ хаалгач Жевнов нь жаахан аятайхан тоглож, хямдхан хоёр бөмбөг алдаагүй бол “Зенит”-ийн нөхцөл байдал хамаагүй сайн байх байлаа. Тэднийг гуравдугаар сарын 6-нд Лиссабон хотын “Да Луш” цэнгэлдэх хүрээлэнд тун хүнд тоглолт хүлээж байна.

Д.Нанжид

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж