АН-ын гишүүд Хан-Уул дүүрэгт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

АН-ын гишүүд Хан-Уул дүүрэгт ажиллалаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг болон Л.Болд, Э.Бат-Үүл, З.Энхболд, Батж.Батбаяр, Г.Батхүү нарын гишүүд өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрынхантай уулзаж, ажил байдалтай нь танилцлаа.

2008 оны орон нутгийн сонгуулиар Хан-Уул дүүрэгт Ардчилсан нам ялснаар тус дүүрэг нийслэлийн цорын ганц “цэнхэр” дүүрэг болсон юм. Ардчилсан нам орон нутгийн удирдлагад сонгогдон ажилласнаас хойш өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүргийн төсвийн орлого 1.8 тэрбум төгрөг байснаас 12.5 тэрбум болон өсч, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлого нь 288 саяас 7.5 тэрбум төгрөгт хүрчээ.

Энэхүү өсөлтийн цаана үйлдвэрлэл, үйлчилгээ эрчимжиж, ажлын байр нэмэгдсэн гэдгийг УИХ-ын гишүүдэд дүүргийн удирдлагууд танилцууллаа. Хамгийн гол нь тус дүүргийн удирдлагууд төрийн үйлчилгээндээ нээлттэй, шуурхай, иргэдийн оролцоог хангах механизмыг чухалчилж, тэдний эрх ашиг, эрэлт хэрэгцээ бодлого, шийдвэрт тусгалаа олдог байх зарчмыг өмнөө барьж ажилласан байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг үйл ажиллагааныхаа талаар танилцуулсны дараа гишүүд зарми асуудлаар мэдээлэл хүсч, харилцан санал солилцсон юм. Тухайлбал, гишүүн З.Энхболд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулах асуудлаар ямар байр суурьтай байгааг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөөс сонирхсон бол Э.Бат-Үүл Яармаг, Нисэхийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээгээр хангах боломжийг тодруулж байлаа. Мөн гишүүн Г.Баярсайхан Богдхан уулын газрын асуудлыг хөндсөн юм.

Хан-Уул дүүргийн удирдлагуудын хувьд УИХ болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа өөрсдийн үйл ажиллагаанд үндэслэн тайлбарлаж байна. Мөн гэр хорооллыг орон сууцжуулахад чиглэсэн суурь судалгаанууд хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн сонирхсон нэг асуудал нь дүүргийн нам дотор зөрчил байлаа. Орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялсан Хан-Уул дүүргийн Ардчилсан нам 2009 оноос хойш хоёр жил шахам дотроо маргаантай байсан ч өнгөрсөн оноос хойш асуудлыг нэг тийш шийдэж чаджээ. Гэхдээ зарим хороо, үүрийн төвшинд хоёр удирдлагатай хэвээр байгаа аж. Ирэх сонгуулиас өмнө нам доторх асуудлыг цэгцлэх хэрэгтэй гэж дүүргийн намын удирдлагууд үзэж байгаагаа гишүүдэд хэлсэн. Гэхдээ энэ асуудалд АН-ын бүлгийн гишүүд гойд анхааралтай хандуулсангүй. Хан-Уул дүүргийн Засаг дарга болон ИТХ-ын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлснээр хоёр талын уулзалт өндөрлөсөн юм.  

З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж