Шүүгч, ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх захирамж гаргав

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Шүүгч, ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх захирамж гаргав

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг шүүгч, шүүхийн ажилтнуудын компьютерийн хэрэглээний программ хангамжийг ашиглах мэдлэг, ур чадварыг  дээшлүүлэх тухай захирамж гаргажээ.

Шүүхүүдэд хэрэгжиж байгаа шүүхийн мониторингийн төслийн хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны программ хангамжийн мэдээлэл, бүртгэлийн программын агуулгыг өөрчилж, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд чиглүүлэн шинээр нэвтрүүлэх ажил хийгдэж байгаа. Мониторингийн программ хангамжийг одоогийн байдлаар түшиц шүүх буюу  Чингэлтэй дүүргийн шүүхэд туршиж үр дүнг тооцож байна. Ийнхүү туршилтын үр дүнгээс шалтгаалан цаашдаа бүх шүүхүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны програм хангамж шүүхэд нэвтэрснээр шүүхийн шинэчлэлд чухал хувь нэмэр оруулах бөгөөд шүүхийн нээлттэй ил тод, хүртээмжтэй байдалд том нөлөө үзүүлнэ гэж тооцож байгаа юм.

Шүүхийн шинэчлэлд ач холбогдолтой уг програм хангамжийг нэвтрүүлэхийн тулд хийгдэж байгаа бэлтгэл ажлуудын нэг болгож Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга дээрх захирамжийг гаргажээ. Энэ захирамжаар нийт шүүгч, шүүхийн ажилтнуудад компьютерийн хэрэглээний програм хангамжийг ашиглахад шаардлагатай зохих түвшний мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байхыг үүрэг болгосон байна. Мөн шүүгч ажилтнуудад дээрх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийн сургалт зохион явуулах чиг үүргийг тусгаж, хэрэгцээ шаардлагыг судлан сургалтын тусгай хөтөлбөр гарган мөрдүүлж, үр дүнг тооцохыг Шүүхийн Ерөнхий зөвлөл болон шүүхийн тамгын газар, хэлтсийн дарга нарт даалгажээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж