“Миний л монгол” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

“Миний л монгол” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд хоёрдугаар сарын 17-нд буюу өнөөдөр 16.00 цагт зураач Г.Цэнгүнжавын бие даасан “Миний л Монгол-2” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.

Экологийн тэнцвэр алдагдаж байгаа өнөө үед эх орныхоо байгалийн сайхан өнгө төрхийг бишрэн хүндэтгэж онгон дагшин байгалиа хэвээр нь хадгалах чин хүслээ уран бүтээлээрээ дамжуулан хүргэж байгаа зураачийн дуу хоолойг энэхүү үзэсгэлэнгээс тольдон харж болох нь ээ.

Зураач Г.Цэнгүнжав нь байгаль, мал амьтан, хөдөөгийн ард түмний хөрөг, аж амьдралыг бодит арга барилаар өөрийн мэдрэмж өнгө аялгуугаар зурдгаараа онцлог юм. 

Энэхүү үзэсгэлэн нь зураачийн гурав дахь бие даасан үзэсгэлэн юм. Миний л монгол үзэсгэлэнд зураачийн сүүлийн 10 гаруй жилд хийсэн 50 гаруй бүтээл дэлгэгдэх нь. Тэрбээр өөрийн оронд төдийгүй гадаадын орнуудад уран бүтээлээрээ хэдийнэ танил болсон бөгөөд үүнд түүний “Хөвсгөл далай”, “Гавъяат”, “Өндөр Гонгор”, гээд олон бүтээлүүдийг нь нэрлэж болох юм.

Цэнгүнжавын урлагийн ертөнцөөр тухлан аялж, оюуны мэлмийгээ нээн саатаарай.  Үзэсгэлэн хоёрдугаар сарын 22-н хүртэл үргэлжилнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж