Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд нөхөн төлбөр олгоно

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд нөхөн төлбөр олгоно

Төрийн өмчийн байгууллагад
ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас
хөдөлмөрийн чадвараа алдсан 352 хүнд нэг удаа нөхөн төлбөр олгох болов.
Үүнд шаардагдах 98 сая 840 гаруй мянган төгрөгийг Засгийн газрын нөөц
сангаас гаргахаар тогтлоо. 1990-ээд оны дунд үеэс уул уурхайн үйлдвэрүүд
хувьчлагдан, зарим нь дампуурснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс
шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд харъяалагдах
байгууллагагүй болсон юм.

Засгийн газар үүнд дүгнэлт хийн
холбогдох хуулийн заалтыг үндэслэн өнгөрсөн онд 1731 уурхайчинд 486 сая
төгрөгийн нөхөн төлбөр өгсөн байна. Тухайлбал Налайх, Хэнтий аймгийн
Бэрх-Уул, Ховд аймгийн Хөшөөт, Дорнод аймгийн Адуунчулуун улсын
үйлдвэрийн газар, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хөвсгөл аймгийн Могойн
гол, Дундговь аймгийн Тэвшийн говь, Өвөрхангай аймгийн Баянтээг, Булган
аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайг тус тус
төрийн өмчид байсан хугацааг нь тооцож, уурхайчдад нөхөн төлбөр олгожээ.

Мөн Говь-Алтай аймгийн Зээгт,
Хэнтий аймгийн Чандгана, Төв аймгийн Иххайрхан, Сүхбаатар аймгийн
Бүрэнцогт, Дундговь аймгийн Цагаан-Овоо зэрэг татан буугдсан уурхайд
ажиллаж байсан хүмүүсийг ч хамруулсан байна. Гэвч аймаг, дүүргийн
Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулан нөхөн төлбөр авах эрхтэй болсон ч
судалгаанд бүрэн хамрагдаагүй 352 хүн нэмэгдсэн тул Засгийн газар нөхөн
төлбөр олгохоор шийдвэрлэлээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж