Авъяаслаг хүүхдүүдийг тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Авъяаслаг хүүхдүүдийг тодрууллаа

”Мөнгөн хараацай”  хүүхэд, өсвөр үеийнхний дунд Ардын урлагийн оны шилдгийг тодруулах  наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 16-нд Олон улсын хүүхдийн“Найрамдал”төвд боллоо. Энэ үеэр туулай жил улирч, луу жил гарахаас өмнө оны шилдгээ шалгарууллаа гэж уг наадмыг зохион байгуулагчид хэлж байлаа.

Монголд анх удаа болж байгаа “Мөнгөнхараацай”наадамд Өмнөговь, Увс, Дундговь, Сүхбаатар, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дорноговь, Орхон, Булган, Хэнтий, Архангай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ аймаг, Баянзүрх дүүргийн Соёлынтөв, Монголын хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллеж, Ардын урлагийн“Хөгсүү”чуулгын авьяаслаг 300 гаруй хүүхдийн урлагийн бүтээл оролцлоо.

Наадмын эхний шатанд уран бүтээлч хүүхдүүд бүтээлээ дүрс бичлэгээр илгээсэн байна. Харин Урлагийн гавьяат зүтгэлтэн бүжиг дэглээч С.Сүхбаатар, Ардын жүжигчин морин хуурч Ч.Батсайхан, СУИС-ын багш продюссер хөөмэй судлаач Б.Одсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид шүүсэн юм. Энэ үеэр гоцлол дуу, хамтлаг дуу,  гоцлол бүжиг, хөгжим, язгуур урлаг гэх мэт төрлөөр ардын урлагийн туулай жилийн оны шилдгийг тодрууллаа. Мөн хүүхдийн урлагийн авьяасыг нээн илрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн байгууллага, уран бүтээлчид, багш нараас шилдгийг нь шалгаруулав.

-Гоцлол дууны төрөлд Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаарсургуулийн 9-Б ангийн сурагч Ч.Энхгэрэл,

-Хамтлаг дууны төрөлд Сайн цагаан сумын сургуулийн “Болор солонго”хамтлаг,

-Гоцлол бүжгийн төрөлд Сэлэнгэ аймгйн Түнхэл тосгоны “Эрдэнэс” бүжгийн хамтлаг,

-Гоцлол хөгжмийн төрөлд Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн”  цогцолбор сургуулийн сурагч А.Маргад,

-Хамтлаг хөгжмийн төрөлд Хөгжим бүжгийн коллежийн “Цохивор”хөгжмийн хамтлаг,

-Язгуур урлагийн төрөлд нийслэлийн 6 дугаар сургуулийн сурагч Т.Билгүүн,

-Олны ташаалд нийцсэн болон авьяастныг дэмжигч байгууллагаар Завхан аймгийн 999 хүүхдийн “Очирваанийн эгшиглэн” морин хуурын чуулгын тоглолт тус тус шалгарсан байна.Харин авьяастныг дэмжигч багшаар Дорноговь аймгийн “Говийн уянга” хамтлагийн удирдагч багш Д.Саранцэцэг, “Дэлхийн зөнМонгол”ОУБ-ын найрал дууны“Хөх тэнгэрийн хүүхдүүд” хамтлагийн удирдагч багш Г.Эрдэнэчулуун нар тодорсон байна.

“Мөнгөн хараацай”наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр болсон авьяаслаг хүүхдүүдийн гала тоглолтыг үзэхээр нийслэлийн асрамжийн газрын хүүхдүүд болон хүүхдийн төлөө үйлсэд зүтгэж яваа монголын төр захиргааны байгууллагын төлөөлөгчид, урлаг соёл, бизнесийн салбарын алдартнууд урилгаар оролцлоо. НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин МУГЖ Т.Ариунаа ая дуугаа өргөв.

“Үе тэнгийнхээ хүүхдүүдийг дуулж, бүжиглэхийг харлаа. Маш их гоё байна би ч гэсэн тэд  шиг дуулж бүжиглэдэгдугуйланд одоо орноо”гэж асрамжийн газрын нэгэн хүү хэлж байв.

Авьяаслаг хүүхдүүдийн нэгдсэн тоглолтыг үзэж, хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцсон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан “Мөнгөн хараацай”наадмын талаар сэтгэгдлээ хэлэхдээ“Үнэхээр сайхан тоглолт үзлээ. Найрамдал төвийн шинээр барьсан“Хараацай”театр маш тохилог, орчин үеийн хийц загвартай юм байна. Манай байгууллага хүүхдийн сайн сайхны төлөө Найрамдал зуслан шиг ийм хариуцлагатай, туршлагатай байгууллагатай хамтран ажилласаар ирсэн. Цаашид ч хамтран ажиллана. Энэ жил Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ой болж байгаа. Олон арга хэмжээ зохион байгуулна. Авьяаслаг хүүхдүүдийг дэмжих олон ажил төлөвлөсөн. Тухайлбал, ирэх наймдугаар сард бид Зүүн Азийн хүүхдийн урлагийн их наадмыг Монголд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд энэ наадамд оролцсон авьяаслаг хүүхдүүдээ идэвхитэй орлцохыг урьж байна, ОУ-ын хүүхдийн “Найрамдал”төвтэй бид энэ жил хамтран их ажил бүтээнэ”гэж хэлсэн юм.

Наадмын гол зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхэнд ардын урлагийн их өв санг сурталчлах, өвлүүлэх, үндэсний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, улмаар ардын урлагийн чиглэлээр тухайн оны шилдэг хамтлаг, авьяаслаг сурагчдыг тодруулах юм байна. Уг наадмыг  цаашид  жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж