Хууль хяналтын байгууллагын удирдлагыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Хууль хяналтын байгууллагын удирдлагыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын Ерөнхий прокурорын газрын дарга Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир, Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын зорилго нь шүүх болоод хууль хяналтын байгууллагууд ажил үүргээ гүйцэтгэхэд бэрхшээл учирч байна уу, жилийн өмнө өгсөн үүрэг даалгаврууд хэрхэн хэрэгжиж буй талаар санал бодлыг нь сонсоход чиглэв.

Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийн хэлснээр бол шүүх байгууллагад хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд анхаарал тавьж ажиллаж байгаа. Ажилдаа хариуцлагагүй хандсан хэд, хэдэн шүүгчийг чөлөөлсөн. Шүүхийн тухай багц хуулийн төсөл УИХ-аар батлагдсан нөхцөлд шүүхийн байгууллага нь орвонгоороо өөрчлөгдөж, шинэ зохион байгуулалтаар ажиллах болно гэдэг мэдээллийг өглөө.

Улсын Ерөнхий прокурорын газрын хувьд өнгөрсөн хугацаанд 15 прокурорыг ажлаас чөлөөлсний зэрэгцээ сэлгээнүүдийг нэлээд хийжээ. Нийт 93 прокурорыг сэлгэж, ажиллуулсан. Тэдгээрээс 25 нь удирдах албан тушаал хашиж байсан. Сэлгээг хийхдээ тухайн ажил дээрээ хэт удсан, ажлын үр дүн гарахгүй байгаа зэргийг харгалзан үзсэн юм байна. Мөн анхан шатанд гурваас доошгүй жил ажилласан нөхцөлд дээд шатанд дэвших гэсэн  асуудлыг ч боловсон хүчнүүдэд  нөхцөл болгон тавьжээ.

Мөн тус газар нь Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаа гэнэ. Энэ хүрээнд прокурорын байгууллагууд нь хоорондоо онлайнаар мэдээллээ солилцох боломжтой болсон. Прокурорууд нь мөн туршлагаа солилцож залуу прокуроруудыг дадлагажуулах чиглэлээр ажил нэлээд урагшилж буй болохыг тус газрын дарга хэллээ.

Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очирын хэлснээр Эрүүгийн нөхцөл байдал нэлээд хүндэрч буй. Өнгөрсөн онд 19200 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2010 оныхоос 3,2 хувиар буурсан тоон үзүүлэлт юм. Хөдөөд малын хулгай малчдад гарз дагуулсаар байгаа бол Улаанбаатар хотод орон байрны хулгай иргэдэд хамгийн их хохирол учруулж буй ажээ. Гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцлийг судлахад нийт үйлдэгдсэн хэргийн 25 хувь нь архидан согтуурсан үедээ үйлдэгдсэн байдаг гэнэ. Тиймээс архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд ажиллах шаардлага байгааг ч онцоллоо.

Авлигатай тэмцэх газрын хувьд орон тоогоо нэмэгдүүлэхгүй бол УИХ-аас Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор ажлын ачаалал эрс нэмэгдэх болжээ. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр хэрэгжих хугацаан дээр нь хэсэгчлэн хориг тавьсан болохоо энэ үеэр онцолсон. Учир нь уг хуулийн хэрэгжих хугацааг ирэх долдугаар сарын 1-н гэж баталсан. Харин Ерөнхийлөгчийн хувьд тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих ёстой гэж үзэж, хориг тавьсан болохоо энэ үеэр мөн тэмдэглэлээ.

Авлигатай тэмцэх газрын даргын хэлснээр Авлигын эсрэг хуульдаа өөрчлөлт оруулах цаг болсон гэж байна. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн үйлчлэх хугацаа 2010 онд дууссан тул шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж буйг мэдэгдлээ.
Авлигатай тэмцэх газар нь жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтаан төрийн албаныхан болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь хүлээж авдаг. Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг үндсэнд нь бүгдийг хүлээж авсан тодруулбал, 99.7 хувьтай гэнэ.

Дээрх мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шүүх, хууль хяналтын байгууллага нь гол нь шударга бус хүмүүсээсээ салах ёстой. Прокурорын газарт халаа сэлгээ хийгдсэн гэж байна, энд бараг хүмүүсийг албанаас чөлөөлдөггүй байсан. Гол нь энэ халаа сэлгээнээс үр дүн гарч ажил урагшлах ёстой. Ер нь шударга бусаар ажиллаж хууль бусаар хөрөнгөждөг,  албан тушаалаасаа буудаггүй хүмүүс гарын хуруунд л багтана. УИХ-д бид шүүх, хууль хяналтын байгууллагыг шинэтгэх зорилгоор зургаан хуулийн төсөл мэдүүлсэн. Дахин зургаан хуулийн төсөл УИХ-д мэдүүлнэ. Гэвч хуулийн төслийг УИХ-аас батлах талд чармайлт гаргахгүй байна. Тэвчээр маань маш бага үлдсэн. УИХ дээр үг хэлдэг ч юм билүү гэж бодож байсан, завсарлалаа. Шинээр өргөн мэдүүлэх зургаан хуулийн төслийг УИХ хаврын чуулганаараа хэлэлцэн баталж өгөхгүй бол УИХ-ын гишүүдэд ард түмэндээ нүүрээ харуулах эрх байхгүй. Тэр тусмаа УИХ-д дахин нэр дэвших эрх байхгүй гэж мэдэгдсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж