Багууд нийт гурван тойрог өрсөлдөх бөгөөд өнгөрсөн жилийн лигийн аварга “Харцага”, ШУТИС-ийн “Шаркс”-ын тоглолтоор 17 дахь удаагийн лигийн тэмцээн эхэлсэн юм. Лигийн аваргууд тоглолтын санаачлагыг эхнээсээ авч, улмаар 76:65-аар ялалт байгуулсан. “Аварга загаснууд” шийдвэрлэх дөрөвдүгээр үед онооны зөрүүг хоёр болгож ойртуулсан нь хамгийн том амжилт байлаа.
Хоёр дахь тоглолт Монгол Улсын шигшээ багийн тоглогч Ш.Сэдбазар, С.Өрнүүнбилэг, Ц.Пүрэвдорж, Т.Санчир, мөн хоёр америк тоглогчоор хүчээ зузаатгасан лигийн гурван удаагийн аварга “Хасын хүлгүүд” болон энэ жилийн дээд лигт анх удаа тоосоо өргөж буй “Пэпси хөгжлийг лиг”-ийн дэд аварга “SBL”-ийн хооронд болов. Энэхүү тоглолт төдийлөн сонирхолтой болж чадсангүй, хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Хүлгүүд” дөрвөн үеийн турш илүүрхсээр 62:41-ээр ялалт байгуулсан.
Сүүлийн тоглолт энэ жил багтаа том шинэчлэлт хийсэн “Баянзүрх Буллз”, өнгөрсөн жилийн лигийн тэмцээнд плей-оффын гадна үлдсэн “Сүлд” спорт хорооны “Офицерууд”-ын хооронд ширүүн өрсөлдөөнтэй болсон. Энэ тоглолтод шигшээ багийн тоглогч М.Бадрах болон хоёр легинонероор хүчээ зузаатгасан ШШГЕГ-ын баг хүчтэй өрсөлдөгчөө 88:73-аар буулган авсан юм.
“Өдрийн шуудан” сонин