“Үндэсний брэндийг дэлхийд тунхаглана”

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

“Үндэсний брэндийг дэлхийд тунхаглана”

Дэлхийн зах зээлд өөрийн үндэсний бүтээгдэхүүнийг гарган, цаашид тэрхүү орон зайд Монголын бүтээгдэхүүн үгүйлэгдэх эрин үе ирэх учиртай гэдэг. Тэгвэл энэхүү үйл хэргийг гүйцэлдүүлэхийн тулд Гадаад харилцааны  яам, Үндэсний Хөгжил шинэтгэлийн хороо, Монголйын Маркетингийн холбоо, Монголын Худалдаа аж үйлдвэрийн тэнхим хамтран “Олон улсын зах зээлд Монгол Улсын брэндийг бий болгох бодлогын асуудал” сэдэвт форумыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр Төрийн болон Төрийн бус, бизнесийн сургалт, судалгааны, олон улсын байгууллагуудын 100-аад төлөөлөгчид чуулж,Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, экспортын бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт, брэнд бүтээгдэхүүн бий болгоход тулгарч буй саад бэрхшээл зэрэг цогц асуудлуудын талаар  өнөөдрийн туршид хэлэлцэж байна.

Форумыг нээж, Гадаад харилцааны яамны дэд сайд Г.Тэнгэр “Үндэсний брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг бодлогоор дэмжиж, хэрэгцээт түүхий эдээр нь баталгаатай хангах, шинэ техник технологийг үйлдвэрлэлд нь нэвтрүүлэх, цаашлаад дэлхийн зах зээлд  таниулан сурталчлах маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлэх хүртэлх цогц үйл явцыг бид өнөөдөр хөндөж байна. Өөрөөр хэлбэл үндэсний брэндийг бий бүтээх, байгааг нь хэрхэн дэмжих талаар өнөөдрийн форумаар хэлэлцэж байгаа нь цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн хэлсэн юм.

“Монгол брэнд дэлхийд” форумын үеэр “инноваци” болон “аутсорсинг”-ийн талаар хөндөж байсан бөгөөд энэ нь брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахад чухал нөлөөтэй гэж үзэж байсан. Эхний илтгэл болох Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулууны илтгэлд Монгол улсын  тухай “манай улс уул уурхайн салбартаа түшиглэсэн ядуу, сэндвич маягаар хоёр том улсын дунд хавчигдсан “Майнголиа”, харанхуй бүдүүлэг улс болчихоод байна” гэсэн сонирхолтой тодорхойлолтыг дурдаж байсан нь ихээхэн сонирхол татаж байлаа.

Дэлхийд танигдахын тулд зөвхөн үндэснийхээ бараа бүтээгдэхүүнийг гаргах бус өөрийн орныг сурталчлан таниулж, аялал жуулчлалын төв болох зорилтыг хэрэгжүүлэх, Монгол Улсыг төлөөлж аливаа үзэсгэлэн яармагт оролцохдоо машид анхаарах хэрэгтэй тухай онцолж байлаа. Монголын брэндийг бий болгохын тулд бусад орноос ялгарах онцлогоо тодорхойлох, эерэг имидж бүрдүүлэх, бусдаас өвөрмөц брэнд гаргах хэрэгтэй гэнэ. Олон улсын шинж чанартай үзэсгэлэн яармагт  оролцоно гэдэг нь сурталчлан таниулах ихээхэн үйл хэрэг гэдгийг тодорхойлоод, “Mongolia” гэсэн гадаад ганц үгээр эх орныхоо имиджийг тодорхойлох ёсгүй хэмээн “Нью Жуулчин турс” ХХК-ийн Ерөнхий захирал  Ш.Нэргүй илтгэлдээ дурдсан. Тэрээр өөрийн орны имиджийг хэрхэн бүрдүүлэх үндэс нь энэ талаарх судалгаа хийж, гадаад оронд төлөөлөх оновчтой үг, лого бодож олж, брэндийг бий болгох, тэр үйл ажиллагааг тасралтгүй хийхэд орших тухай тодорхойлсон юм. Энэхүү илтгэл нь зохион байгуулагч төрийн болон төрийн бус байгууллагуудийн удирдлагууд, төлөөлөгч нарын анхаарлыг ихэд татсан бөгөөд үйл ажиллагаандаа тусгах хэрэгцээтэй тухай форумын үеэр хэлэлцэж байсан.

Монголын маркетингийн холбооны тэргүүн Б.Даваасүрэнгээс цөөн асуултанд хариулт авлаа.

-Форумын зорилго, ач холбогдлыг танай байгууллагын зүгээс ямар өнцгөөр харж байна вэ?

-Өнөөдөр бид уул уурхайн салбараас хэт хараат байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хувьд их өрөөсгөл бүтэцтэй байна. Тэгэхээр бид аль болох нэмүүн өртөг шингээсэн бүтээгдэхүүний гадаадын зах зээлд экспортлох хэрэгтэй. Ингэснээр улс орны орлогыг нэмэгдүүлэх гарц болно. Энэ бодлого Төрийн хэмжээнд, брэндийн хэмжээнд хэлэлцэж байгаа нь нэн ач холбогдолтой.

-Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд юу хэрэгтэй вэ? 

-Брэнд гэдэг асуудал тухайн бараа бүтээгдэхүүнд хэрэглэгчийн зүгээс хамгийн их итгэл үнэмшил дагуулсан байх ёстой. Энэ нь цаашид маш олон асуудлыг хөндлөх болно. Түүхий эд, үйлдвэрлэлийн техник технологи, гаргасны дараа гадаад зах зээл дээр хэрхэн хүргэх талаарх асуудлыг хамруулна. Эхний ээлжинд эдгээр ажлыг хариуцан ажиллах нэгж, байгууллагыг томилох, тэдний үүрэг бүтэц нь хэр байхыг тодорхойлох юм. Түүний дараа тодорхой ажлуудын төлөвлөгөө гарч ирнэ. Энэ нь ерөнхийдөө компанийн асуудал боловч төрөөс дэмжлэгтэйгээр олон улсад төлөөлөх монголын нүүр царай болох юм.

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунаас тодрууллаа.

-Брэндийн тухай ойлголтыг хэрхэн тодорхойлох вэ?

-Ер нь брэндийг хоёр салгаж авч үзэж болно. Монгол улсын өөрийн брэнд болон манай улсын үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн. Олон улсад танигдах, Монгол Улсыг төсөөлөхөд ямар бүтээгдэхүүн гарч ирэх нь үү гэдэг нь их чухал. Манай улсын хувьд хэдийгээр эрчимтэй хөгжиж байгаа гэдэг ч байгаль орчин сүйдэж байгаа, уул уурхай л давамгайлсан орон гэдэг. Үүнээс салахын тулд өөрсдийн давуу талыг танилцуулах ёстой. Танилцуулахгүй л бол хэн ч мэдэхгүй. Ардчилсан хуулиа дээдэлдэг боловсролтой хүн ам харанхуй бүдүүлэг биш зэрэг олон сайн сайхан зүйлс байна шүү дээ.

-Энэ хүрээнд одоогийн байдлаар ямар төсөл хөтөлбөр, ажил хэрэгжих вэ?

-Одоогийн байдлаар экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг өргөн дэвшүүлсэн байгаа. Үүнд үндэсний брэндийг хийх гэсэн ойлголт анх удаа орж байна. Энэ нь цаанаа Монгол Улсын брэндийг олон улсад таниулах ажлын талаар асар ихээр шингээж байгаа юм. Салбар салбарт авч үзвэл сурталчлан таниулахын тухайд уул уурхайн салбар амжилттай байна гэж хэлж болно. Тухайлбал Coal Mongolia чуулга уулзалтын жишээ байна. Гадаад дотоодын олон төлөөлөгчид чуулж, үндсэндээ уул уурхайн салбарт Монгол улсыг ихээхэн онцлох боллоо. Бусад салбарын тухайд мөн ийм байх ёстой.

Монгол Улс 2011 онд 65 оронтой экспортын худалдаа хийж, гадаадын оронд бараа бүтээгдэхүүн гаргасан үзүүлэлт огцом өссөн гэнэ. Ингэхдээ нийт бүтээгдэхүүний 89,2 хувийг эрдэс бүтээгдэхүүн экспортлосон ажээ. Үүнээс үзэхэд зөвхөн уул уурхайн салбарыг хэт идэвхжүүлэх бус бусад салбарыг нэн анхаарах хэрэгтэй хэмээн албаныхан үзэж байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж