Сэлбийн жалганд 80 гаруй машин хогийг асгана

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Сэлбийн жалганд 80 гаруй машин хогийг асгана

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн төвөөс хог ачин, 13 дугаар хорооны даланд 30-40 машин хог авч ирж асгаж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу  өчигдөр газар дээр нь очин сурвалжилсан билээ. Албаны хүний мэдээлсэнээр энэхүү Сэлбийн жалганд өдөрт 20 машинаас доошгүй хогийг асгадаг ажээ. Өнөөдөр овоолсон хогийг зөөж, орчныг цэвэрлэсэн эсэхийг сонирхон дээрх хогийг асгасан гэх Сүхбаатар дүүргийн “Дэвшил” улсын үйлдвэрийн орлогч дарга М.Батхуягаас  тодрууллаа.

-Өчигдрийн хогийг ачиж, цэвэрлэсэн үү?

-Үгүй ээ, бид ирэх ням гаригт цэвэрлэхээр шийдсэн байгаа. Өмнөх өдрүүдийн хогийг  15-нд  есөн том машинаар ачсан шүү дээ. Ням гаригийн 08.00 цагаас эхлэн энд байгаа хогийг эрчимтэйгээр Улаанчулуутын хогийн цэгрүү зөөвөрлөж эхэлнэ.

-Өдөрт хэдэн машин хог асгадаг вэ?

-Дор хаяж хорин машин хог асгадаг. Маргааш, нөгөөдөр манай хороод бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ. Тэрхүү цэвэрлэгээнээс бас их хэмжээний хог гарах байх. Тэгээд л бөөндөж байгаад л асгах бодолтой байна даа.

-Тэгэхээр энд бараг 80 гаруй машин хог бөөгнөрөх юм байна. Орчин тойрондоо хийсэж тарах байдал ч их байсан. Яагаад заавал хур хог үүсгэх гээд байгаа вэ?

-Бид хогийг хамж, дээш нь өргөн машинд ачдаг ковшийг өдрөөр нь түрээслэн авдаг. Тэр нь нааш цааш явахдаа их хэмжээний бензин хэрэглэдэг. Тиймээс манай бодлогын хүрээнд бөөнд нь ачих хэрэг гараад байна.

Мөн тэд хогийг бөөгнөрүүлэн овоолж буйгаа “Манай байгууллага нийслэлийн алслагдсан Сэлбэ, Бэлх, Дамбадаржаа, Дарь-Эх зэрэг нийт таван хорооны хогийг ачиж тээвэрлэдэг. Улаанчулуутын хогийн цэг нь тус хорооноос нэг талдаа 30 километр учраас шатахууны зардал хүндээр тусдаг. Одоо байгаа  “Хоовоо” гэдэг машин нь хогны дөрвөн машинтай тэнцэх хогийг багтаан тээвэрлэх хүчин чадалтай. Тиймээс энд бөөгнүүлж байгаад нэг явбал цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй” хэмээн тайлбарласан.

Ямартай ч ирэх ням гариг хүртэл энд 80 гаруй машин хог овоорох нь тодорхой боллоо. Харин сар шинээс өмнө, амласан хугацаандаа тус жалгыг цэвэрлэж, нэг ч машин хог үлдээлгүй ачиж дуусгаасай.

                            Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж