“Камертон 2”-ын шалгаруулалт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

“Камертон 2”-ын шалгаруулалт эхэлнэ

Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт С.Гончигсумлаа агсны нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж хэмээх их өргөөнөөс Монголын урлаг болон нийгмийн төлөвшил, соён гэгээрүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулсан олон авъяастнууд мэндэлсэн. Хүүхэд багачуудад урлагийн болон гоозүйн боловсрол олгох цорын ганц урлагийн сургууль гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өрөө болгоноос нь хөгжмийн уянгалах чимээ сонсогдсон энэ л сургуулиас “Камертон”, “Эмоушн”, хийлч Дэлгэрцэцэг зэрэг чадварлаг уран бүтээлчид төрөн гарсан билээ. Камертон хамтлагийн гишүүд өөрсдийн өсч, хүмүүжиж, урлагийн боловсрол эзэмшсэн сургуулийнхаа танхимаас  дахин нэг цоо шинэ өнгө төрхтэй хөвгүүдийн хамтлаг төрүүлэхийг зорьж  байна. Учир нь Хөгжим бүжгийн коллежийн шинэ байр ашиглалтанд ороод, будагны үнэр нь арилж амжаагүй  шинэхэн танхимд “Камертон 2” шоуны нэгдүгээр шатны шалгаруулалтын зураг авалт явагдахаар болжээ. Авъяас билгийн ундарга болсон 724 залуусын ямар азтай, одтой аавын хүү хоёрдугаар шатанд тэнцэх нь энэ танхимд шийдэгдэх юм байна. Шилдэгийн шилдэг хамтлаг болохоор зэхэж байгаа залуучуудыг урлагийн заяа түшиж, Янжинлхам бурхан ивээх болтугай.

“Камертон 2” шоуны нэгдүгээр шатны шалгаруулалт ирэх гуравдугаар сарын 5-нд эхлэх бөгөөд оролцогчид зураг авалтын хуваариа www.camerton2.mn сайтаас харах боломжтой юм байна.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж