Ж.Энхбаярын өгсөн мэдэгдлээс

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаярын өгсөн мэдэгдлээс

Батлан хамгаалахын шинэ сайд Ж.Энхбаярыг хууль бус халаа, сэлгээ хийсэн, иргэдийн жагсаал, цуглааны үед ажиллах үүрэгтэй тусгай рот бэлтгэх санал гаргасан гэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлгээс үүнийг судлах Ажлын хэсэг байгуулаад байгаа билээ. Уг асуудалтай холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын хэвлэлд хийсэн мэдэгдлүүдээс хүргэж байна. 

“Өглөөний Сонин” /2012.02.15/

“Орон нутгийнхны бүрэн арх дуусаагүй учраас
хоёр сонгуулийг зэрэг явуулах боломжгүй”

-МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газар биш шүү дээ. Ингэж дураараа авирласан томилгоог дур мэдэн хийж болохгүй биз дээ?

-Энэ Засгийн газар МАН-ынх. МАН олонх, засгаа байгуул, ажлаа хий гэдэг эрхийг ард түмэн өгсөн. Энэ хүрээнд бид ажлаа хийж байна. Дахин хэлэхэд МАН-ын Засгийн газар учраас юу дуртайгаа хийх нь бидний эрх. Эцсийн бүлэгт ард түмэн ажилласанд нь сонгуулиар дүн тавина. Түүнээс өмнө хэн яаж ч улстөрийн тоглолт хийхийг үгүйсгэх аргагүй.

“Үндэсний шуудан” /2012.02.16/

 “Зэвсэгт хүчний дотоод томилгоонд АН оролцох учиргүй”

-Таныг сонгуулийн үеэр 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээн шиг зүйл болбол ажиллуулах хоёр рот, мэргэн буучдыг тусгайлан бэлтгэх үүрэг өгсөн гэдэг мэдээлэл өнөөдрийн /өчигдрийн/ хэвлэлээр гарсан. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Нэг зүйлийг онцолж хэлэхэд Энхбаяр гэдэг хүн Батлан хамгаалах яаманд ганцаараа очсон. Яам бол бүхэлдээ  мэргэжлийн хүнээс бүрдсэн байгууллага байх ёстой. Миний жолооч, туслахаас авхуулаад бүх хүн цэргийн бэлтгэгдсэн хүчин. Би тэнд очсон цорын ганц энгийн хүн байна. Цаашдаа ч ийм байх учиртай. Зэвсэгт хүчнийг улс төрөөс ангид байлгах нь хамгийн чухал асуудал. Өмнө нь зэвсэгт хүчнийг хангалттай улстөржүүлсэн. Зэвсэгт хүчнийг улстөржүүлэх  тусам бэлэн байдлыг нь алдагдуулдаг. Түүнчлэн зэвсэгт хүчинд бүхий л амьдралаа зориулж байгаа албан хаагчид ирээдүйд итгэх итгэлээ алддаг. Зэвсэгт хүчний гол үүрэг байлдааны бэлэн байдал байх явдал. Үе үеийн сайд нар ч үүнийг шаарддаг. Би бэлэн байдлыг илүү нэмэгдүүлэх үүднээс хэд хэдэн анги нэгтгэлүүдтэй танилцаж шаардлагатай тоног төхөөрөмж, галт зэвсгээр хангах асуудлыг ярьсан. Тэр маань л ийм асуудалд хүргэчих шиг боллоо. Долдугаар сарын 1-нд болсон үйл явдлаас бид нийтээрээ сургамж авсан. Ийм  хэлбэрийн онц байдал зарласан болон газар хөдлөлт зэрэг гамшгийн үед батлан хамгаалах салбар бэлэн байдалд байх ёстой. Тиймээс шаардлагатай бол бид хэд хэдэн ангийг шинээр зохион байгуулж болно. Тэгээд ч би зэвсэгт хүчин бэлэн байх, чадалтай байхын эсрэг дугарч байгаа хүнийг ойлгохгүй байна. Ингэж дуугарч байгаа хүн цөөхөн байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Та одоо АН-ын бүлгийн хуралд оролцох уу?

-АН-ын бүлэг мэдээлэл авахыг хүссэн. Сая орсон ч өмнөх асуудлаа хэлэлцэж дуусаагүй байна гэсэн. Удахгүй буцаад орно. /Дугаар шилжих мөчид албаны эх сурвалжийн мэдээлснээр түүнийг АН-ын бүлэг хуралдаа оролцуулан мэдээлэл сонсоогүй байна./ Тодруулга авах шаардлага нь Ш.Сүхбаатар хурандаагийн томилгоотой холбоотой гэж ойлгосон. Цэргийн хуулийн дагуу  л томилгоо хийсэн. Зэвсэгт хүчний дотоод томилгоонд улс төрийн нам холбогдох учиргүй.

-Ш.Сүхбаатар гэдэг хүний томилгооноос гадна таныг нутгийн ах, багш нараа өндөр албанд  томиллоо гэдгээр буруутгаж байгаа гэж сонсон?

-Хуучин системийн үед зэвсэгт хүчинд гурав дөрвөн их, дээд сургууль, академийг төгссөн өндөн албан тушаалтай хүн цөөхөн байдаг. Энэ хүмүүс дотроос хоёр хүнийг сонгоод нэгийг нь цэргийн бодлогын зөвлөх, нөгөөг нь улстөрийн зөвлөхөөр томилсон юм. Өмнөх сайд нар энэ албан тушаалд дандаа энгийн хүмүүсийг ажиллуулж байсан. Батлан хамгаалах салбарт энгийн хүн хэрэггүй. Энхбаяр гэдэг ганцхан энгийн хүн байхад хангалттай.

“Монголын мэдээ” /2012.02.16/

 “Дотоод томилгоонд АН-ынхан анхаараад байгааг гайхаж байна”

– Таныг сонгуулийн үеэр ажиллах штаб байгууллаа. Долдугаар сарын 1-ний хэрэг давтагдвал ажиллах бүрэлдэхүүн байгууллаа гэж байна?

-Ж.Эхнбаяр гэдэг хүн БХЯ-нд ганцаараа очсон. Энэ мэргэжлийн яам байх ёстой. Бүгд цэргийн мэргэжлийн хүмүүс. Би цор ганц энгийн хүн. Зэвсэгт хүчнийг улс төрөөс ангид байлгах нь туйлын чухал. Хангалттай улс төржсөн. Улс төржих нь зэвсэгт хүчний бэлэн байдлыг унагадаг. Бүхий л ухамсарт амьдралаа зориулдаг зориулж байгаа тэр хүмүүсийн карьер хөөх зам нь эвдэрдэг. Ялангуяа шат алгасан өндөр тушаал олгож байгааг хэлж байна. Цэргийн мэргэжлийн шаардлагад нийцсэн томилгоо хийх ёстой гэж үзсэн. Туслах нь цэргийн хүн байх ёстой. Жинхэнэ цэргийн ажиллах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хүн ч гэсэн. Батлан хамгаалах салбарын гол үүрэг бол байлдааны бэлэн байдал. Шаардлагатай тохиолдолд эх орноо хамгаалах бэлэн байдлыг үе, үеийн сайдууд шахдаг. Анги нэгтгэлүүд ийм үүрэг хүлээж ирсэн. Тэр дагуу хэд хэдэн анги, нэгтгэлтэй танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах талаар ярьсан. Долдугаар сарын 1 нийтээрээ сургамж авсан хэрэг шүү дээ. Нөхцөл байдал хүндрэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч онц байдал зарлана. Мөн Улаанбаатар хотод газар хөдлөлтөд нэрвэгдсэн тохиолдолд олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хамгаалах үүргийг гүйцэтгэж чадахуйц бэлэн байдалтай байлгах ёстой юм. Яах гэж Зэвсэгт хүчин байдаг вэ гэхээр бэлэн байдалд байх гэж л байдаг юм. Монгол Улсын зэвсэгт хүчин хүчирхэг чадалтай байхын эсрэг дуугараад байгаа тэр хүмүүс, хэвлэл мэдээллийг ойлгохгүй байна.  

-Нутгийн ахаа зөвлөхөөрөө тавилаа гэх зэргээр буруутгах алдааг олж хараад байна?

-Буруу гэж байгаа хүн хэн байна. Аливаа ажиллагааг үр дүнгээр хэмжинэ. Өнөөдөр зэвсэгт хүчинд хуучин системийн үед гурав дөрвөн команд штабын академи төгсч бэлтгэгдсэн хүмүүс цөөхөн байдаг. Ялангуяа арми, дивиз командлах хэмжээний генерал цөөхөн. Тэр хүмүүсээс шүүлт хийгээд хоёр хүнийг нэгийг нь цэргийн бодлогын зөвлөх, нөгөөг нь УИХ-ын хууль тогтоомжийн хүрээнд ажиллах улс төрийн зөвлөхөөр цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, хошууч, генерал хүмүүсийг урьж ажиллуулж байгаа. Зэвсэгт хүчин улс төрөөс ангид байгаагийн нэг илрэл гэж үзэж байна. Өмнө нь дандаа энгийг хүн очиж байсан. Дэлхийн хэмжээний цэргийн ажиллагаанд оролцож байна. Өндөр мэргэжлийн шаардлагатай, мэдлэгтэй хүмүүс, ажиллах хэрэгтэй байна, хариуцлагатай хэлэхэд генерал, тагнуулч, эрдэмтэн, гэсэн гурван хүн тэтгэвэрт гардаггүй. Тагнуулч, генерал хоёрыг улс асар өндөр үнээр бэлтгэдэг. Маш сайн оюун ухааныг нь ашигдах ёстой. Нэг генерал төрүүлэхийн тулд ямар их мөнгө зарлагаддаг гэдгийг та нар мэдэх үү. Зүгээр сургууль төгсөөд болдог юм биш. Тийм хүмүүсийг бүрэн ашиглах ёстой. Улс төржүүлэх хэрэггүй. Зөвлөхөөр тогтохгүй хажуудаа мэргэжлийн том зөвлөл байгуулж ажиллахаар олон генерал, хүмүүсийг урьж байгаа.

“Өдрийн шуудан” /2012.02/

“Бэлэн байдлыг хангахын тулд зарим анги, нэгтгэлүүдэд үүрэг өгсөн”

-Мэргэн буудагчтай, тусгай салааны талаар сонирхоод байна л даа?

-Батлан хамгаалах салбарын гол үүрэг нь байлданы бэлэн байдал. Шаардлагатай тохиолдолд эх орноо хамгаалахад бэлэн байхыг анги, нэгтгэлүүдэд өгдөг. Тэр хүрээнд зарим анги нэгтгэлтэй танилцан, шаардлагатай тоног төхөөрөмж, галт зэвсгээр хангах асуудал ярьсан. Тэр маань л дээрх мэдээллийг гаргасан болов уу. 2008 оны долдугаар сарын 1-н бидэнд том сургамж өгсөн. Нөхцөл байдал хүндрэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч онц байдал зарладаг. Энэ нөхцөлд мөн муугаар бодоход Улаанбаатар хотын 20, 30 хувь нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн тохиолдолд энэ олон хүнийг нүүлгэн шилжүүлэх гүйцэтгэх чадавхи зэвсэгт, хүчинд байх ёстой юм. Энэ нь өнөөх бэлэн байдал. Тиймээс л зарим анги нэгтгэлүүдэд үүүрэг өгсөн. Үүнийг ташаа мэдээлээд байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин хүчирхэг чадалтай байхын эсрэг дуугарч байгаа хэвлэл мэдээллийг ойлгохгүй байна.

“Зарим ангийг зэвсгээр хангах тухай яригдсан”

-Мэргэн буучдын рот бэлтгэх тухай асуудал бас яригдаж байна?

-Батлан хамгаалах яам мэргэжлийн яам. Жолоочоос эхлээд туслах зөвлөл бүгд цэргийн мэргэжлийн бэлтгэгдсэн салбартаа ажиллаж байсан хүмүүс байна. Хэвлэл мэдээллийн хүн нь хүртэл цэргийн хүн байх ёстой. Би тэнд цор ганц энгийн хүн байна. Зэвсэгт хүчнийг улс төрөөс ангид байлгах нь чухал. Улстөржүүлнэ гэдэг нь бэлэн байдлыг унагаадаг. Бэлэн байдлыг өндөржүүлэх хүрээнд хэдэн анги нэгтгэлүүдтэй танилцаж, тоног төхөөрөмж, зэвсэг техникээр хангах  асуудал яригдсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж