“Газрын тосны чиглэлээр суралцах боломжтой”

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

“Газрын тосны чиглэлээр суралцах боломжтой”

“Петро Чайна Дачин Тамсаг” компани газрын тосны салбарыг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж эхэллээ. Өчигдрөөс эхлэн Улаанбаатар хот болон Дорнод аймагт өрмийн болон цооногийн туслах ажилтны сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал С.Мэргэнсодтой ярилцлаа.

-Газрын тосны боловсон хүчин манай улсад бараг байхгүй гэж хэлэхэд болно. Танай компанийг газрын тосны салбарт боловсон хүчин бэлтгэх зорилгоор  сургалт зохион байгуулж байгаа гэж сонслоо,  та энэ талаар яриагаа эхлэх үү?

-Манай компани 2005 оны наймдугаар сараас эхлэн Монгол Улсад газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж, Газрын тосны салбарын хөгжилд зохих хувь нэмрээ оруулж ирсэн. Газрын тосны салбар нь Монгол Улсын хувьд шинэ тутам хөгжиж буй салбарын хувьд мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа нь үнэн. Иймд манай компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, газрын тосны салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарал хандуулж, газрын тосны мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж байна. Бид мөн энэ чиглэлээр ШУТИС болон Дорнод аймгийн Шаталсан сургалттай техник технологийн коллежтой хамтран ажиллаж Газрын тосны мэргэжлийн сургалтын түвшин болон багш нарын ур чадварыг дээшлүүлэх тал дээр эрчимтэй дэмжлэг үзүүлж ирсэн. 

-Энэ сургалтад хамрагдаж байгаа хүмүүст ямар шалгуур тавьсан бэ?

-Боловсрол, мэргэжил, ажлын туршлага, нас хамаарахгүй. Газрын тосны чиглэлээр сурч, мэргэжил эзэмших сонирхолтой залууст энэ сургалт нээлттэй.

-Сургалтын дараа залуусыг ажлын байраар хангах уу?

-Сургалт маань цооногийн болон өрмийн туслах гэсэн мэргэжлээр явагдаж байгаа.  Цооногийн туслах ажилтны сургалтыг Дорнод аймгийн Чойбалсан хотын Шаталсан сургалттай техник, технологийн коллежид  явуулж байгаа. Өрмийн туслах ажилтны сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Сургалт 15 хоногийн хугацаатай үргэлжлэнэ. Төлбөргүйгээр суралцах хүсэлтэй хэнийг ч сургана. Сургалтын дараа сайн төгсөгчдийг ажлын байраар хангана.

-Танайх Дорнод аймгийн Шаталсан сургалттай техник, технологийн коллежтой хамтран ажилладаг гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Дорнод аймгийн шаталсан сургалттай техник технологын коллежтой манай компани 2007 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Багш нарыг нь Хятадын Дачин хотод Газрын тосны сургуулийн сургалтад хамруулсан. Ингээд тус сургууль дээр “Газрын тосны олборлолтын анги”-ийг шинээр нээж орон нутгийн сурагчдыг элсүүлж байгаа. Мөн сургалтын материалаар хангаж, өөрийн компани дээр дадлагажуулж, төгссөн сурагчдыг ажлын байраар хангаж байгаа. Энэ нь орон нутаг төдийгүй Монгол Улсын газрын тосны салбарт оруулж буй оюуны болон эдийн засгийн томоохон хөрөнгө оруулалт юм. Оюуны хөрөнгө оруулалтыг үнэлж болдоггүй. Газрын тосны салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед эдгээр мэргэжилтэй боловсон хүчин нь энэ салбарыг цаашид авч явах юм. Монгол Улсын хэмжээнд газрын тосны чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин дутмаг. Ийм үед Дорнодод газрын тосны салбарын мэргэжилтэн бэлтгэж байгаа нь ийм боловсон хүчний тоо, чанараар улсад тэргүүлэх үзүүлэлт юм. Тэдний оюуны хөрөнгө оруулалтыг дагаад цалин, хөдөлмөрийн хөлсөөр дамжин хувь хүн, гэр бүлд хүрэх эдийн засгийн хөрөнгө оруулалт болж байгаа юм.

-“ПетроЧайна Дачин Тамсаг” компани Монголд төдийгүй Хятадын Дачин хотод иргэдийг сургалтад хамруулдаг гэсэн үү?

– Манайх 2007 оноос газрын тосны чиглэлээр мэргэжлийн ажилчид бэлтгэхээр Дорнод аймгийн Шаталсан сургалттай техник, технологийн коллежтой хамтран ажиллаж ирсэн. Багш нарыг нь Дачинд нэг сар сургалтад хамруулж, Тамсагийн үйлдвэрлэлийн баазад хагас сарын хугацаатай дадлагажуулсан. Ингэснээр газрын тосны олборлолтын ажилчдыг бэлтгэх анхны суурь тавигдсан юм. Тэднийх жил бүр 25-30 хүнийг газрын тосны олборлолтын мэргэжлээр сургаж байгаа. Коллеж  төгсөгчдийн 50 хувийг нь манай компани ажлын байраар хангаж байна. Тэднийх 2010 онд Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлсэн төсөлд шалгарсан юм. Газрын тосны олборлолтын чиглэлээр мэргэжлийн анхан шатны боловсролын стандартыг боловсруулахад манай компани хамтран ажиллаж улсад хүлээлгэн өгсөн. Сургалтын баазыг бий болгоход 21745 ам.доллар хандивласан. Дачингаас мэргэжлийн багш нар ирж Дорнод аймагт сургалт явуулсан. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тус коллежид лабораторын тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл нийлүүлж, одоо лаборатори нь ажиллаж байгаа. Үүнээс гадна манай компани нь МУИС, ШУТИС-тай хамтран ажиллаж төгсөгчдийг ажлын байраар хангахаас гадна тэдний оюутан болон Дорнод аймгийн Шаталсан сургалттай техник, технологийн коллежийн сурагчдыг үйлдвэрлэлийн бааздаа дадлагажуулж төгсөх курсын зарим оюутныг цалинтай дадлагажуулж ирсэн.

-Оюутнуудаас гадна ажилчдын сургалыг яаж зохион байгуулдаг юм бэ?

-Монгол ажилчдын сургалтыг гурван хэлбэрээр явуулдаг. Нэгдүгээрт, шинэ ажилтныг үйлдвэрлэлийн дадлага, онолын сургалтад хамруулдаг. Тэднийг Улаанбаатар, Тамсагийн үйлдвэрлэлийн бааз болон Дачин хотод сургадаг юм.

Хоёрдугаарт, ахмад ажилтныг дагалдуулж сургадаг. Шинэ ажилтан нь онолын сургалтын дараа ахмад ажилтныг дагалдаж ур чадвараа дээшлүүлэх ёстой. Нэг багш 1-3 шинэ ажилтныг дагалдуулдаг. Гуравдугаарт, илгээх болон урьж авчрах сургалт. Ус шахалт болон тос ус хийн онцгой ажилд орж буй ажилчдыг дотоодод сургах боломжгүй нөхцөлд Дачинд сургах боломжтой. Бид шилдэг ажилчдаа Монголын их, дээд сургуульд болон Хятадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулдаг. Олборлолт, цахилгаан үүсгүүр, тусгай тоног төхөөрөмж, компьютер, гадаад хэлний сургалтыг гадаадаас багш урьж авчран сургалт явуулдаг.

– Танай компанийг газрын тосны мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэхэд зориулж  жил бүр Засгийн газарт мөнгө төлдөг гэж дуулсан юм байна?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2006 оноос эхлэн “ПетроЧайна Дачин Тамсаг” компани нь газрын тосны боловсон хүчнийг сургахад жил бүр гэрээт талбай бүрт Монголын Засгийн газарт 75000 ам.доллар буюу нийт 225000 ам.долларыг төлж байна. Энэ мөнгөөр монголчууд БНХАУ-д Газрын тосны их сургуульд нарийн мэргэжлээр суралцаж байгаа.

-Танайх салбартаа мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх өөр төлөвлөгөө бий юу?

-ШУТИС болон Хятад улсын ДунБэй газрын тосны Их сургуулийн хамтын ажиллагааны үндсэн дээр хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгаа шинжилгээ, заах арга болон газрын тосны мэргэжлийн багш бэлтгэхэд дэмжинэ. ШУТИС-ийн газрын тосны мэргэжлийн ангийн оюутнуудыг дадлагаэуулах боломжоор хангах. 2012 онд Хятадын Дунбэй газрын тосны их сургуулийн профессоруудыг ШУТИС-д урьж богино хугацааны заах аргын туршлага судлуулж, түвшинг дээшлүүлэхэд туслах гэх мэтээр хийх ажил их бий. Тус сургуулиас дэвшүүлж байсан шилдэг оюутан шалгаруулж, Дунбэйн газрын тосны их сургуульд мэргэжил дээшлүүлэх хүсэлтийг дэмжих төлөвлөгөө бий.

-Тэгэхээр оюутан залуус энэ салбарт гадагшаа явж суралцахын сацуу Монголд суралцаж болох нь ээ?

-Тийм шүү. Бид Газрын тосны чиглэлийн сургалтыг ямар хэлбэрээр явуулбал үр дүнтэй болох талаар судалгаа явуулсан. Үүний үндсэн дээр энэ сургалтын хэлбэрийг сонгосон. Заавал гадагшаа явж суралцах шаардлагагүй суръя, мэдье гэвэл Монголд газрын тосны чиглэлээр суралцах бүрэн боломжтой. 

Б.Марал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж