Сар шинийн баярын өмнө зарим хүн хотын төвд орон сууцны хороолол дунд гэр барьж иргэдэд ууц чанах үйлчилгээ үзүүлдэг жишиг бий. Гэвч “Ариун цэврийн шаардлага хангахгүй”, “Махыг нь сольсон”, “Ууцийг нь авч нүүсэн” зэрэг зөрчил олон гарч хүмүүсийн бухимдлыг төрүүлдэг гэж байх юм. Иймд Нийслэлийн Засаг даргын Захирагчийн албанаас энэ жил хотын төвд гэр барин, ууц чанахыг хориглосон шийдвэр гаргалаа. Ингэхдээ гэртээ ууцаа чанах боломжгүй иргэд зоогийн газар, аль эсвэл гэр хорооллын айлуудад чануулахыг зөвлөсөн юм. “Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэгчээр цэвэрхэн нөхцөлд ууц чанаж олон түмэнд үйлчилж хэд арван төгрөг олдог зарим хүмүүс хомрогонд нь өртөх нь гээд сандарч байгаа сурагтай. Энэ бол шал дэмий зүйл. Тэд сандрах хэрэггүй. Ийм асуудлыг шийдвэрлэх шиг хялбархан зүйл байхгүй. Хотын төвд ууц чанаж байсан хүмүүс зүгээр л гэр хороолол руу нүүчих хэрэгтэй. Хотын төвд ууц чанахаар ариун цэврийн шаардлага хангахгүй гээд байгаа. Тэгэхээр хотын захад, гэр хороололд ууцаа чанаж болно гэсэн үг. Тэнд бүр их ариун цэвэрч байлгадаг юм шүү. Гэхдээ тэндэхийн айлууд хогоо гудамжинд хаяж, бохир заваан болгочихдог гэх яриа мэр сэр гарах нь гардаг. Тэгвэл энэ цуурхлыг намжааж гэр хорооллынхныг ариун цэвэрчээр нь дуудах цаг болсон. Цагаан сарын ууц чанах ажил энэ бүхнийг илтгэж байна шүү дээ. Бүгдээрээ ууцаа тэнд л чанацгаая. Ер нь яваандаа тусгайлан чанах үйлдвэр байгуулахад ч гэмгүй. Жил бүрийн цагаан сараар ингэж тэвдэнэ гэж юу байх вэ. Мэдээж хэрэг, манай мяндагтнууд ууц чанах үйлдвэрээ гэр хороололд байгуулахаа мэдэж л байгаа. Ингээд үйлдвэртэй болчихвол гэр хорооллынхон бүгд ажилтай болж, ядуурал буурах нь тодорхой юм. Монголын ажилгүйдэл ч буурна. Ер нь энэ ууц чанах асуудлыг бодлогын түвшинд авч үзэх нь зөв юм байна шүү. Ард түмэн нь ажил төрөлтэй, бүр хонины ууцтай болж санаа амар цагаалах цаг ирэх нь.
Ж.Баттуул
"Улс төрийн тойм" сонин