“Шударга ажиллаж байгаа залуусаа МАН дэмжинэ”

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

“Шударга ажиллаж байгаа залуусаа МАН дэмжинэ”

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо/НАМЗХ/-ны V Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, Бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн МАН-ын даргын хувьд НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэтэй Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн зорилго нь МАН болон НАМЗХ-ны хамтын ажиллагааны зарчим, үр дүнг тодорхойлон зохицуулж Монголын нийт хүн амын 70 орчим хувийг бүрдүүлж буй залуучуудын хөгжил, улстөр, нийгмийн идэвхи оролцоо дэмжихэд оршжээ. Энэ тухай МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд:-Монгол Улсын хувьд шинэ залуу үеэ бэлтгэх нь хамгийн чухал асуудал. Аливаа улс орны ирээдүй хөгжил дэвшил бол залуу үеэ яаж дэмжинэ, ирээдүйгээ яаж боловсруулж,  хөгжүүлж байгаагаас хамаардаг болохоор Монгол Улсын төрийн бодлого, МАН-ын үндсэн бодлогод залуучуудын асуудал хамгийн чухал байр суурь эзэлж байгаа. Манай улсын хүн амын 70 хувь нь залуучууд. Тийм учраас бидний гол бодлого залуучууд руу чиглэх ёстой. Энэ утгаараа залуучуудын асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулах ёстой. Үүнийгээ санамж бичигтээ тусгалаа. Хоёр дахь томоохон заалт нь залуучуудын орон сууцны асуудлыг тусгайд нь хөтөлбөр болгож дэмжих. Залуучуудаа ажилтай, орлоготой байх асуудлыг тусгайлж бодлого гаргаж дэмжих ёстой. Залуучуудаа сургах асуудалд онцгой анхаарах ёстойг энэхүү санамж бичигт тусгасан. МАН-ын нэг онцлог бол залуучуудаа байнга дэмжиж ирсэн. Манай нам хөгжлийн бүх шатанд залуу халаагаа бэлтгэж,  удирдлагадаа гаргаж ирсэн уламжлалтай. Өнгөрсөн 90 жилийн хугацаанд түүний дотор ардчилал зах зээлийн 20 жилийн хугацаанд манай намын залуу халаа шинэчлэгдэж ирсэн нь үүний гэрч баталгаа болно.  Өнөөдөр бидний дэвшүүлж байгаа бодлого бол намынхаа бүтэц, намынхаа гишүүнчлэлийн насны бүтцээр залуучуудын төлөөллийг улстөрийн бодлогодоо, улстөрийн холбогдох зорилт, албан тушаалд дэвшүүлэх ёстой гэдгийг залуучуудтайгаа ярьж байна. Залуучууд маань нэр цэвэр, шударга ажиллаж байгаа тохиолдолд МАН бодлогоороо дэмжиж ажиллах болно гэдгээ  санамж бичгийн хүрээнд баталгаажууллаа. Залуучууддаа итгэж найдаж байгаа, бас чадна гэж итгэж байна гэсэн юм.

Тэгвэл НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ:-Санамж бичгийн хүрээнд залуучуудын байгууллагаас сонгуулийн гурав хүртэлх төв штаб дээр өөрсдийн нөөц бололцоогоор ажиллах чиглэл тусгагдлаа. Хамгийн гол нь улстөрд оролцоно гэдэг бол намын орон нутагт ажиллаж байгаа анхан шатны удирдлагуудыг бэлтгэх ёстой. Ийм учраас хороо бүрээс нэг, сум бүрээс хоёр, аймаг бүрээс гурав, нийт 1000 залуусыг дотоод, гадаадад шинэ үе болгож бэлтгэнэ. Энэ нь Монголын улстөрд шинэ давалгааг бүрдүүлж байгаа чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байгаа. Ер нь бол нэр дэвшигчийг шууд тодруулах биш, дөрвөн жилийн өмнөөс өөрөө гарч ирж, ярилцаж, уралдаж, орон нутагтаа танигдаж гарч ирэх нь шинэ залуу үеийнхний цаашдаа баримтлах бодлого гэж үзэж байгаа юм. Тийм учраас 1000 залууг бэлтгэх нь чухал байгаа гэлээ.

Дашрамд сануулахад, энэ удаагийн V бага хуралд НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд болон Бага хурлын гишүүд, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгчид, салбар зөвлөлийн дарга нар гээд 360 гаруй залуус оролцож байна. Уг хуралдаанаар НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилно.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж