”Ж.Энхбаярыг сайдаар ажиллуулж буй ЗГ-ын асуудлыг ч хөндөнө”

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

”Ж.Энхбаярыг сайдаар ажиллуулж буй ЗГ-ын асуудлыг ч хөндөнө”

УИХ-ын гишүүн З.Энхболдыг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүнийг урих болсон учир нь Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын асуудалтай холбоотой юм. Ардчилсан намынхан Батлан хамгаалахын сайдыг “Яамандаа хууль бус халаа сэлгээ хийсэн, жагсаал, цуглааныг тараах зорилгоор мэргэн бууч бүхий хоёр ротыг бэлтгэх санал гаргасан” гэдгээс үүдэн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт байгаа гурван гишүүний нэг нь З.Энхболд юм. Ингээд дараах ярилцлагыг хүргэе.

-Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын асууд­лаар Ардчилсан намынхан ажлын хэсэг гаргасан. Бүл­гийн өнөөдрийн /өчигдрийн/ хуралдаанаар энэ талаар хэлэлцэв үү?

-Ж.Энхбаярын сүүлийн үед хэвлэлд өгч буй ярилцлага хууль зөрчиж байгаа юм. Учир нь долоодугаар сарын 1 шиг үймээн болбол цэрэг хөдөлгөнө гэж яриад эхэлсэн. Цэрэг хөдөлгөхийг Ж.Энхбаяр мэддэггүй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч мэднэ. Арми гэдэг нь гадаадаас ирэх дайсантай тэмцэх зорилготой. Дотоодын жагсаал, цуглааныг цагдаагийн байгууллага зохи­цуулдаг. Гэтэл Ж.Энхбаяр Үндсэн хуулийн энэ зарчмыг зөрчиж жагсаалыг тараахад армийг ашиглах санаатайгаар тусгай анги нэгтгэл байгуулах, мэргэн буучид бэлтгэх гэж байна. Ийм хариуцлагагүй зүйл ярьж буй хүнийг Ардчилсан намын бүлэг дуудаж, тайлбар сонсох гэсэн боловч ирээгүй. Үүнийгээ тайлбарлах болов уу гэж бодож байна. Та Ж.Энхбаярын ярилцлагыг хэвлэлээс шүүгээд үзвэл өөрөө бүгдийг нь ярьчихсан байгаа. Ардын намаас “Долоодугаар сарын 1 шиг үймээн болж магадгүй” гэж олон хүн ярьж буй.

Бас УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамтад нь явуулахгүй гэж байгаа. Батлаад өгсөн Сонгуулийн тухай хуулийг хэрэг­жүүлэхгүй  будилуулбал жаг­саал болж магадгүй. Ийм үед буудахаар бэлтгэж байгаа бол уучлаарай, Ардчилсан намынхан ийм юм хийлгэхгүй байх үүрэгтэй юм шүү.

-Үүнтэй холбогдуулан Ж.Энх­баяр сайдыг огцруулах эсэх асуудлыг тавих уу?

-Мэдээж огцруулахаас цаадах асуудлыг тавина. Тийм юм яриад явж буй Батлан хамгаалахын сайдыг ажиллуулж байгаа Засгийн газрын асуудлыг ч хөндөнө.

-Ардчилсан намын бүлэг ажлын хэсэг гаргах болсон гол учир нь цэрэг хөдөлгөнө гэсэнтэй холбоотой юм уу, аль эсвэл хууль бус томилгоотой юу?

-Жагсаал, цуглаан тараахад армийг ашиглана гэдэг хариуц­лагагүй мэдэгдэл. Нэгдүгээр үүн­тэй уялдаж байгаа. Хоёрдугаарт Батлан хамгаалах яаманд хийсэн хуулиар хамгаалагдсан төрийн албан хаагчдын халаа, сэлгээний тухай юм. Бид Батлан хамгаалахын яамыг энгийн байгууллага болгосон. Ж.Энхбаяр гэдэг тавьтаргүй хүн хууль зөрчөөд цэргийн байгууллага болгож байна шүү дээ. Дөрөвхөн сар сайд байх хугацаандаа тэсэхгүй хууль зөрчихөөс гадна бодлого өөрчилж болохгүй. Ж.Энхбаяр 1990 оноос өмнөх арми шиг болгох гэж оролдож байна. Нэг үгээр хэлбэл яаманд цэргийн хувцастай хүн явах ёстой гэж. Харин ч эсрэгээрээ цэргийн бус энгийн хувцастай хүмүүс яаманд байх учиртай.

-Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ш.Сүх­баатарыг Хуулийн хэлтсийн дарга болгосон нь танай намынхны дургүйцлийг хүргэсэн юм биш үү. Ш.Сүхбаатар Ардчилсан намын гишүүн, УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшиж байсан гэдэг утгаар нь?

-Төрийн нарийн бичгийн даргыг сайд нь томилж, чөлөөлдөг хууль байхгүй. Засгийн газраар хэлэлцэх ёстой. Ж.Энхбаярт таалагддаггүй, хэзээ ч юм Ардчилсан намаас Төв аймагт нэр дэвшсэн байж болно. Гэхдээ л хуулиа барих ёстой.

-Ажлын хэсэг уг асуудлыг судалж байгаа юу?

-Одоо судалж байна. Удахгүй цаасан дээр буулгах болно.

-Удахгүй гэдэг нь хэзээ вэ. Сар шинийн баярын өмнө үү, дараа нь уу?

-Ер нь бол чуулган завсарлахгүй. УИХ-ын чуулганы завсарлах хугацаа өнөөдөр /өчигдөр/ дуусах байх. Тэгэхээр ээлжит бус чуулган хуралдуулах бичгийг Ардчилсан намын 27 гишүүний гарын үсэгтэйгээр өгчихнө. Өнөөдөр улс оронд хийх ажил маш их байна. Энэ сарын 1-нд өгөх ёстой Тавантолгойн хувьцаа иргэдийн дансанд ороогүй, оны өмнө гэнэт өссөн шатахууны үнэ хуучин хэвээрээ, цагаан сарын баярын өмнө өгөх ёстой нэг сая төгрөгийг олгоогүй байна. Бидэнд ийм олон асуудал тулгарчихаад байгаа учир завсарлаж болохгүй гэж үзэж байгаа юм.

-Ээлжит бус чуулганыг хуралдуулах бичгийг хүлээж авахгүй байна гэж байхгүй биз дээ?

-Хүлээж авахгүй гэж байхгүй. УИХ-ын гишүүний гуравны нэг нь шаардвал ээлжит бус чуулган хуралддаг хуультай.

-Ээлжит бус чуулганы хугацаа гэж бий юү. Завсарлуулахгүй байна гэж байх уу?

-Бид хүн бүрийг хувьцаатай болготол нь завсарлуулахгүй гэж бодож байна.

-Тавантолгойн хувьцаатай холбоотой асуудал маргаан үүсгээд байна. Уг нь хувьцаа, нэг сая төгрөгийг тусад нь олгохоор ярьж байсан шүү дээ?

-Ардын намынхан иргэдэд хувьцаа олгох ёстой хуулийг хэрэгжүүлэхгүй “хувьцаагаа авах уу, мөнгөө авах уу” гэж олон нийтийн толгой эргүүлээд байгаа. Тийм учраас өнгөрсөн онд гарсан УИХ-ын шийдвэрийг биелүүл гэж байна. Хувьцаа бүх хүнд үнэгүй очих ёстой юм. Үүний дараа хувьцаагаа худалдах эрх нь ард иргэдэд нээгдэх учиртай. Тэгэхэд иргэдэд үнэгүй очих ёстой хувьцаа очоогүй байхад “хувьцаагаа авах уу, мөнгөө авах уу” гэсэн сонголт хийлгэж болохгүй. Иргэдийн нэр дээр хувьцаа бичигдэхгүй болохоор цагаан сараас өмнө нэг сая төгрөг авах нь худлаа болно.

-Өмнөх сонгуулийн үеэр Ардын намаас эх орны хишиг, Ардчилсан намын зүгээс эрдэнийн хувь олгох тухай амлаж байсан?

-Манай нам мөнгө амлаагүй. Бид Монголын байгалийн баялгийг хоёр сая 700 мянга хуваасны нэгийг надад болон чамд өгнө гэж хэлсэн. Эрдэнийн хувь гэдэг нэрийг бид хуульд оруулж чадаагүй. Харин Хүний хөгжил сангийн тухай хууль бий. Уг сангийн орлого нь байгалийн баялгийн төрд ногдох хэсэг нь цугларч байгаа юм. Энэ орлогыг 2.7 сая хуваасны нэг нь надад ирж буй хэрэг. Үүнээс авч байгаа мөнгө нь баялгаас үүсэх ногдол ашиг юм. Энэхүү “Ногдол ашиг нь УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө нэг сая төгрөг байна” гэх амлалтыг өгсөн. Сонгуулийн дараа нэг байтугай сая төгрөг болох юм. Учир нь олон орд, үйлдвэр ашиглалтад орно. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгаа хувьчилсан гэсэн үг. 1990 онд мал, 1996 онд орон сууц хувьчилсан. Харин 2012 онд байгалийн баялгийг хувьчлах тухай хууль гарлаа. Үүнийг Ардчилсан намынхан сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт оруулсан. Гэтэл харамсалтай нь тухайн үеийн МАХН “Ардчилсан нам нэг сая төгрөг өгөх юм байна” гэж буруу тайлбарласан. Тэгээд нэг сая 500 мянган төгрөгийг бэлнээр өгнө гэж амласан. Одоо тэдний энэ амлалт биелэх боломжгүй. Бүх хүнд нэг сая төгрөг өгье гэхэд 2.7 их наяд төгрөг хэрэгтэй. Ийм хэмжээний мөнгө энэ оны улсын төсөвт байхгүй. Хэрэв Ардын намынхан хүсээд байвал мөнгө тарааж болно. Гэсэн хэдий ч нэг талхны үнэ хэдэн мянган төгрөг болно шүү дээ. Тиймээс бид “боломжгүй” гэж хэлээд байгаа юм.

-Засгийн газрын зүгээс “УИХ хувьцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэчихвэл иргэдэд нэг сая төгрөг мөнгө байгаа” гэж байсан?

-УИХ өнгөрсөн жил баталчихсан. Бид “УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүл” гэж байна. Одоо УИХ-аар ярьж буй асуудал бол нэмэгдэл 10 хувийн хувьцааны тухай юм.            

-Нэмэгдэл хувьцаа олгох эсэхийг шийдвэл сая төгрөгөө өгж эхэлнэ гэсэн үг үү?

-Үүнийг шийдсэн, шийдээгүй миний, чиний ч нэр дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа ирэх ёстой. Энэ ажлыг хийгээгүй учир бүх ажил зогссон.

-Хувьцааны нэрлэсэн үнийг хэрхэн тогтоох юм бол?

-Энэ бол цэвэр техникийн ажил. Хувьцааны үнэ зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогдохоос бус хамгийн анхны үнэ нь хэд байх сонин биш. Хэрэв иргэдийн гар дээрх хувьцааг Засгийн газар худалдаж авахаар бол төсөвт 330 тэрбум төгрөг суулгасан. Өөрөөр хэлбэл, 330 мянган хүний хувьцаа байна гэсэн үг.

-УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамтад нь явуулах бололцоо бүрэн бий гэж үү?

-Хоёр сонгуулийг хамтад нь явуулж болно гэж үзээд байгаа юм биш. Ингэж хамтад нь явуулахыг 2008 онд УИХ-аар баталсан. “Болохгүй” гэж байгаа хүмүүсийн мөрөөдөл бүтэхгүй. Яагаад гэвэл хууль нь бий. Хуульд хамтад нь явуулахад саад болох хэд, хэдэн техникийн чанартай заалтууд байгаа. Сонгууль нэг өдөр явах нь тодорхой. Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Учир нь хуулийг өөрчлүүлэхгүй байх эрх бидэнд байгаа. Ардын намынхан хүсвэл сонгуулийг зохион байгуулж чадна. Хүсэхгүй бол чадахгүй шүү дээ.

-Үнэхээр зохион байгуулалт сайтай байвал хоёр сонгуулийг хамтад нь явуулж чадна гэж бодож байгаа юм байна. Тийм үү?

-Хэрэв би Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга байсан бол зохион байгуулж чадна. Эдгээр хүмүүс чадахгүй гэж байгаа. Тийм бол ажлаа өгөх хэрэгтэй.

-Санал тоолох автомат машиныг өмнө нь шалгаж үзэхгүй байж сонгуулийн үеэр ашиглана гэж байх уу?

-Санал тоолох машин ирчихсэн байна. Сонгууль хүртэл таван сарын хугацаа бий. Энэ хугацаанд шалгаад үз л дээ.

-Сонгуулийн шинэ хууль, бас шинэ техникээр явуулах сонгууль будилаангүй болно гэх баталгаа байгаа юу?

-Сонгуулийн шинэ хуулийг хэрэгжүүлэхгүй, хуучин шигээ гараар тоолж луйвар хийдэг хүмүүс ийм яриа гаргаж байгаа. Ингэж байгаа бол төрд ажиллах хэрэггүй.

-Ардчилсан намынхан хамтарсан Засгийн газраас гарч, сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд ирэхээр хоёр нам бие, бие рүүгээ “дайрах” хандлага бий. Үүнээс болоод ажил урагшлахгүй байна уу?

-Ардын намын хүссэн хэмжээгээр бид буулт хийж байгаа. Харин Ардын намынхан давраад байна. 2008 онд баталчихсан хуулийг “хэрэгжүүлэхгүй” гэж болохгүй шүү дээ. Хууль учир хэрэгжих ёстой. Ардын намынхныг “болохгүй” гээд байхаар нь ямар сайндаа “орон нутгийн сонгуулийг хоёр хуваая” гэж байх вэ дээ. Сум, дүүрэг, баг, хорооных нь намар, аймаг, нийслэлийн сонгуулийг одоо хийе гэсэн. Үүнээс өөр буулт байхгүй.

-Иргэдийн хувьд төөрөлдсөн байдалтай байгаа. Чухам яаж сонгуулиа өгөх юм бэ?

-Иргэдийн хувьд жилд гурван удаа очиж санал өгөх үү, нэг удаа өгөх үү гэдэг л асуудал байгаа. Яах вэ кабинд ороод хуудас бөглөх хугацаа л уртсах байх. Түүнээс биш бусад нь адилхан. Түүнчлэн санал авах байрны тоог нэмнэ.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж