Өнгөрсөн сард Монголын хөрөнгийн биржид хийгдсэн хувьцааны арилжаа сарын нийт дүнгээр 4.7 тэрбум төгрөг, өдрийн дундаж үзүүлэлтээр 214 сая төгрөгт хүрсэн байна. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард өдөрт хийсэн хувьцааны арилжааны дундаж үзүүлэлт 429 сая төгрөг байжээ. Гэхдээ өнгөрсөн сард “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн тайланд дурдсанаар 23681 данс нээгдсэн нь өмнөх арванхоёрдугаар сарынхтай харьцуулахад 41 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.
Монголын хөрөнгийн биржийн индекс өсөлтийн үзүүлэлтээрээ, 2010 онд 130 хувиар “цойлж” дэлхийд тэргүүлсэн бол өнгөрсөн онд 47 хувиар дээшилж Венесуэлийн Caracas биржийн дараа хоёрдугаарт бичигдсэн юм. Энэ жил ч биржийн үзүүлэлт багагүй өсөх таамгийг эдийн засагчид дэвшүүлээд байгаа юм.
Б.Төгс