Албан тушаал хэмээх амттай “алим”-нд нэг бус хүн хордчихоод байна. Тэдний нэг бол Орхон аймгийн экс Засаг дарга Д.Оюунбат юм. Хийсэн ажил гэхээсээ илүү тарьсан дуулианаараа Эрдэнэтийнхний чихийг халууцуулдаг тэрбээр 2.6 жил хоригдох ял сонсов. Албан тушаал хаших хэцүү, хашихгүй байх бүр ч хэцүү. Улс төр хэмээгч нь хүн бүхэн мэддэг математик мэт боловч цагаа тулбал хэн ч бодож чадахгүй альгебрийн бодлого мэт. Хүний нутагт хүүхэд шигээ нэгэнд зодуулж, хүрч ирсэн хойноо Эрдэнэтийн “индианууд”-д олзлогдсон Д.Оюунбатад тохиолдсон явдал үүнийг гэрчилнэ. Гэхдээ мань эрд авьяас байна. Таван тэрбум төгрөгийн өртөг бүхий Төв цэнгэлдэх хүрээлэнг тэрбээр хоёр тэрбум орчим төгрөгөөр л бариулчихсан гэнэ. Таван тэрбум төгрөгөөс гурван тэрбум төгрөгийг хэмнэнэ гэдэг маш оновчтой ШБОС шүү. Эрдэнэтчүүдийн сүсэглэн мөргөдөг Бурхан багшийн сэрэг дүрийг босгосон “Тод жаргал” ХХК-тай Д.Оюунбат ямар нэгэн сэжмээр бас холбоотой юм гэсэн. Гэвч Орхоны экс Засаг дарга тус компанитай ямархан гав, гинжээр холбогдсон нь одоохондоо нууц. Ямартай ч өөрийнх нь нэр, нөлөөгөөр тендерт ч оролцолгүйгээр хэдэн тэрбумын өртөгтэй барилга барьж, “Баастай” бурхан бүтээсэн нөхдийн өмнөөс Д.Оюунбат өөрийгөө золиосолчихов уу, яав. Асашёорюү Д.Дагвадоржид нударганы амт үзүүлж, ааг омгоо гайхуулж явсан экс Засаг даргыг зодуулсан дээр нь нэмж “зодох” хүсэл чухам хэнд байна вэ.
С.Баттулга
"Улс төрийн тойм" сонин