Их баяр болохтой холбогдуулан бараа бүтээгдэхүүний эрэлт ихэссэн. “Нарантуул”, “Баянзүрх”, “Хархорин”, “Бөмбөгөр” зэрэг томоохон захуудын ачаалал ихэсчээ. Мөн хүнсний “Макс”, “Миний дэлгүүр” зэрэг сүлжээ супермаркетуудад хүртэл авсан барааныхаа тооцоо хийх гэсэн иргэдийн урт дараалал кассан дээр нь үүсэж, дэлгүүрийн кассчныг нэлээд бухимдуулах аж.
Супермаркетууд болон брэндийн гэх дэлгүүрүүд “Цагаан сарын баярын хямдралтай худалдаа явагдаж байна. Бүх бараа үйлдвэрийн нь үнээр” гэсэн зар тавьжээ. Захуудад ч яахав угаасаа эрэлт ихтэй хойно тийм хямдралын зар ер үгүй. Гэвч супермаркетуудаар явж байхад харамсалтай нэг зүйл ажиглагдав. Юу гээч. Энэ бол үнээ хямдруулна гэсэн нэрийдлээр хэрэглэгчдийг хуурсан нэгэн төрлийн луйвар шиг санагдлаа. Томоохон баяруудын үеэр манайх бараандаа төдөөс төдөн хувийн хямдрал зарлалаа. Бараг үнэгүй өгчих нь холгүй реклам цацдаг нь тэдний зан гэмээр. “Макс” супермаркетад гэхэд өмнөх долоо хоногт “Мах импекс” компанийн “Аялал” нэрийн хиамны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж нэг килограмм нь 12200 төгрөг болжээ. Энэ бүтээгдэхүүний үнэ “Нарантуул” захад 11000-11400 төгрөг байх аж. Харин “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвүүдэд 11500 төгрөгийн үнэтэй зарж байх юм. Одоогоос нэг сарын өмнө хиамны дундаж үнэ ердөө есөн мянган төгрөг байлаа.
Хэрэглэгчид супермаркетууд хямдрал зарласан сургаар их ирсэн ч “Энд захаас үнэтэй байна” хэмээн уцаарлан буцаж буй хүмүүс олон. МУБИС-ын зүүн талд байрлах “Макс” супермаркетаар ортол цагаан идээний хэсэгт 30 гаруй насны нэгэн эмэгтэй худалдагчтай, нь ам зөрж байгаа чимээ дуулдлаа. Сонирхоод хажууд нь очтол “Энэ хорхой ааруул чинь үнэ нь яаж хямдарчихсан байгаа юм бэ. Харин ч захад зарж байгаа ааруулын үнийг нэг нугалах шахам үнэтэй байна шүү дээ” хэмээн ихэд уцаарласан. Үнэндээ ч түүний уурлах нь аргагүй аж. Энэ дэлгүүрийн хорхой ааруул 500 грамм нь 5900 төгрөг, 700 грамм нь 9160 төгрөг. Харин “Нарантуул” захад дээрх ааруулын нэг килограмм нь ердөө 4500-6000 төгрөг, “Бөмбөгөр” худалдааны төвд дээд тал нь зургаан мянга 400 төгрөгийн үнэтэй байсан. Хүн харахад өнгө үзэмж, амтны хувьд хоорондоо ямар ч ялгаагүй. Тэгээд ч нэг килограмм хүрэхгүй ийм ааруулыг арай үнэтэй зарж байна уу гэх бодол төрж байлаа. Цагаан сар, наадам боллоо гэх нэрийдлээр “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” гэсэн уриа хаа сайгүй гардаг. Энэ нь ч нэг талаараа зөв. Гэхдээ дотооддоо үйлдвэрлэсэн мөртлөө өнөөх Хятад ах нарын импортын бараанаас илүү үнэ өртөгтэй байдаг нь даан ч харамсмаар… Тэгээд ч хүнсний гэхээсээ илүүтэй гоёл чимэглэл, эсгий урлалын үзэмжийн бараанууд зонхилдог шүү дээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд Хятадын цагаан сар болсон. Энэ үеэр тус улсын худалдааны талаар ВВС “Хятадын зах зээл дээр үндэснийх нь брэнд бүтээгдэхүүний худалдан авалт эрс нэмэгдсэн” хэмээн онцолжээ. Хятадууд цагаан сараараа гадны ямар ч улсын бэлэгний бүтээгдэхүүн авдаггүй аж. Бүгдийг нь өөрсдийн гараар үйлдвэрлэж бас хамгийн хямд үнээр зардаг гэнэ. Мөн АНУ-д “Талархлын баяр” гэж манай “Цагаан сар”-аас нэг их дутахааргүй том баяр болдог байна. Энэ баяраараа Америк айлын тавган дээр цацагт хяруул заавал байдаг. Бас энэ үеэр хямдралын өдөр гэж долоо хоног зарладаг бөгөөд тусгай зохицуулалтаар бараа бүтээгдэхүүний үнээ 50 хүртэлх хувиар бууруулдаг гэнэ. Гэтэл Мэргэжлийн хяналтын газар, Хэрэглэгчдийн төлөөх шудрага өрөслдөөний газар гэх хариуцсан байгууллагуудын барааны үнийн хэт хөөрөгдлийн үед цар нь танигддаг. Хэрэглэгчдийн төлөөх шудрага өрөслдөөний газрын байцаагч О “Манайх зэх зээлийн эдийн засагтай орон болохоор одоо нэмэгдэж байгаа барааны үнэд манай байгууллагын зүгээс ямар ч зохицуулалт хийх боломжгүй. Өрсөлдөөний журмаар эрэлт ихсэхээр үнэ нэмэгддэг. Тэр л жаягаараа явж байна” хэмээх хариулт өгсөн.
Түүнчлэн нэг олзуурхууштай нь Цагаан сарын үеэр хамгийн их хэрэглэдэг гурил, элсэн чихэр, цагаан будааны үнэ нэг их нэмэгдээгүй байсан. Харин ч хоёрдугаар сарын 10-ны үед “Баянзүрх”, “Нарантуул” худалдааны төвд таван килограмм цагаан будаа найман мянга 200 төгрөг байсан бол өчигдөр төрлөөсөө хамаарч 7000-8000 төгрөг байв. Мөн тавган дээрээс нь авч ч болдоггүй, идэж ч болдоггүй ул боовны үнэ 400-3000 төгрөгөөр нэмэгджээ. Ингэхдээ арав хоногийн өмнө 1500 төгрөг байсан “Өгөөж” компанийн ул боов ширхэг нь 2100 төгрөгт хүрсэн аж. Гурван мянган төгрөгөөр нэмэгдсэн 15 ширхэгтэй нэг таваг ул боовны үнэ “Бөмбөгөр” худалдааны төвд лангуу түрээслэгч н.Барсын хэлснээр анх гарсан үнээсээ ийнхүү нэмэгдсэн гэнэ. “Нарантуул”, “Баянзүрх” захуудаар явж байхад бэлгэнд өгөх янз бүрийн бараа жижиглэнгээр зарж зогссон хүмүүс энд тэндээс “Бэлэгний сорочкан цамц дөрвийг 10 мянгад” гэж орилно. Бас ориг гоо сайхны бараанууд бөөний үнээр гэх наймаачид захуудын сул талбайг ашиглан бараагаа эгнүүлэн зогсжээ.
Энэ үеэр “Нарантуул” захад цагаан идээ, гурил, элсэн чихэр худалдаж буй Н.Наранцэцэгтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Энэ жил хэрэглэгчид нэлээд хэдэн хоногийн өмнөөс Цагаан сарын бараагаа авч байна. Барааны үнэ нэмэгдэхээс түрүүн гээд эрт авч байгаа байх. Өөрөөр хэлбэл хүмүүс их тооцоотой болсон юм уу даа. Манай дотоодын гурил үйлдвэрлэгчид үнээ нэг их нэмээгүй болохоор хэрэглэгчдэд үнийн дарамт үүсэхгүй байгаа хэрэг. Ямар ч байсан сүүлийн арван хоногийн дотор худалдаачид нэг сард олдог орлогоо олчихсон шүү. Манай лангуун дээр гэхэд л гурил, элсэн чихэр, ааруул их сайн зарагдаж байна” гэв.
“Тусгаар тогнолын ордон”-ы нэг давхарт шинээр нээгдсэн “Оргил” худалдааны төв “Захын үнээс хямд” гэсэн зар хаджээ. “Сонор плаза”-гийн баруун хойд талд байрлах цайны газрын эзэн н.Пунцагаа “Би мульт жүүсийг захаас авахын оронд арай хямд үнэтэй гээд “Оргил”-д очтол нэг авдар мультын үнэ миний авдаг байсан 11200 төгрөгөөс 1600 төгрөгөөр илүү байсан” хэмээв.
Үндэсний статистикийн хорооноос хоёрдугаар сарын 8-ны байдлаар гаргасан судалгаагаар будаа, элсэн чихрийн үнэ нэгдүгээр сарын дундаж үнээс 0.5 хувиар өссөн бол гурилын үнэ харьцангуй тогтвортой байгаа гэсэн тоо гаргажээ. Харин махны үнэ өмнөх сартай харьцуулахад 6.3-18.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна.
"Улс төрийн тойм" сонин