Үл хөдлөх хөрөнгийн зуучлал хар захын наймаа юу

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Үл хөдлөх хөрөнгийн зуучлал хар захын наймаа юу

Монголын үндэсний худалдаа, аж үйлдэрийн танхимд өнөөдөр “Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын салбарын тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

ЖАЙКА олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар манай улсын үл хөдлөх хөрөнгө зуучлал 2020 он гэхэд 20 тэрбум ам.долларын эргэлтэд орно гэсэн таатай дүгнэлт гарчээ. Гэвч манайд үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн орчин бүрдээгүй, түүнд зориулсан тодорхой хууль, дүрэм байхгүй байгаа нь ихээхэн хүндрэл учруулж байгаа аж. Тиймээс МҮХАҮТ, Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжлийн зөвлөл тэргүүтэй байгууллагын төлөөлөгчид энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, зарим саналыг гаргалаа.

Энэ үеэр МҮХАҮТ-ын дэргэдэх Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжлийн зөвлөлийн дарга Ц.Дашцэрэн “Өнөөдөр Монголд үл хөдлөх хөрөнгө зуучлалын 60 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Монголчуудын үр хүүхэд, ирээдүйн амьдралынх нь баталгаа үл хөдлөх хөрөнгө болж эхэлж байна. Маш хариуцлагатай энэ салбарт өнөөдөр хууль, эрх зүйн орчин алга. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах, зуучлах гэх мэт асуудалд хамааралтай хууль, журам байхгүй байна. Тиймээс бид төр, засгийн оролцоотойгоор Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын салбарт хууль  эрх зүйн орчинг бий болгох, АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн ёс зүйн кодыг нутагшуулах талаар ярилцаж байна. Удахгүй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн асуудлаар форум зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэлээ.

Нийслэлийн  барилга, хот төлөвлөлт зохицуулалтын газрын орлогч дарга О.Одбаяр “2012 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулсан. Төлөвлөгөөгөөр нийслэлийг гурван бүсэд хувааж үзжээ. Инженерийн шугам сүлжээнд холбогдож, халуун хүйтэн, бохирын шугамтай холбогдож болох гэр хорооллын өрхүүдийг тохилог амины орон сууцтай болгох, инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй хорооллын айл өрхүүдийг нүүлгэх, шинэ суурьшлын бүсэд хуваарилах, 100.000 айлын орон сууц болон бусад орон сууцуудыг яаралтай барих бүс гэж хуваарилжээ. Энэ онд багтаж, дээрх бүсүүдэд төлөвлөгөөний дагуу ажиллах аж. Бүтээн байгуулалт, нүүлгэн шилжүүлэлт нь үл хөдлөх хөрөнгөтэй салшгүй холбоотой учраас энэ салбарын эрх зүйн орчныг яаралтай сайжруулах шаардлагатай байгааг чухалчилав.

Харин “Орон сууцны үнийн өсөлтийг бууруулах боломж” манайд байгаа эсэхийг  “Барилга.мн” компанийн захирал Г.Батсүх ярилаа. Тэрбээр “2011 онд орон сууцны үнэ өмнөх оныхоос 30-40 хувиар өссөн. Энэ нь төрөөс орон сууцны эрэлтийг сайжруулж, ахмад дайчид, төрийн албан хаагч, зарим компани ажилчиддаа бага хүүтэй зээлээр байр олгож эхэлсэнтэй холбоотой хөөрөгдөл юм. Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тодорхой хууль, журам байхгүйг далимдуулан ченжийн систем үйлчилж байна. Тухайлбал, өнгөрсөн онд нэг хүн 50-60 орон сууц нэр дээрээ худалдан авч, өндөр үнээр түрээсийн болон худалдаалах бизнес хийх болсон” гэж ярилаа. Тэрбээр цааш нь “Нийслэлийн хэмжээнд 2010 онд нийт 8782 иргэн орон сууц худалдан авсан гэрээ байгуулсан бол 2011 онд 14111 болтлоо нэмэгдсэн. Энэ нь улсад татвар төлөхгүйгээр хөрөнгөжих хуулийн цоорхой болж өгч байгаа юм. Тиймээс үл хөдлөх хөрөнгө эзэмших, худалдаалах, зуучлах зэргийг зохицуулсан өөрийн гэсэн хууль, журамтай болох хэрэгтэй байна. Үгүй бол үл хөдлөх хөрөнгийн наймаа хар захын наймаа шиг цэцэглэж, ард иргэд туйлдаж гүйцнэ. Залуу хүмүүсийн хувьд нэг өрөө орон сууц гэдэг алсын мөрөөдөл болж байхад өнөөдөр хоорондоо байр бэлэглэдэг хүрээнийхэн бий болоод байна. 2010 онд 6300,  2011 онд 6227 хүн орон сууцыг бэлгийн журмаар авсан баримт байна. Энэ бол үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эрх зүйн орчин дутагдаж байгаагийн том жишээ” хэмээн ярьсан юм.

Үл хөдлөх хөрөнгийн салбарт ямар шинэчлэлт, эрх зүйн орчин хэрэгтэй вэ гэх асуултад “Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг бий болгох, Хөрөнгө зуучлалын компаниудын чадварыг сайжруулах, олон байр худалдаж авсан ч юм уу, бизнес хийдэг ченжүүдээс татвар авдаг болох, Үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэлийн газартай болох” гэж хариуллаа.

Б.Март

Эх сурвалж: http://mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж