Тавантолгойг тойрсон таван асуулт

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Тавантолгойг тойрсон таван асуулт

Та бидэнд Тавантолгойн хувьцааг эзэмшүүлэн бая­жуулчих том зорилго өвөртөлсөн эрхэм гишүүд завсарлах завгүй хуралдаж байна. Гэхдээ нэг л сэжигтэй. Хэн нэг нь яаруулаад, хөөгөөд байгаа мэт заавал одоо, бүр чадвал цагаан сарын өмнө өвөрт нь хувьцаа хийгээд өгчих юмсан гээд улайраад байгаа нь жигтэй санагдана. Дээр нь өнөөх олон хувьцаа маань нэг сая төгрөг ч болон хувирчихаж ч магадгүй болоод явчихлаа. Яагаад заавал нэг сая төгрөг гэж. Тэр хувьцаа хэдэн төгрөгний үнэтэйг хэн мэдэж байгаа юм бэ. Тавин сая ам.доллар ч юм уу, таван мянган төгрөгний үнэтэй ч байх юм уу. Хэн ч таашгүй. Гэтэл Засгийн газар иргэдээс нэг сая төгрөгөөр худалдаж авч мэдэхээр “битүү” наймааг санал болгоод байгаа нь бүр ч “но”-той.

Ямар ч байсан иргэн миний бие хурууны хээгээ өгсний хариуд хүссэн, хүсээгүй  Тавантолгойн 1000 шир­хэг хувьцааны эзэн болж байгаа бололтой юм. Нарийн учрыг мэдэхгүй ч баярлавал зохих энэ шийдвэрийн цаана хариулт нэхсэн олон асуулт гарч ирээд байна. Эн тэргүүнд мэдмээр байгаа таван асуултыг тавья. 

1.Яг өнөөдрийн байдлаар энэ дэлхий дээр  “Эрдэнэс Та­вантолгой” компанийн хувь­цаа гэж бий юү.

Ингэж асуухын учир нь гэвэл Үнэт цаасны тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Санхүүгийн зохицуулах хороо тэрхүү хувьцааг бүртгэсэн байх ёстой байдаг. Гэтэл одоогоор лав тийм компани зөвшөөрөл, дугаар авч бүртгүүлээгүй байна. Тэгэхээр ер нь Тавантолгойн хувьцаа гэдэг нь албан ёсны үнэт цаас уу, хоосон цаас уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Түрүүч нь I нүүрт

Хувьцаагаар ямар нэгэн зүйлийг эзэмшдэг. Гэтэл Тавантолгойн хувьцааны эзэн яг юуг эзэмших юм бэ гэдэг нь одоо ч тодорхойгүй байна. Мөн хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо УИХ-аас зөвшөөрөл авч Тавантолгойн хувьцааг бүртэх ёстой. Түүнээс биш Засгийн газар “Тавантолгойн хувьцааг бүртгэ” гээд бүртгүүлчихэж болохгүй. Гэтэл бүртгээгүй хувьцааг тараах, бүр Засгийн газар худалдаж авах гээд байгаа тухай ярианд итгэнэ гэдэг эрсдэлтэй байгаа биз.

2. Тавантолгойн хувьцаа үнэт цаас мөн гэж бодъё. Засгийн газар хувьцаа худалдаж авах, бусдад зарах эрхтэй юү?

Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээд албан ёсны хувьцаа болоод иргэн миний гар дээр ирчихлээ. Би хадгалах бус бэлэн мөнгө болгох сонирхолтой байгаа тохиолдолд Засгийн газар миний хувьцааг худалдаж аваад компаниудад зарна гэж байгаа. Тэгвэл Засгийн газарт уг хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж аваад бусдад зарах эрх бий юү. Ямар хууль, эрх зүйн үндэслэл дээр тулгуурлаж энэ үйл ажиллагааг явуулах гэж байгаа юм бол гэдэг нь сонин байна. Өөрөөр хэлбэл хувьцааг Хөрөнгийн биржээс гадуур, нэрлэсэн үнээр нь худалдан авах эрхийг Засгийн газарт хэн олгосон бэ. Монголчууд хувьцаа гэхээр л ягаан, цэнхэр тасалбарын эмгэнэлт түүхийг дурсдаг. Гэтэл цэнхэр тасалбарыг иргэд гурван жил хадгалаад, тэр хооронд төр тэрхүү хувьцааны талаар хангалттай мэдээлэл өгсний эцэст хэрхэхээ шийдэж байсан. Харамсалтай нь энэ удаа юун гурван жил бодох, хувьцаа нь ч албан ёсных болж зах зээлд гараагүй байхад түүнийг худалдан авах тухай тархи угааж, нэг сая төгрөг санал болгож эхэллээ. Тавантолгойн хувьцааны талаар ямар ч мэдээлэл, ойлголтгүй байна. Гэтэл “жижиг хувьцаа эзэмшигч” хэмээн нэрлэгддэг иргэдийн эрхийг хамгаалах байгууллага нь хэн юм бэ. Энэ чинь шударга арилжаа мөн үү. Шинэ үеийн шилдэг луйврын бодит жишээ болох юм биш биз.

3. Засгийн газар иргэдийн хувьцааг худалдаж аваад компаниудад зарахаар болжээ гэж саная. Гэтэл Засгийн газарт иргэдээс хувьцааг нь худалдаж авах мөнгө байгаа болов уу?

Нийт хүн амын 10 хувь нь хувьцаагаа Засгийн газарт зарахаар шийджээ гэж бодъё. Үүнд 270 тэрбум төгрөг хэрэгтэй. Сангийн сайд Д.Хаянхярваагийн ярьж байгаагаар эхний хагас жилийн урсгал зардлын алдагдлыг нөхөхөд  400 гаруй  тэрбум дутаад байгаа бололтой. Тэгэхээр хаанаас мөнгө олж, иргэдийн хувьцааг худалдаж авах гэж байгаа юм бол оо. Энд хоёр л зам харагдаж байна. Эхнийх нь Монголбанкнаас 12.5 хувийн хүүтэй мөнгө зээлэх. Нөгөө нь саяхан “China millennium” компаниас нүүрсээ 70 ам.доллароор зарна гэж байгаад 250 сая ам.долларыг урьдчилгаанд авч иргэн бүрт 70 мянган төгрөг тараасан тэр аргаа давтах. Гэхдээ тийм ч оновтой сайхан арга гэж харагдахгүй л байна. Монголбанкнаас 12.5 хувийн хүүтэй мөнгө зээлж аваад иргэдэд бэлнээр өгөхөөр Монголбанк зүгээр харж суугаад инфляциа өсгөхгүй. Тиймээс инфляцитай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ 12.5 хувьд хүргэж өнөөх мөнгөө зах зээлээс татан авна. Тэгэхээр төр үүний төлөө 24.5 хувийн хүү төлөх болов уу. Бод доо, 270 тэрбум төгрөг тарааж өгөхийн тулд 24.5 хувийн хүү төлнө гэдэг байж болох уу. Энэ ямар гээчийн зорилготой санхүүгийн шинэ “загвар” вэ. Эдийн засгийн ямар онол, бодлого гэж ийм байдаг байна аа. “Нийт хүн амын дөнгөж 10 хувь нь хувьцаагаа Засгийн газарт зарвал”гэсэн нөхцөлөөр тооцоолж үзэхэд ийм байна. Нийт хүн амын 20, 30, түүнээс дээш хувь нь Засгийн газарт хувьцаагаа зарахаар шийдвэл яах вэ. Худалдаж авах мөнгө нь хаана байгаа юм бол. Дахиад л Хятадын талтай “Хэзээ нэгэн цагт нүүрсээ 70 ам.доллаар зарна” гэсэн утгатай гэрээ байгуулж, түүнийхээ урьдчилгааг иргэдэд тарааж өгөх үү. 

4. Дээрх хоёр аргын аль нэгийг сонгож мөнгө олоод иргэдээсээ хувьцааг нь худалдаж авлаа гэж бодъё. Эдийн засаг, санхүүгийн ямар онол бодлогоор энэ бүхнийг зохицуулж, төсөөлж байна вэ. Эрсдэлийг нь хэн хариуцах юм б?

Хоёрхон жилийн өмнө иргэн бүрт 70 мянган төгрөг тараахад тэр хавартаа махны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Одоогоор иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олгохын тулд төсвөөс 60 гаруй тэрбум төгрөг тарааж байгаа. Нийт иргэдийн 30 гаруй хувь нь л үүнийг авдаг, Бусад нь хуваарилагдсан банкныхаа дансанд байгаа гэсэн үг. Гэтэл энэ мөнгөнөөс болоод махны үнэ бараг 8000 төгрөгт хүрчихээд байна. Энэ байдлаараа бол ирэх хавар лангуун дээр хүнсний бараа байх болов уу гэдэгт ч эргэлзэхээр байгаа юм. Тэгэхээр инфляци, үнэ ханшийн ямар тооцооллоор дээрх шийдвэрүүдийг гаргаад байна вэ. Тэр тусмаа Тавантолгойн хувьцааны тухайд Монголбанкны ерөнхийлөгч удаа дараа анхааруулж, гуйгаад байгаа. “Хувьцаагаар нь тараагаарай, бэлэн мөнгөөр л тарааж болохгүй шүү” гэж.

Улстөрчид үүнийг арай өөрөөр хараад байх шиг. Инфляци өндөр байж эдийн засаг “Муудах тусмаа сайн” гэсэн бодлого яваад байна уу гэсэн хардлага төрөх боллоо. Тэр хардлагыг лавшруулан тандваас ямар аймшигтай жимээр хөтөлж байна гээч. “Рио Тинто”-ийн 20 хувийг эзэмшигч, Тавантолгойд урьдчилгаа өгөөд байгаа тэр хүчтэй бөгөөд “буянтай” эх үүсвэр нь Хятадын “China millennium” гэгч ганц л компани байгаа юм. Тэр компанийн гол хувьцаа эзэмшигч нь “China invest” корпораци бөгөөд “Роснефть”-ийн хамгийн том зээлдэгч гээд хөөгөөд байвал манай эдийн засгийн байдал муудах тусам гаднынханд ашигтай. Харин тэр ашигтай байдлыг буй болгохын тулд манай улстөрчид ямар их хурд, хүч, ур ухаанаа зарцуулан улайрч байна аа… Тэгэхээр хилийн чинад дахь захиалагчид маш хүчтэй нөлөөтэй байгаа биз.

5. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө “Эрдэнийн хувь” олгох тухай ярьж эхэлсэн. Үүнийг иргэд Тавантолгойн ордоос хувь хишиг хүртэх, хувьцаа эзэмших асуудал гэж ойлгосон. Гэтэл үүнийг иргэн бүрт өгөх нэг сая төгрөгийн амлалттай хэн, хэзээ холбочихов оо?

УИХ-ын гишүүн Я.Батсуурь энэ талаар маш ойлгомжтой тайлбарлан ярьж байна билээ. Тэрбээр “Хувьцааг бүх иргэнд өг. Тэд зарах ёстой үедээ зараг. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн үнэт цаас нь албан ёсоор бүртгэгдэн бирж дээр гараад, үнэлгээ нь өсөж ногдол ашиг өгдөг болсны дараа хувьцаагаа зарах эсэхээ шийддэг болох ёстой. Тэр болтол хувьцааны хөдөлгөөнийг хязгаарлах хэрэгтэй. Тэгвэл мэдээлэл багатай байгаа жижиг хувьцаа эзэмшигчид буюу иргэдийнхээ хувьцааг учир мэдэх томчууд, компанийнхан, бэлэн мөнгөтэй бусад “мангас”-аас хамгаалах боломжтой. Иргэн бүрт нэг сая төгрөг өгөх тухай амлалт бол тусдаа асуудал. Байхгүй бол иргэдэд үнэнээ хэлээд бууж өгөх хэрэгтэй. Харин тэртэй тэргүй хүртэх ёстой Тавантолгойн хувьцаатай хольж, будилуулж болохгүй” хэмээсэн юм.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та “Эрдэнийн хувь” амласанаа мартаагүй бол үүнийг санаачилсан анхны зорилго чинь хаана, юунд очоод эрлийзжиж алга болж байгааг эргэн нэг харна уу. Таны амласнаар бол зарж үрж болдоггүй, тухайн иргэний дансанд насан турш байлгана гэж иргэд ойлгосон. Одоо бид энэ таван асуултын хариуг хэнээс асуухаа ч мэдэхээ больчихоод байна. Та бидний талд байгаа бол холбогдох албан тушаалтнуудаас энэ таван асуултын хариуг авч өгөөч гэж хүсье.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж