”МАН-ынхан ”гал нээх тушаал өгөөгүй” гэдгээ нотлох ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

”МАН-ынхан ”гал нээх тушаал өгөөгүй” гэдгээ нотлох ёстой”

Ардын намын жирийн нэгэн гишүүн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинийг УИХ-ын Ёс зүйн дэд хо­роогоор хэлэлцүүлэхийг хүсчээ. Тэрбээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Ар­дын намын гишүүдэд хандан “Алуурчдын нам” хэмээсэн эрхэм гишүүнийг “Намын нийт гишүүнийг доромжилсон” гэж үзээд хариуц­лага тооцохыг шаардаж байгаа аж. Мөн Ардын намынхан алуурчин уу, үгүй юү гэд­гийг нотлохыг хүсээд нотолж чадахгүй бол уучлалт гуйхыг шаардсан байна. Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баяр­сайханаас тодрууллаа.


-Х.Тэмүүжин гишүүнтэй холбоотой өр­гө­дөл Ёс зүйн дэд хороонд ирсэн талаар дэл­гэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Ёс зүйн дэд хороонд өчигдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ардын намын тавдугаар үүрийн гишүүн И.Равдангаас өр­гө­дөл ирсэн. “УИХ-ын нэгдсэн чуулган дээр Х.Тэмүүжин гишүүн Ардын намын ги­шүүдийг “Алуурчин” хэмээн дуудсан. Энэ нь Монгол Ардын намын олон мянган дэмжигч гишүүнийг доромжилсон хэрэг. Тиймээс арга хэмжээ авч өгнө үү” гэсэн агуулгатай. Ёс зүйн дэд хорооны дүрмийн дагуу өргөдлийг тодорхой хугацаанд шийдэх ёстой. Энэ жур­мынхаа дагуу Х.Тэмүүжин гишүүнд өргөдлийг танилцуулсан. Дүрмийн дагуу Ёс зүйн дэд хорооны дарга асуудлыг шийдэх үүргийг хэн нэгэн гишүүнд өгч болно. Мөн өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуг нь өгөх боломжтой.

-Тэгээд та ямар хариулт өгөх гэж байна?

-Асуудал Х.Тэмүүжин гишүүн Ардын намынхныг “Алуурчин” гэж дуудсанд байгаа. Энэ үгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар до­лоо­дугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой асууд­лыг хэлэлцэж байх үеэр хэлсэн. Тэр үед мэт­гэлцээн болсон. Гишүүд ч эмоцитой байсан. Бие, бие рүүгээ хатуу үг чулуудсан. Ардын на­мын гишүүд ч Х.Тэмүүжин, С.Эрдэнэ на­рын гишүүдэд хандан хатуу үг хэлсэн байна лээ. Миний хувьд Ардын нам байгуулагдсан ца­гаасаа хойш их хэлмэгдүүлэлт хийсэн үү гэдгийг тодруулж байж Х.Тэмүүжин гишүү­ний асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзэж байна. 1937 онд болсон хэлмэгдүүлэлт шүү дээ. Мөн 2008 оны долоодугаар сарын 1-нд таван хүний амь нас эрсэдсэний гол буруутан нь хэн бэ гэдгийг ч тодруулах ёстой. Эдгээр хэрэг тухайн үед МАХН төр барьж байхад болсон. Тий­мээс Ардын намынхан хэлмэгдүүлэлт, долоодугаар сарын 1-ний хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг нотлох ёстой. Ардын намынхан “Бид 2008 оны долоодугаар сарын 1-нд иргэд рүү буудаагүй” гэдэг. Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг бүрэн шийдээгүй байхад Ёс зүйн дэд хороо хэлэлцэхэд эрт байна.

-Долоодугаар сарын 1-нд иргэд рүү гал нээх тушаалыг Ардын намынхан өгснийг нотолсон тохиолдолд Х.Тэмүүжин гишүүнд хариуцлага тооцох шаардлагагүй гэсэн үг үү?

-Ер нь бол их хэлмэгдүүлэлт, долоодугаар сарын 1-ний асуудалд цэг тавих ёстой. Буруу­тан нь буруугаа хүлээж хариуцлагаа үүрэх ёстой. Буудах тушаал өгсөн улс төрийн ал­бан тушаалтнуудын ард нам байгаа. Яг хэн буруутай гэдэг нь тодорхойгүй байгаа. Тиймээс л буруутныг тогтоосон цагт Х.Тэмүүжин ги­шүүнд хариуцлага тооцох талаар ярих бо­ломжтой гээд байгаа юм. Үнэхээр хүнийг гү­жирдэж гүтгэсэн байвал уучлалт гуйх ёстой. Ийм л асуудал байна. Долоодугаар сарын 1-нд хүн буудах үед Ардын намынхан засаг барьж байсан, тус намаас томилогдсон цагдаагийн дарга нар үүргээ гүйцэтгэж байсан. Тушаал өгсөн албан тушаалтнуудын ард нам, улстөрчид байгаа. Шийдвэрийг үнэхээр Ардын нам гаргасан бол асуудал өөрөөр л яригдана.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж