Орон нутгийн багш нар урамшуулалтай болно

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Орон нутгийн багш нар урамшуулалтай болно

Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Л.Гүндалай хоёр өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр “нэгдэж” Донорын тухай хуулийн төслийн өөрчлөлтийг энэ чуулган завсарлаас өмнө батлуулахаар зүтгэсэн боловч чадсангүй. С.Ламбаа “Одоо 23, 24-нд элэг шилжүүлэн суулгах гээд хууль гарахыг хүлээж буй хүмүүс байна. Энэ хууль хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудал болохоос биш улс төржүүлэх зүйл байхгүй” гэж учирлаад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг хүсч байв. Гэвч чуулган завсарлах дөхсөн үед дахиж шинээр төсөл нэмж оруулахгүй гэж УИХ-ын дарга үзсэн тул тус хууль ирэх чуулганыг хүлээхээс аргагүй болов. Ингээд хэлэлцүүлгийн цааш үргэлжлүүлэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуулийн төслийн агуулга нь орон нутагт ажиллаж буй боловсролын байгууллагын ажилчдыг чадваржуулах, ажиллах орчин, урамшууллыг бий болгох тухай аж. Гэвч хэлэлцүүлгийн явцад зарим өөрчлөлт орсон нь хуулийн хамрах хүрээг багассан тухай байв. Төсөлд анх “сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багш, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, сургуулийн номын санч, сургуулийн эмч нарт таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох” гэж байсан бол урамшуулал авахаар байсан бусад мэргэжлийнхнийг хасаж зөвхөн багш нарт урамшуулал олгох нь зүйтэй гэж гишүүд үзсэн байна.

Энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр нэг үг байнга дагалдаж явсан нь “ялгаварлан гадуурхалт” гэдэг байв. Орон нутгийн багш нарыг хотын багш нараас ялган урамшуулал өгөх гэж буй нь шударга бус гэх шүүмжийг “хотын” гэх тодотголтой Ц.Батбаяр гишүүн хэлж “хотын сургуулийн багш нарын ажиллах нөхцөл илүү хүнд, анги дүүргэлтийг нь бодоод үзсэн ч орон нутгийн багш нарыг илүү үзэх хэрэггүй” гэж байв. Мөн зарим гишүүдээс “сургуульд ажилладаг бусад олон алба гүйцэтгэж буй хүмүүст урамшуулал өгөх байсныг болиулсан нь ялгаварлан гадуурхаж буй хэрэг. Эмч, галч гээд хүмүүсийг орхигдуулж байна” гэж байлаа. Төслийн хэлэлцүүлэг нэлээд маргаантай байсан тул зарим гишүүдээс “буцаах” санал ч гарч байв. Ийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр дараагийн асуудалд шилжсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдааны дараагийн хэлэлцэх асуудал нь “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл байсан ба гишүүдийн олонх дэмжиж баталсан юм.

Өөрчлөгдөхөөс өмнөх тогтоолоор бол Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хүрээнд нийт хувьцааны 10 хувийг ААН-д нэрлэсэн үнээр худалдах, 10 хувийг нийт иргэддээ эзэмшүүлэх тухай заажээ. Харин өөрчлөлт орсноор “иргэдэд нийт хувьцааны 20 хүртэл, аж ахуй нэгжүүдэд 10 хувийг худалдан авах боломжийг бүрдүүлэх” хувилбар буюу Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 1.5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцаа эзэмшүүлэхээр боллоо. Тогтоолын төслийг батлахаас өмнө Я.Батсуурь нарын гишүүн “Тавантолгойн хувьцааг Хүний хөгжлийн сангаас олгох сая төгрөгтэй хольж хутгасан байна. Эсвэл сая төгрөгөө ав, эсвэл хувьцаагаа ав гэж байна. Ингэж шийдэгдвэл Монголын маш олон хүн Тавантолгойгоос хувьцаа авах боломжоо алдах нь. Амжиргааны нөхцөл хүнд байгаа үед ийм сонголтыг өгсөн тохиолдолд олон хүн сая төгрөгөө л авахаар байна. Дээрээс нь оюутнууд сая төгрөгөө аваад зарцуулчихсан байгаа шүү дээ. Эдгээр нийгмийн хэсэг огт Тавантолгойн хувьцаанаас эзэмшиж чадахгүй нь. Энэ хувилбар нь иргэдийг ялгаварлан гадуурхсан хэрэг болно, байгалийн баялгаас тэгш хүртэх иргэдийн эрхийг төр өөрөө зөрчиж байна” гэх шүүмжийг хэлж байлаа. 

Энэ шүүмжтэй холбогдуулж буюу хүний хөгжлийн мөнгөө аваад хувьцаагүй үлдэхээр байгаа хэсгийг хэрхэн шийдэх гээд байна гэдгийг ч зарим гишүүд Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Будаас асууж байв. Өгсөн хариултаар “Үлдсэн асуудлыг Төсвийн байнгын хороо болон Засгийн газар зохицуулах ёстой” гэнэ.

Удахгүй маргааны сэдэв өөр болсон байлаа. Энэ нь “УИХ-д олонх МАН завсарлага авах эсэх”, “Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар хоёр бүлгийн хэн нь ч хэвлэлийнхэнд мэдээлэл хийхгүй гэж тохиролцсон байтал Ардчилсан намын бүлгийн дарга түүнийгээ зөрчсөн” тухай байв. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Су.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай гэсэн багц хуулийн төсөл, Монгол Улсын шүүхийн тухай, Шүүхийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай гэсэн багц хуулийн төсөл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд дээр завсарлага авч байна гэдгээ мэдэгдэж, Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах төслөө мэдүүлж, энэ асуудлаа ярилцах боломжийг олгохоор чуулганы хуралдааныг түр завсарлуулав.


Намрын чуулганыг хаалаа

Ийн хэлэлцээд ямартаа ч УИХ-ын чуулганы намрын чуулганыг өндөрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Намрын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлсэн үгэндээ “УИХ дахь Ардчилсан намын бүлэг хамтарсан Засгийн газраас гарсан нь улстөрийн нөхцөл байдлыг ихээхэн өөрчиллөө. Гэхдээ хамтарсан Засгийн газар ажилласан 3.6 жилийн хугацаанд улс орны хөгжил дэвшилтэй холбогдох олон чухал асуудлыг шийдсэн” хэмээн онцоллоо. Тэр дундаа санхүү эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа ихээхэн жин дарж буйг тэмдэглэсэн юм. Харин УИХ-ын хувьд намрын чуулганы хугацаанд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталж, холимог тогтолцоог сонгосон нь нийгмийн хүлээлт байсныг онцоллоо. Шинэчилсэн хуулийн хүрээнд сонгогчдын өгсөн санал тооцогдолгүй гээгддэг, булхай луйвартай сонгууль боллоо гэсэн шүүмжлэлийг иргэдээс ихээхэн хүлээдэг байсан нь ийнхүү цэг тавигдаж буйг хэлж байна. Нөгөөтэйгүүр, сонгогчдын саналыг элдэв бараагаар худалдаж авахыг оролддог оролдлогыг дээрх хуулийн хүрээнд хориглосон нь ихээхэн ач холбогдолтой болохыг ч хэллээ.

УИХ нь намрын чуулганыхаа хугацаанд 188 хууль,  тогтоол, 10 гаруй олон улсын гэрээ хэлэлцээрийг  хэлэлцэн баталсан байна. Бүрэн эрхийн хугацаа дуустал хагас жилийн хугацаа үлдэж буй бөгөөд хүчин чармайлт гаргавал их зүйлийг хийж дуусгах боломжийн цаг болохыг УИХ-ын дарга хэлээд Төрийн дуулал эгшиглүүлснээр намрын чуулганы хаалтыг хийлээ. 

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж