
Испанийн ажилгүйдлийн төвшин сүүлийн 13 жилийн дотор анх удаагаа 20 хувь хүрч байгааг албаны тоо баримтууд харуулж байна. 2010 оны гуравдугаар сарын байдлаар тус улсад 4,612,700 хүн ажилгүй байна гэж Испанийн үндэсний статистикийн байгууллага мэдээллээ. Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор Испанийн ажилгүйдлийн төвшин огцом өссөн бөгөөд одоо еврозоны орнууд дундаа хамгийн өндөр ажилгүйдэлтэй орон гэж тооцогдож байна. Европын холбооноос гаргасан албан ёсны дүнгээр гуравдугаар сарын байдлаар еврозоны орнуудын ажилгүйдлийн албан ёсны дундаж төвшин 10 хувь байна. Энэ нь еврозонд 15.8 сая хүн ажилгүй байна гэсэн үг юм. Харин Европын холбооны орнуудын дундаж ажилгүйдэл 9.6 хувь буюу 23.1 сая хүн ажилгүй байна. Европын орнуудаас ганцхан Германд л ажилгүйдэл буурч 7.4 хувь байснаас 7.3 хувь болж буураад байна. Испанийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт “Standard & Poor” компани тус улсын зээлжих чадварын үнэлгээг бууруулаад байна.
Т.Санаа