Соул дуу хоолойгоо алдлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Соул дуу хоолойгоо алдлаа

Grammy шагнал гардуулахын өмнөхөн 1990-ээд оны хамгийн тод поп дуучин,  өөрийгөө дуулиан шуугиан, хар тамхинд мэдүүлсэн, тэр нэгэн цагт байлдан дагуулсан байр сууриа эргүүлэн авч чадаагүй Уитни Хьюстон амьдралынхаа 48 насанд хорвоог орхилоо.  

Уитни Хьюстоны хувь тавиланд олон зүйл нь генийн удамшил ба хүмүүжлээр нь тодорхойлогдсон юм. Тэрбээр госпела төрлийн дуучин Сисси Хьюстон, телевизийн хөтлөгч Дайонн Уорвик нарын охин, соул дууны хатан хаан Арета Франклины загалмайлсан хүүхэд байв. Эхийнхээ аялан тоглолтод хамт явж байгаад  соулын хөгжмийг мах цусандаа шингээсэн байлаа. Баптистуудын сүмд дуулан 11 насандаа анх удаа тайзнаа гарсан байв. Уитни Хьюстон  өөрийн хамгийн хайртай дуучдын нэг  Чаки Ханы “I’m Every Woman” дууны бэк-вокалыг 15 насандаа хийлгэн бичүүлсэн байв. Хожим хатагтай Хьюстон уг дууны өөрийн хувилбарыг “Бие хамгаалагч” киноны саунтрекдээ оруулсан юм.

Уитни Хьюстон 1980-аад оны эхээр фото моелиар ажиллан дуучин болох бүрэн хэмжээний гэрээ хийхийг яарахгүй байв. Түүний эх нь ч охиндоо жинхэнэ санал ирэхийг хүлээж байлаа. Тийм санал 1983 онд Arista компанийн тэргүүн Клейв Дэвисаас ирсэн юм. Клейв Дэвис дуучин бүсгүйг хөгжмийн аж үйлдвэрт гаргасан загалмайлсан эцэг нь болсон билээ. Тэрээр түүний эхний цомгийг гаргахаар яаралгүй, үзэсгэлэнт охинд эзэлсэн байр сууриндаа тогтнох боломжийг эхлээд өгөв. “Whitney Houston” (1985) гэх анхны пянз нь дуучин бүсгүйд “Шилдэг поп-вокал” гэсэн номинацийн Grammy шагналыг авчирлаа. Хожим Уитни Хьюстон ба “хөгмийн шагнал” хоёр ихэр болсон билээ. Гиннесисийн дээд амжилтын номонд дуучин бүсгүй хөгжмийн хамгийн олон шагналтай гэж бичигдсэн юм. Тэрбээр өөрийн карьертаа 170 сая цомгоо худалдаалсан байлаа.

Уитни Хьюстон эгшин зуур поп хөгжмийн элитэд орж ирсэн нь яахын аргагүй зүйл байсан юм. Гайхалтай хоолой түүнд төрөлхөөс нь заяагджээ. 1992 онд дэлгэцнээ гарсан “Бие хамгаалагч” киноны саундтрект таван октавын хоолой нь бүрэн сайхнаар гарсан байлаа. Долли Партоны “I Will Always Love You” дууны кавер (“тэргүүн”) хувилбарын буянаар дэлхий ертөнц түүний өмнө бишрэн сөгдсөн юм. Урт бөгөөд хэмнэлгүй гэхээр найрал дуу маягтай байсан ч үзэгч олон тэр дуунд нь хайртай болсон билээ. Тэр сингл Billboard сэтгүүлийн чартын оргилд 14 долоо хоногийн турш ноёрхож байлаа. Мөн тэрээр поп-синглийн эмэгтэйн түүхэнд арилжааны хамгийн амжилттай нь болсон юм. Дуутай цомог 43 сая хувиар зарагдсан нь цомогт хийгдсэн хамгийн олон хувийн бичлэг болсон байв. Уитни Хьюстон кинонд зөвхөн дуулаад зогсоогүй бараг өөрийгөө тэр чигт нь харуулсан гэж болно. Поп дуучин алдар нэрийнхээ оргилд сэтгэлийн дарамтын ирмэгт байгаагаар кино үзүүлснийг та бүхэн санаж байгаа. Эрэгтэй гол дүрийг нь бүтээсэн Кевин Костнер ч кино нэр алдарт нөлөөтэй байсан нь мэдээж. Тэр өмнөхөн нь “Чонотой бүжиглэсэн нь” киногоороо Оскар авч дэлхийд алдаршсан байлаа. 1993 оноос эхлэн дараагийн 10 жилд нь амжилтын нэр нь  Уитни Хьюстон болсон билээ.

Соулын мартагдашгүй дуу хоолой Уитни Хьюстоныг ирэх бямба гаригт буюу хоёрдугаар сарын 18-нд Нью-Жерси мужийн Ньюарк хотын баптистуудын сүмд нутаглуулна. Тэр сүмийн найрал дуунд Хьюстон хүүхэд байхдаа дуулдаг байлаа.
Хьюстон “Грэмми” шагналыг зургаан удаа,  “Billboard Music Awards” шагналыг 15 удаа, “American Music Awards” шагналыг 21 удаа,  “Emmy” шагналыг хоёр удаа тус тус авч байснаас гадна  хөгжмийн  аж үйлдвэрийн бусад олон шагнал хүртжээ.

Дуучин бүсгүйн төрөл саданд өөрийн гашуудлыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама илэрхийлсэн байв. “Би түүнтэй ярилцаагүй ч ерөнхийлөгчийн сэтгэл ба залбирал нь түүний гэр бүлийнхэнтэй, нэн ялангуяа түүний охинтой хамт байгааг би мэдэж байна” хэмээн Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни  мэдэгджээ. Уитни Хьюстон, Бобби нарын охин Кристина Браун одоо арван найман настай.

Тэнгэрт нэгэн сайхан дуучин нэмэгдэж, дэлхий нэгэн сайхан дуучнаа алдлаа. Уитни, “I Will Always Love You”.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж