Өнгөрөгч лхагва гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар шатахууны асуудлыг авч хэлэлцээд, нефтийн үнийг дахин буулгах боломжтой талаар Сангийн сайд Д.Хаянхярваа мэдэгдсэн.
Шинэ жилийн дараахан буюу шинэ оны нэмэгдэл болгож нефть импортлогчид шатахууны үнийг 270 төгрөгөөр нэмсэн бөгөөд үүнийг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгаж, шударга бус үйлдэл гэдгийг нотолсон. Тиймээс үгсэн хуйвалдсан, үнийг бодит бусаар нэмсэн гэсэн үндэслэлээр импортлогчдод нийт 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд энэхүү торгуулийг импортлогчид төлсөн эсэх нь тодорхойгүй байгаа.
Валютын ханш өссөн гэдэг шалтгаанаар импортлогчид энэ оны нэгдүгээр сарын 6-ны баасан гаригийн оройноос шатахууныхаа үнийг 270 төгрөгөөр нэмсэн билээ. Үүнээсээ болж багагүй хэл аманд өртөж, олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байсан импортлогчид ам.долларын ханш буурсны дараа ердөө 50 төгрөгөөр шатахууныхаа үнийг хямдруулсан. Тэгвэл сар шинийн урамшуулалтайгаа нийлээд импортлогчид 100 төгрөгөөр шатахууны үнийг буруулаад байгаа хэдий ч Засгийн газрын лхагва гаригийн хуралдаанаар Монголын дотоодын зах зээлд зарагдаж буй шатахууны үнийг дор хаяж 170 төгрөгөөр хямдруулах боломжтой гэдгийг ярилцсан байна.
Тиймээс Засгийн газрын хуралдаанаас цаашдаа нефть импортлогчидтой цаашид шатахууны үнийг буулгах асуудлаар зөвшилцөлд хүрэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгосон билээ. Ам долларын ханш тогтвортой бууж байхад, шатахууныхаа үнийг бууруулахгүй гүрийгээд байгаа импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Засгийн газрын хуралдаанаар ярилцаж шийдвэрлэсэн байна. Монголбанкнаас зарласан үнээр ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1330 төгрөг байна. Цаашид ч ам.долларын ханш төдийлөн хөөрөгдөхгүй байх бүхий л бололцоог Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа юм билээ. Ам.доллар өсөнгүүт үгсэн хуйвалдаж байгаад үнийг 270 төгрөгөөр нэмчихдэг хэрнээ ам.долларын ханш тогтвортойгоор буурч байхад үнэд өөрчлөлт оруулах тухай амнаасаа үг унагахгүй байсан импортлогчид Засгийн газраас нефть импортлох онцгой эрхтэй нь ярих хүртэл хатуухан арга хэмжээ авахаар болсон тухай “мессеж” авангуутаа л 50-хан төгрөгөөр бууруулсан дүр эсгэж, үүнийгээ ч эвтэйхэн аргаар үндэсний, уламжлалт баярын урамшуулал хэмээн тайлбарлаж байна. Магадгүй хоёрдугаар сарыг дуустал нэрээр асуудлыг намжтал эвтэйхэн гэгч нь аргалж байгаад эргээд үнийг нэмчихвий гэх эмзэглэл иргэдийн дунд бай. Импортлогчид ч ийм баталгаа өгч чадахгүй байгаа бөгөөд ирэх сарын нийлүүлэлтийн байдлаас шалтгаална гэдэг ерөнхий хариултыг хэлж байна. Түүнчлэн Засгийн газрын шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс 60 мянган тонн нефтийн нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэсэн ч түүнийг нь хадгалах агуулах сав байхгүй гэнэ.
Төрд өөрийн гэсэн агуулах сав байдаггүй учраас бусад компаниудын агуулахыг түрээсэлдэг юм байх. Өнгөрсөн жил нөөц бүрдүүлэх агуулах барихад төсөвлөсөн 30 тэрбум төгрөгийг 700 сая болгож танаагүй бол ийм бэрхшээл үүсэхгүй байсан бизээ. Гэхдээ ямар ч байсан оргүйгээс охинтой нь дээр гэгчээр импортлогчид 50 төгрөгөөр шатахууныхаа үнийг хямдрууллаа. Үүнийгээ ч ёстой л “буян дааж амьдар” гэх нь холгүй л тайлбарлаж байна лээ.