Г.Өсөхбаяр: Дэлхийн долоон ноён оргилын гурав нь үлдлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр: Дэлхийн долоон ноён оргилын гурав нь үлдлээ

Дэлхийн зулай Эверестийг хоёр талаас нь дайлаар мордож, соёмбот далбаагаа мандуулсан гавьяат тамирчин Готовдоржийн Өсөхбаяр түүхэн дайралт дахин хийх тэмүүлэлтэй. Монгол хүний хөл тавиагүй оргил бөмбөрцөгт байх учиргүй гэх бодолдоо бат итгэдэг тэрбээр Хойд Америкийн Маккинли, Европын Эльбрус, Африкийн Килиманжарогийн тэргүүнийг эзэлсэн шигээ Өмнөд Америкийн Аконкагу (6962), Антарктидын Винсон (4892), Австралийн ноён сарьдаг Пунчак Жая (4884)-д авирах эрмэлзэлтэй. Гэхдээ шилдэг уулчин маань энэ тухайгаа олон нийтэд зарлаж сүржигнэхийг хүсдэггүй бололтой. Улаанцутгалангаас ирснийх нь дараа түүнтэй уулзаж ярилцлаа.

-Эверестийн зулайд хоёр дахиа гарснаас хойшхи таван жилийн хугацаанд та багагүй ажлын ард гарсан нь мэдээж. Мөрөөдөл болсон оргилынхоо дөрөвт нь авирчихлаа. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд нам гүм амьдрахыг илүүд үзсэний гол шалтгаан юутай холбоотой вэ?

-Амьдралын хүсэл тэмүүлэл хязгааргүй болохоор зорилгоо биелүүлсэн ч ханасан удаа үгүй . Гадаадын энд тэндэхийн ууланд авирахаас илүүтэй Монголынхоо уулчдыг дэмжих, тив дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх явдал сүүлийн жилүүдэд давамгайлсан.

-Саяхан та Өвөрхангай аймгийн Улаанцутгаланд авираад ирсэн. Мөсөнд авиралтын төрлийг хөгжүүлэх үүднээс байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонгосон юм уу?

-Улаан цутгаланд авиралт зохион байгуулах бодлыг олон жилийн өмнөөс тээсээр өнөөг хүрсэн юм. Мөсөнд авиралт дэлхийд эрчимтэй хөгжиж байна. Би 11 жилийн өмнө Улаанцутгаланд авирч үзсэн. Харин сая Бат- Өлзийт суманд байрлах байгалийн үзэсгэлэнт энэ газар өнөр олуулаа очиж, нэгдсэн цугларалт, цом булаалдах тэмцээнийг зохион байгууллаа. Олон жилийн өмнөх бодлоо ажил хэрэг болгох тохироо сая л бүрдлээ.

-Манайхан гадаадын уулсыг хэмжих хүсэлтэй. Харин харийн уулчдад Монголд авиралт хийх сонирхол хэр байдаг бол…

-Уулын спортоор дамжуулан, аялал жуулчлал хөгжүүлэх томоохон боломж бүрддэг. Бид харийн уулсыг сонирхохоос өмнө Монголынхоо ноён сарьдгуудад авирч үзэх хэрэгтэй гэж боддог юм. Телевизээр гарч байгаа Альяск, Альпийн салбар уулс, цаст Эверест, эсвэл Швейцарийн байгалийн сайхныг гайхан уулга алдахаас өмнө эх орноо судлан, мэдлэгээ зузаатгах нь хамгийн чухал. Манай оронд сайхан уул олон бий, үүнийг мэдсэн жуулчид, уулчид жилээс жилд нэмэгдэж байна. Ялангуяа Алтай таван Богдыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам анхааралдаа авах цаг нь болжээ. Хүйтний оргилыг зорьдог гадаад, дотоодын уулчдаас үүдэн экологийн асуудал хөндөгдөж байна. Одоо л үүнийг анхааралдаа авахгүй бол оройтох нь.

-Хог тарьж, байгаль бохирдуулж байгаа болохоор таны сэтгэл өвддөг гэж үү?

-Гадаадын уулчид хог хаядаггүй. Харин монголчууд байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах сэтгэлээр дутаж яваа нь нууц биш. Тэдний хаясан хогийг цэвэрлэж байхад нулимс гарах шахдаг үе ч бий. Ноднин Алтай таван Богдод гарсан 20 гаруй залуу хог тарьж, уусан архины шилээ хаа сайгүй хаячихсан байсан. Төөрч будилсан, нэгнийгээ хайсан сонин төрх тэднээс ажигдагдсаныг нуухгүй. Уулын спорт миний, эсвэл зорилго нэгт нөхдийн маань өмч биш л дээ, монголчууд бүгдээрээ ууландаа гарч үзэх хэрэгтэй. Шинийн 1, 8-нд уулын оройд гарч хийморио сэргээдэг эртний уламжлал ч бий. Гэхдээ байгалиа шүтэх, хайрлах сэтгэл дутаад байна.

-Таны гарч үзээгүй уул Монголд хэчнээн байна?

-Олон бий. Тэр бүхэн дээр гаръя гэвэл миний нас, бие гүйцэхгүй биз. Алтай таван Богдын оргилууд, Мөнх хайрхан, Сутай, Цагаан дэглийд давхардсан тоогоор хоёроос илүү гарсан.

-Дэлхийн долоон ноён оргилд тугаа мандуулах хүсэл Эверестэд авирсны дараа төрсөн үү?

-Энэ нь миний томоохон мөрөөдөл. Хүсэл тэмүүлэлд хязгаар байдаггүйн илрэл ч юм шиг. Эверестэд авирах зорилго биелсний дараа зургаан оргилынх нь талаар бодсон юм. Европын Эльбрус, Хойд Америкийн Мак Кинли, Африкийн Калиманжарод авирчихлаа. Одоо Өмнөд Америк, Австрали, Антрактидын оргилууд үлдээд байна.

-Та алиныг нь хамгийн түрүүнд дайлаар мордмоор байна?

-Зардал байвал гурвууланд нь угсруулан авирмаар санагддаг. Уулын спорт зардал өндөртэй. Жишээ нь Антарктидын ноён оргил Винсонд гарахад 40000 доллар шаардагдаж байгаа нь тамирчин бидний хувьд их мөнгө.

-Эверест, Эльбрус, Маккинли, Калиманжарод хийсэн авиралтаа харьцуулбал хэр өөр зураг сэтгэлд буух бол?

-Давтагдах зүйл нэгээхэн ч үгүй. 8848 м-ийн өндөрт орших Эверест, Европын Эльбрус (5642), Хойд Америкийн Мак Кинли (6194), Африк тивийн Килиманжаро (5895) бүгд өөрийн гэсэн онцлогтой ч хүний тэсвэр хатуужлыг шалгадгаараа л ижилхэн. Иймээс үлдсэн гурван ууланд гарах бэлтгэлээ тус тусад хийх шаардлагатай.

-Эверестэд нэг биш, хоёр удаа амиараа дэнчин тавин гарсны учир юу вэ?

-Дэлхийн зулайд авирна гэдэг хүршгүй зүйл биш, өөрийгөө ялахын гайхамшиг. Би мундагтаа бус, азтайдаа л Эверестэд гарсан. Уул ус намайг ивээж оргилдоо гишгүүлсэн гэж боддог. Хамт авирч явсан нөхдөө амь насаа алдахыг дэргэдээс нь харахад хэцүү байдаг. Эверестэд анх хүсэлдээ хөтлөгдөн, харин хоёр дахь удаагаа эмэгтэйчүүдийнхээ хүслийг биелүүлэхийн төлөө авирсан юм. Гадаадын уулчид надаас “Эверестэд яагаад хоёр удаа гарсан юм бэ” гэж асуухад нь “Тэнд хүрэх хоёр замын аль алинаар нь явахыг хүссэн юм” гэж наргиан болгодог.

-Хоёр авиралтын аль нь илүү хэцүү байсан бол?

-Эхнийх нь. Наад зах нь би хувцсаа яаж тохируулах, хүчилтөрөгчийн баллоныг хэрхэн ажиллуулахаа мэддэггүй байлаа. Бүх зүйлийг бие дээрээ туршсан гэх үү дээ. Эверестийг анх зориход минь Монголд 8000 м-ээс дээш авирсан уулчин байгаагүй учраас зөвлөх хүн олдоогүй. Гэхдээ миний араас бүгдээрээ л залбирсан гэдэгт итгэлтэй явдаг.

-Та Эверестэд 30-аад минут болсон гэж ярьсан..

-Тийм ээ. Анх оргилд хүрсний дараа дахин энд ирэхгүй гэж бодохоор хоргодох сэтгэл төрсөн юм байлгүй. Хоёр дахь удаагаа тэнд оччихоод хурдан буухын түүс болж билээ. Эхний авиралтаа бодоход туршлага хуримтлуулж амжсан учраас хоёр дахь нь гайгүй өнгөрсөн.

-Эверестэд авираад ирэхэд зарим уулчин дэлхийн зулайд гарсан, гараагүй гээд янз бүрийн цуу дэгдээсэн. Авирснаа батлах гэж Гималайг дахин зорьж дээ гэж бодох хүн ч байсныг үгүйсгэхгүй…

-Би өрөөсгөл мэдээллийг тоогоогүй. Хүн бусдыг хуурч болно, харин өөрөөсөө, хүсэл зорилгоосоо урваж чадахгүй нь хатуу үнэн. Эверестэд хоёр удаа гарснаараа омогшдог. Ялангуяа эхний авиралт минь хэцүү хэрнээ үнэ цэнэтэй санагддаг.

-Та дээр уулын спорт өртөг өндөртэй гэж ярьж байсан. Барагцаалбал энэ спортод ямар хэмжээний мөнгө зарцуулаад байна вэ?

-Хөрөнгө мөнгөнөөс гадна цаг хугацаа, эрүүл мэндээ харамгүй зориулсан, үүндээ ч харамсдаггүй. Эргэж тооцоод ч яах юм. Эверестээс ирсний дараа төрийн наадмын нээлтэд оролцоход ард түмэн маань надад гүн хүндэтгэл үзүүлсэн тэр үед эх орноороо бахархаж, эрэмшиж илүү ихийг хийх ёстойгоо ойлгосон юм. Зарим хүн өөрсдийгөө тамын тогоонд амьдарч байгаа мэтээр ярьдаг ч үүнтэй санал нийлдэггүй.

-Төлөвлөсөн долоон оргилд хүрсний дараа Өсөхөөд ямар мөрөөдөл төрөх бол…

-Гарч үзээгүй оргил бүхэн уулчин хүний мөрөөдөл. Өндөр, нам хамаагүй. Би гавьяа шагналын төлөө энэ бүхнийг хийж байгаа юм биш. Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд мэдрүүлэхийг хүсэлдээ хөтлөгдөөд тэр. Төрийн далбаагаа иргэн бүхний хийморийн дарцаг гэж ойлгодог учраас би оргил бүхэнд мандуулах зорилготой.

-Эверестийн тухай та бүхний бэлтгэсэн цуврал нэвтрүүлгийг үзсэн. Харин баримтат кино, ном бүтээх бодол бий юү?

-Багийнхан маань 7, 8 цуврал нэвтрүүлэг хийсэн. Гэхдээ надад өнгөрсөн үеийн авиралтаар өнөөдөр амьдрах хүсэл төрдөггүй юм. Өсөхбаяр мундагтаа Эверестэд гарсан юм биш, тохироо нь бүрдчихсэн байсан. Долоон оргилд авирчихаад эсвэл хойч үеэ бэлтгэсний дараа цогц зүйл хийх бодолтой. Бүтээсэн нэг гавьяагаа насан туршдаа худалдаж амьдарвал утгагүй.

-Б.Гангаамааг Эверес тэд гарсан тухай мэдээг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ? Энэ үед Гималайн оргилд хөл тавьсан үеэ дурссан уу?

-Б.Гангаамааг дэмжиж, Эверестийн авиралт амжилттай болоход нь баярласан. Энэ дашрамд нэг зүйл хэлэхэд монгол хүн олон ажлын ард гарах цаг нь болсон. Түүний нэгээр Гангаамаа тодорч, Эверестэд авирсан анхны монгол бүсгүй боллоо. Цаашид монгол эмэгтэй яагаад сансарт нисэж болохгүй гэж? Энэ мэтээр шийдэх том асуудал зөндөө байна. Дэлхийн зулайд хүрсэн Б.Гангаамаа, бүсгүйчүүдээс анхны 8000-ч уулчин болсон Д.Эрдэнэтогтох нараараа бахархдаг.

-Та аялал жуулчлалын хувийн компанитай юу?

-Одоохондоо компанитай болж амжаагүй байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын компаниудын ихэнх нь гадаад эзэнтэй, монгол хүн яагаад нутаг орондоо эзэн нь байж болохгүй билээ гэсэн бодол төрдөг юм. Энэ салбарт бидний орон зай үгүйлэгдэж байна.

-Зардал мөнгөний бүх асуудлыг шийдье, дуртай газартаа оч гэвэл та аль орныг сонгох вэ?

-Саран дээр очихыг хүснэ. Бас далайн гүн рүү шумбамаар байна. Бүтэшгүй зүйл ярьж байна гэж хүмүүс бодож магадгүй л дээ. Гэхдээ энэ бүхнийг хиймээр байна. Ойрын үеийн зорилт гэвэл Арктикт төрийн далбаагаа мандуулах.

-Нэр нэгтийн чих нэг гэдэг. Гэ.Өсөхбаяр аварга та хоёр нэг жил “Бөртэ чоно” шагнал хүртсэн байх аа?

-Тийм ээ. Бид хоёр мэнд устай явдаг. Төрийн наадамдаа олонтаа түрүүлсэн, өдгөө “Алдар”- ыг хариуцан ажиллаж, спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа амьдайгаараа бахархдаг.

-Ингэхэд танд Эверестэд гарах хүсэл хэзээнээс төрсөн юм бэ?

-1982 онд Оросын уулчид Эверестэд гарах бэлтгэл хийж байгаа баримтат нэвтрүүлгийг үзээд Гималайн ноён оргилд авирахыг мөрөөдсөн. Миний бага нас Өмнөговь аймагт өнгөрсөн бөгөөд тус аймгийн БТСГ-ын дарга нэгдсэн авиралт зохион байгуулахад нь аав дандаа оролцдог байлаа. Эверестэд гарах замыг аав л зассан гэж боддог. Аавыгаа дагаж ууланд авирсан цагаас уулчин болох төөрөг зурагдаж дээ. Үе үеийн уулчид миний багш. Тэднээс ачаагаа зөв хуваарилах, гал түлэх, майхнаа барих гээд их зүйл сурсан.

-Уулчид сэтгэлийн хөдөлгөөнөө хэрхэн илэрхийлдэг юм бэ?

-Эмоцио ил гаргадаг спортын тамирчдад заримдаа атаархах нь бий. Уулын оргилд гарчихаад орилж хашгирах, үсрэх чадал бидэнд байдаггүй. Ийм боломж байсан ч буцахдаа нөөдөг учраас гаргадаггүй.

-Эверестэд гарсан уулчин дэлхийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор ордог биз?

-Эверестэд гарсны дараа ийм бодол төрдөг байлаа. Харин Хойд Америкийн ноён оргилд гараагүй уулчин шилдгүүдийн тоонд ордоггүйг хожим ойлгосон. Макканлид авиралт хийх үеэр туршлага дутагдсан удаатай. Үүргэвчээ үүрээд чарга чирж явах нь надад амаргүй байлаа. Хэзээ нэгэн цагт энэ оргилд монгол хүн дахин авирвал зөвлөгөө өгөх туршлага хангалттай хуримтлуулсан гэж боддог.

-Тэмдэглэл хөтлөхгүй бол зарим зөвлөгөөгөө мартчихна биз дээ?

-Уулчид ер нь мартамхай болчихдог юм шиг. Хүний амьдрах орчноос өөр газар удаан хугацаанд байдагтай холбоотой ч байж магадгүй. Миний хувьд хүний нэр, утас, хаягийг мартана гэж найгүй. Мартамхай өвчнөөс болж зарим хүнийг анзааралгүй өнгөрдөг тал бий. Одоо миний үс бууралтаж байгаа нь үүнтэй холбоотой ч юм бил үү.

-Та хэзээ зодог тайлах вэ?

-Уулын спорт зодог тайлах шаардлагагүй. Залуудаа өндөр рүү нь, хөгшрөхөөрөө арай намхан руу нь явъя гэж боддог. Уулчин гэхээр л мундаг хүн гэж ойлгож болохгүй, хүсвэл хэн ч оргил руу авирч чадна.

-Гарсан оргилдоо та хадаг зүүн үлдээдэг үү?

-Энэ спорт надад мөрөөдөл зорилго өгсөн. Оргилд гарсны дараа хадаг зүүдэггүй, хог байвал цэвэрлэчихээд буцдаг.

-Харин гадаадад зорчиход хэлний мэдлэг шаардагдах нь лавтай. Англи, орсоор давгүй ярьчихна биз?

-Мундаг биш ээ. Гэхдээ төөрч будилалгүй, ходоодоо өлсгөлгүй амиа борлуулчихдаг юм. Тухайн улсын хэлийг мэдэхгүй бол тэр орныг үзсэнд тооцоход хэцүү гэдэг нь маргаангүй үнэн. Ресторан, дэлгүүрээр нь бүхэл бүтэн ард түмнийг төсөөлбөл хэтэрхий өрөөсгөл. Би ямар нэгэн улсад очоод байшин барилга, гадаад орчинг нь сонирхдоггүй. Тэр бүхэн хүний гараар бүтсэн зүйл. Харин уламжлалаа хадгалан амьдарч байгаа хүмүүс тухайлбал, Кени болон Танзанид амьдардаг маасайчуудын амьдрал сонирхолтой. Техник дэвшлийг хэрэглэж чадахгүй байгаа ч тэнд эрүүл амьдрал бий. Эксимосчуудын амьдралыг дэргэдээс нь харахыг хүсдэг. Үүн шиг манай малчдын амьдралын хэв маяг бас сайхан шүү.

-Тэгвэл та хотод байх дургүй юм аа?

-Дургүй гээд яахав дээ. Малчин айлаас интернет үйлчлэхгүй юм чинь.

-Ингэхэд ханан хадны спорт Монголд хөгжих хэр боломжтой вэ?

-Дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байгаа экстрим спортын нэг л дээ. Монгол хүн эмнэг морио булгиулдаг юм чинь хаданд авирч чадна. Харин зардал мөнгөө л шийдэх хэрэгтэй. Тухайлбал, хиймэл хана барихад чамгүй их ногооны асуудал тулгарна. Олимпийн хөтөлбөрт орох магадлал өндөр спортын төрөлд ханан хад багтдаг.

-Таны дүү нар энэ төрлөөр хичээллэдэг гэл үү?

-Тийм ээ. Гэхдээ би дүү нараа өөр шигээ уулын спортод бүхнээ зарцуулаасай гэж хүсдэггүй. Айлд нэг л тэнэг хүн байвал барав.

-Сар шинийн баяр хаяанд ирлээ. Хийморийн овоонд ямар хүслээ шивнэх гэж байна?

-Хийморийн овоонд их гардаг. 1990 оны үед сар шинийн баяраар тус овоонд гарахад цөөн хүний хөлд дарагдсан ариун дагшин газар байсан бол одоо төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байна. Хүмүүс маш их хог тарьж байна. Энэ их сэтгэл эмзэглүүлдэг.

Ах нарынхаа ачааг зөөлцөн, уулын спортод хөл тавьсан хүү өдгөө Монгол түмний бахархал, зоригт шонхруудын нэг болсон. Тэр сансарт нисэхийг, далайн гүнд шумбахыг, саран дээр зочлохыг мөрөөддөг. Мөчит дөрвөн хөлтний мөр гараагүй, мөгөөрс нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй оргил мэтээр төсөөлж явсан Эверестийг хоёр ч удаа эзэлсэн болохоор ийм хүсэл төрдөг нь аргагүй биз ээ. Тэр ард түмэндээ өөрийгөө өртэй мэтээр ойлгодог. Тиймдээ ч хийморийн дарцаг болсон эх орныхоо тугийг оргил бүрт мандуулах зорилготой. Түүний “дайлаар мордох”-оор өдгөө төлөвлөж буй эхний цэг Антарктид.

Б.ӨЛЗИЙТОГТОХ



Эх сурвалж: “ТАВАН ЦАГАРИГ” сонин


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж