Д.Дэмбэрэл даргын хожимдсон “ичингүйрэл”

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл даргын хожимдсон “ичингүйрэл”

Чуулганы танхимд хэд хэдэн гишүүд гар өргөж “би үг хэлье”, “би саналаа хэлмээр байна”, “яагаад үг хэлүүлэхгүй байгаа юм бэ” гэцгээж байлаа. Энэ нь өчигдрийн хуралдааны Боловсролын хуулийн хэлэлцүүлгийн уур амьсгалыг үндсэнд нь тодорхойлж байв. Гол нь гишүүд үг хэлэх эрх авахаараа хэлэлцэх асуудлаас илүү улстөржсөн, хатгасан үгсийг хоорондоо чулуудаж байсан тул хуралдаан даргалагч хүн бүрт үг хэлэх эрх тэр бүр өгөхгүй байсан юм. Арга нь ядсан Д.Дэмбэрэл дарга “Та нар маргалдах гэж байна, ойлгомжтой. Үгүй ээ, өнөөдөр ямар гээчийн өдөр вэ” гэж шуугилдаж буй гишүүддээ хэлж байв. Дараагаар нь Ц.Сэдванчиг гишүүн үг хэлэх эрхээ авчихаад “Байнгын хороогоор дэмжигдсэн заалтуудыг УИХ дээр оруулж ирэхдээ татахаар болсныг санаачилсан гишүүд нь ч өөрсдөө мэдэхгүй байна. Үүнд тайлбар авмаар байна. Хэн хаанаас гэнэт гарч ирээд дэмжигдсэн саналуудаа унагах гээд байна” хэмээн асуудал босгож ирэв. Гэвч энэ нь Ц.Сэдванчигийн хэлээд байсан шиг асуудалтай зүйл байгаагүй болж таарав. Ажлын хэсгийн ахлагч А.Тлейханы хэлснээр ажлын хэсгийн төвшинд дээрх хуулийг дахин хэлэлцэх шатанд зүйл заалтыг хасъя гэдэг саналыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гаргаж, мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр дэмжсэн гэнэ. Ингэж асуудал үүсгэсэнд Д.Дэмбэрэл дарга их л дурамжхан “Ц.Сэдванчигаа, та нар чинь ямар муухай юм бэ. Та нарын өмнөөс хэвлэлийнхнээс ичиж байна. Асуудал хуулийн дагуу л явж байгаа юм байна шүү дээ” гээд цааш нь үргэлжлүүллээ. Батж.Батбаяр “сонгууль дөхөөд бүгд улстөржсөн үг хэлээд байна. Би ч гэсэн боломжийг ашиглаад улстөржмөөр л байна шүү дээ” гэв. Ийн гишүүд дахиад л “би үг хэлье” “би саналаа хэлмээр байна” гэсээр байлаа. 

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж