Орон сууцны үнийн хөөрөгдөлд төр буруутай гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнийн хөөрөгдөлд төр буруутай гэв

Үл хөдлөх хөрөнгийн худалдаанд төр хутгалд­сан нь үнийн өсөлтийг дагуулсан гэнэ. Хэрвээ төр оролцоогүй байсан бол үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт  30-40  хувиар өсөхгүй байсан аж. Төр, засгаас орон сууцны нийлүүлэлтийг бүрдүүлээгүй хэрнээ эрэлтийг хөөрөгдсөн нь өнгөрсөн жил 35 сая төгрөг байсан нэг өрөө байрыг өнөөдөр 52 сая төгрөг  хүртэл өсгөсөн гэдгийг “Үл хөдлөх хөрөнгийн салбарын тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр шүүмжиллээ.  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас дээрх хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан бөгөөд энэ үеэр багагүй санал шүүмжлэл гарсан. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн зөвлөлийн дэд дарга, www.barilga.mn-ийн захирал Г.Батсүх “Төр, засгаас орон сууцны баахан хөтөлбөр зарлаж, ахмадуудын, төрийн албан хаагчдын, бага дунд орлоготой иргэдийг байржуулна  гэсэн нь орон сууцны үнийг хөөрөгдөх нэгдүгээр шалтгаан болсон гэдгийг шүүмжлэв. Орон сууцны нийлүүлэлт бага, хэрэгцээ их байхад хий эрэлт үүсгэснээс иргэд ихээхэн хохирч байгааг ч тэрбээр ярьсан.

Төрөөс орон сууцны хөтөлбөрийг ярьж, хэрэгжүүлж чадахгүй хэрнээ баахан сенсаац дэгдээдэг нь нийгэмд хүлээлтийг бий болгож, энэхүү хүлээлт нь инфляци үүсгэж байгаа болохоор бага дунд орлоготой иргэдийг байртай болгоно, зуун мянган айлын орон сууц барьж зургаан хувийн хүүтэй зээл гаргана гэдгээ болих ёстой гэдгийг сануулав. Хэрвээ төр орон сууцны асуудалд оролцохгүй бол байрны үнэ зах зээлийнхээ жамаар зохицуулагдах ёстой гэнэ лээ. Тиймээс төр орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн худалдаа, хөрөнгө оруулалт, түүний эргэлт, бүртгэл зэрэг дээр анхаарч энэ талын эрх зүйн орчинг сайжруулчихвал орон сууцны үнийн хөөс хагарах гэнэ. Хэлэлцүүлэгт оролцогчид үүнийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, хэрвээ төрөөс ийм зохицуулалт хийхгүй бол хэдхэн ченжүүд орон сууц хөөрөгдөж, ихээхэн хэмжээний ашиг олдгийг ч дурдав.

Түүнчлэн хэрвээ төсөл хөтөлбөр санаачилсан юм бол цагтаа хэрэгжүүлдэг байх ёстойг ч сануулав. Тэгэхгүйгээр худлаа реклам хийж, тэр нь нийгэмд, эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа ч төр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагааг шуурхайвчлах хөнгөвчлөхийг төрөөс шаардлаа. Тэгэхгүй бол Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нийтдээ мянган хүн л тоглолт хийж, түүнээс нь болоод иргэдэд ихээхэн дарамт учирч байгааг МҮХАҮТ-ын дэргэдэх Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжлийн зөвлөлийн дарга Г.Дашцэрэн ярьсан. Хэдхэн хүн орон сууц болон газрын наймааг гартаа атгаж, өөрсдийнхөө амнаас унасан тоогоор барилгын салбар дахь үнийн асуудлыг зохицуулж байгаа гэнэ. Үүнээс болж олон зуун тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө ямар ч бүртгэлгүй, улс авах ёстой татвараа авч чадахгүй хохирч байгаа гэнэ. Сүүлийн үед бэлэн мөнгө ихтэй иргэд орон сууц худалдаж аваад үнэ хөөсрүүлээд байгааг, тэд орон сууцыг барилгын компаниудаас орцоор нь, давхраар нь худалдаж аваад цааш нь “дамалж” зардаг бөгөөд үүнийг  “зарна”, “түрээслэнэ” гэсэн зарын сонинуудаас харж болно хэмээн ярьсан.

Үүнээс гадна орон сууцны үнэ өсөхөд нөлөөлж байгаа хэд хэдэн шалтгааныг тодруулав. Өнгөрсөн жил Гаалийн үнэ тарифын зөвлөл үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж байна гээд хилээр орж ирж байгаа барилгын материалын гаалийн татварыг 20 хувь болгосон нь буруу гэнэ. Үүнээс болоод орон сууцны үнэ өнгөрсөн жилээс 30-40 хувиар өссөн, мөн юанийн ханш ч үүнд нөлөөлсөн бөгөөд энэ ч төрийн зохицуулалт муу хийсэнтэй холбоотой аж. Тэр нэг хэсгийг нь дэмжих нэрээр олонхийг хохироож, хэлмэгдүүлж байгаа гэлээ. Мөн шатахууны үнэ өссөн нь тээвэрлэлт, ложистикийн зардлууд нэмэгдэж, орон сууцны үнийг тэнгэрт хадааж байгаа гэх. 

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд  хаана, хаана шинээр орон сууцны хороолол барихаар төлөвлөж байгаагаа Нийслэлийн барилга, хот төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Одбаяр танилцуулсан.  Тэрбээр Яармаг, Баянголын аманд орон сууцны хорооллыг ирэх хавраас эхлүүлэх, ойрын хугацаанд Ногоон нуураас 100 айл-32-ын тойрог хүртэл хамарсан 210 га газарт шинээр орон сууц барихаар болсон гэдгийг сонирхуулав. Хэрвээ төр засгаас ямар нэгэн зохицуулалт хийж, нийлүүлэлтийг яаравчлах, Монголын барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татахгүй бол 2020 он хүртэл эрэлт энэ хэвээр, үнэ ч буурна гэдэг эргэлзээтэйг сануулсан.

Ийнхүү төр, хувийн хэвшлийнхэн үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд байгаа асуудлын талаар хэлэлцсэн хэлэлцүүлгийн үеэр төр буруутай гэдэг, төр ажиллахгүй байгаа гэх, төр бодлогоо зөв тодорхойлох, бас гадаадын хөрөнгө оруулагчидтай энэ салбарт хамтармаар байгаа санал цөөнгүй гарсаныг холбогдох албаны хүмүүс анхааралдаа авна биз ээ.

Н.ГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж