Иргэнээ биш төрөө хамгаалдаг зэвсэгт хүчинтэй болох уу?!

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Иргэнээ биш төрөө хамгаалдаг зэвсэгт хүчинтэй болох уу?!

Монгол Улсын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчин нь төрийг иргэнээс хамгаалах чиг үүрэгтэй гэж ойлгож байгаагаа, цаашид энэ чиглэлд бэлтгэнэ гэж бодож буйгаа Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр ил тод илэрхийлжээ. Бүр тодруулбал, хэд хэдэн анги нэгтгэлийг шаардлагатай тоног төхөөрөмж, галт зэвсгээр хангахаар төлөвлөснөө хэлээд батлан хамгаалах салбарын үндсэн үүрэг нь байлдааны бэлэн байдал гэж ойлгодгоо өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Үүнийхээ үндэслэлийг тайлбарлахдаа “долдугаар сарын 1-ний явдал бидэнд ийм сургамж өгсөн” гэснээс үзвэл тэрбээр зэвсэгт хүчин нь иргэнээ биш, төрийг хамгаалах чиг үүрэгтэй гэж ойлгож байна.

Бид үнэхээр ардчилсан, иргэний нийгмийн төлөө явж буй юм бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хийгээд батлан хамгаалахын бодлого нь төрийг биш иргэнээ хамгаалахад чиглэх ёстой гэдэг үзэл баримтлалын төлөө байх ёстой. Хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан УИХ-аас баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын үндсэн философи ч дээрх чиглэлийг тунхагласан. Харамсалтай нь уг үзэл баримтлалыг хуулиар дамжуулан бодитой хэрэгжүүлэх талаар Засгийн газар нэг ч алхам хийгээгүй төдийгүй Батлан хамгаалах салбарын бодлогын баримт бичгийн төсөл дээр ч ойлголтын асар зөрүүтэй байгаа нь харагдсан.

Тэгвэл энэ удаад Батлан хамгаалахын сайд нь зэвсэгт хүчнийг иргэдийн эрх чөлөөний эсрэг бэлтгэх итгэл үнэмшилтэй байгаагаа илэрхийллээ. Ж.Энхбаярын мэдэгдэл долдугаар сарын 1 шиг хэрэг гарвал бэлэн байдалд байх анги нэгтгэлийг тоног, төхөөрөмж, галт зэвсгээр хангана гэж уншигдаж байгааг өөр салаа утгаар ойлгох аргагүй юм.

Хорин жилийн өмнөх ардчилсан хувьсгал нийгмийн тогтолцоог алга урвуулах мэт өөрчлөхдөө ч иргэдийн амь нас, эрх чөлөөний эсрэг алхмыг тэвчиж чадсан. Зөвхөн үүгээр нь бидний сонгосон ардчиллын үнэ цэн, утга агуулгыг хэмжиж болох билээ. Харин өнөөдөр хэдийнээ ардчилагдсан Монгол Улсын төр иргэдийнхээ улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг галт зэвсэг хэрэглэх итгэл үнэмшлээ ил тод илэрхийлж байна гэдэг хариуцлагагүй төдийгүй айдас, хүйдэс дагуулам зүйл юм.

Монголчууд бидний хорин жилийн өмнө татгалзсан нийгэмд хүн ам нь улс орноо батлан хамгаалах үүрэгтэй байсан нь үнэн. Өнөөдөр бол улс орон нь буюу төр нь хүн амаа хамгаалах үүрэгтэй. Энэ нь батлан хамгаалах салбарыг иргэний чиглэлд хөгжүүлэх ёстой гэсэн үг. Сүүлийн хорин жилд бодлогын хэмжээнд яригдаж ирсэн энэ концепцийг Ж.Энхбаяр сонссон л баймаар юм. 

Цэргийн мөрдэс, зэвсэгт хүчний сүр хүч гэдгийг шинэ сайд чухам юу гэж ойлгоод байгаа хэрэг вэ? Энэ асуултын хариулт айдас, эргэлзээ дагуулж эхэллээ. Сүүлийн өдрүүдэд түүний талаар хэвлэлд гарсан мэдээлэл, байр суурийг тодруулан судлах шаардлагатай гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзсэн. З.Энхболд, Н.Батбаяр, Э.Бат-Үүл нарын гишүүдээс бүрдсэн уг ажлын хэсэг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяры огцруулах асуудлыг УИХ-д оруулах гэж байгаа гэх мэдээлэл ч байна. Харин Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүний талаар ямар байр суурьтай байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

Ж.Энхбаярыг сайдаар томилох саналыг С.Батболдын зүгээс танилцуулан зөвшилцөх үед Ерөнхийлөгч “зангараг дутах вий” гэсэн сануулгыг түүнд өгч байсан. Мөн улс орны аюулгүй байдал гэдэг төрийн аюулгүй байдал биш, иргэний аюулгүй байдал юм шүү гэдэг философийг бодлогын баримт бичгийн хэмжээнд тунхагласан хүн нь ардчилсан Ерөнхийлөгч. Энэ удаад ч тэрбээр батлан хамгаалах салбар улс төрийн нам юм уу, төрийг хамгаалахад биш иргэний эрх, эрх чөлөө, аюулгүй орчныг сахин хамгаалахад оршино гэж хэлэх болов уу?!

З.БОРГИЛМАА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж