Намрын чуулганыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Намрын чуулганыг хаалаа

УИХ-ын чуулганы намрын чуулганыг өндөрлүүллээ. Намрын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлсэн үгэндээ “УИХ дахь Ардчилсан намын бүлэг хамтарсан Засгийн газраас гарсан нь улстөрийн нөхцөл байдлыг ихээхэн өөрчиллөө. Гэхдээ хамтарсан Засгийн газар ажилласан 3.6 жилийн хугацаанд улс орны хөгжил дэвшилтэй холбогдох олон чухал асуудлыг шийдсэн” хэмээн онцоллоо. Тэр дундаа санхүү эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа ихээхэн жин дарж буйг тэмдэглэсэн юм. Харин УИХ-ын хувьд намрын чуулганы хугацаанд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталж, холимог тогтолцоог сонгосон нь нийгмийн хүлээлт байсныг онцоллоо. Шинэчилсэн хуулийн хүрээнд сонгогчдын өгсөн санал тооцогдолгүй гээгддэг, булхай луйвартай сонгууль боллоо гэсэн шүүмжлэлийг иргэдээс ихээхэн хүлээдэг байсан нь ийнхүү цэг тавигдаж буйг хэлж байна. Нөгөөтэйгүүр, сонгогчдын саналыг элдэв бараагаар худалдаж авахыг оролддог оролдлогыг дээрх хуулийн хүрээнд хориглосон нь ихээхэн ач холбогдолтой болохыг ч хэллээ.

УИХ нь намрын чуулганыхаа хугацаанд 188 хууль,  тогтоол, 10 гаруй олон улсын гэрээ хэлэлцээрийг  хэлэлцэн баталсан байна. Бүрэн эрхийн хугацаа дуустал хагас жилийн хугацаа үлдэж буй бөгөөд хүчин чармайлт гаргавал их зүйлийг хийж дуусгах боломжийн цаг болохыг УИХ-ын дарга хэлээд Төрийн дуулал эгшиглүүлснээр намрын чуулганы хаалтыг хийлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж