УИХ-ын эрхэм гишүүд өнөөдөр нэгдсэн хуралдаанаараа бараг санал нэгтэйгээр сонгуулийн амлалтаасаа буцлаа. Нэгэн дуугаар амласнаасаа ганц амьсгаагаар бултаж чаддагийн жишээг тодоор харуулав. УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталснаар улс төрийн намуудын сонгогчдод амласан 1,5 сая төгрөгийн үлдсэн нэг сая төгрөгийг Тавантолгойн 1072 ширхэг хувьцаагаар барьцаалж орхив. Ёстой “Авбал ав, байвал бай” гэсэн шиг гишүүдийн 76,1 хувь нь ярс хийтэл кнопдоод амлалтын мөнгөний гуравны хоёрыг Тавантолгойн хувьцааны 20 хувиар тас барьцаалсан тогтоол баталлаа. Үүнийг эсэргүүцсэн Я.Батсуурь нарын цөөн гишүүн олны өмнө хүчин мөхөсдөхийн гашууныг амсаад үлдлээ.
Нэгэнт тогтоол гарсан тул иргэн та одоо нэг сая төгрөгөө аваад хувьцаагүй хоцорно. Эсвэл хувьцаагаа аваад нэг сая төгрөггүй үлдэнэ. Үгүй бол таван зуун мянган төгрөгөө 536 хувьцаатай авч болно. Иймэрхүү сонголт дунд иргэдийг хавчуулаад даший шог. Уг нь намуудын амлалт ёсоор иргэн бүр 1,5 сая төгрөг бэлнээр авч дээрээс нь Тавантолгойн ордын хувьцааны 20 хувь болох 1072 хувьцааг үнэгүй эзэмших байсан юм. Намууд 500 мянган төгрөгөө увуулж цувуулж өгч байгаа ч үлдсэн сая төгрөгөө бэлнээр авах, сургалтын төлбөртөө өгөх, төлбөртэй эмнэлэгт үзүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалдаа ашиглах, орон сууц авбал нэмэрлэх гээд хэд хэдэн сонголт байсан нь хүчингүй боллоо. Тавантолгойн хувьцааны 20 хувь болох 1072 хувьцааг иргэн бүртээ үнэгүй өгнө гээд хайр зарлаад байсан нь худлаа болж хоцров. Тогтоолд 20 хүртэл хувь гэсэн “засвар” шургуулаад баталчихлаа. Энэ “хүртэл” гэсэн үг асар хорлонтой эд. Нэгэнт “хүртэл” гэсэн зальжин үг хавчуулсан болохоор иргэн танд яг таг 20 хувь бус тав, арав, бүр ганц хувийг ч хүртээж болох нь. Нэг сая төгрөгөө бэлнээр аваад, 21 мянган төгрөгийнхөө зургадугаар сарын 30 хүртлэх үлдсэн мөнгийг бас бэлнээр хүртчих юм бол танд Тавантолгойн уурхайн ашиг хишгээс юу ч нялзахгүй.
Сургалтын төлбөртөө нэг сая төгрөг авсан оюутнуудад Тавантолгой одоо хамаагүй. Хоёроос зургадугаар сарын 21 мянгаасаа татгалзвал цөөн хэдэн хувьцаа сарвайх юм шиг байна. Нэг сая төгрөгөө бэлнээр авах гээд аль өнгөрсөн оны сүүлээс бүлтийтэл горьдож суугаа ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр мөнгөө аваад идчихвэл Монгол Улсынхаа байгалийн баялгаас хүртэх амны хишиг дутна. Тал мөнгөө авбал тал хувьцаа өгнө гээд гишүүд товчлуур дарчихлаа. Хүүхэд, хөдөлмөрийн насны эрүүл саруул иргэдэд нэг сая төгрөгийн бараа харна гэдэг үлгэрийн далай болов. Тавантолгойн хувьцаа олдож байвал их юм. Аягүй бол сонгуулийн дараа засаг солигдоход “Өмнөх засгийн амласан хувьцаа маньд падгүй” гэх биз.
Улстөрчдийн нохой зан гэж ийм байдаг аж. “Ноён урваач, нохой шарваач” гэдэг дээр “улстөрч бултаач” гэж нэмэгдлээ. Хорь гучин жилийн дараах амар сайхан амьдралын тухай үлгэр яриад байсан нь ийм учиртай байж. Хүүхэд унтуулж байгаа юм шиг үлгэр шивнэж байгаад иргэдээ сайхан дөнгөчихлөө. Ийм юм болно гэдгийг сонгогчид дөрвөн жилийн өмнө мэдэж байсан. “Энэ амлалт явахгүй дээ, эдийн засаг даахгүй, инфляц хөөрөгдөнө” гэж арай бодитой хардаг хэсэг нь хардахад “Санаа зоволтгүй, Монгол Улс уул уурхайн үүцээ задалж дэлхийн баян орны тоонд орж байна шүү дээ” хэмээн нахилзаад байсан гишүүд өнөөдөр царай буруулав.
“Монголын эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрч, дэлхийд айргийн тавд давхиж явна” гэсэн гоё үлгэр зохиогч гишүүд 40 хувийн ядууралтай иргэдийнхээ тарчигхан амьдралаар сайхан даажигнав.
Хэдэн сарын дараа тэд хөхөө шиг уран донгодоод сонгогч таны өмнө санал гуйгаад мэхийх болно. Бас амандаа багтахгүй сайхан амлалт өгнө. Төрийн ордонд урьж, ордны хоол амтлуулж, унааны мөнгө нэрээр таван төгрөг атгуулна. Хариуд нь санал гуйна. Одоо түүнд нь итгэдэггүй юм шүү, сонгогчид минь. Гишүүд сайхан сайхан “хоолны нэр” хэлж, сонгогчид дөрвөн жил эцтэлээ хоосон “савхадлаа”. Хий савхдаж сууснаас хэрдээ таарсан ажил хийсэн бол дөрвөн жил хүлээлгэсэн ганц саяас илүү мөнгө олох л байсан. Юманд хэмжээ байдгийг одоо сонгогчид гадарлахтайгаа болсон биз.