Ш.Сүхбаатар: Намайг шахан зайлуулж байгаа нь үнэн

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Ш.Сүхбаатар: Намайг шахан зайлуулж байгаа нь үнэн

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ш.Сүхбаатараас зарим асуудлаар тодруулга авлаа.


-Та өнөөдрийн хэвлэлүүд үзэв үү. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр таныг ажлаас халагдаагүй, мэргэжлийнхээ дагуу яамны хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа гэж мэдэгдсэн байх юм. Гэтэл зарим хэвлэл халагдсан гэж бичээд байна. Аль нь үнэн болж байна вэ?

-Би хуульч хүн. Миний мэргэжлийн онцлог бол аливаа юмыг нотлох баримтад тулгуурлан ярих. Яг одоо бол би ээлжийн амралттай байна. Хэдийгээр өөрийгөө ажилд томилсон тушаалыг нүдээр үзээгүй байгаа ч намайг яамны хуулийн хэлтсийн даргаар 2 дугаар сарын 7-ноос томилсон тушаал 2 сарын 13-нд гарсан гэнэ лээ. Ингэхлээр үнэхээр Ж.Энхбаярын хэлээд байгаачлан хууль зүйн хувьд бол би халагдаагүй тушаал буурч өөр ажилд томилогдсон болж таарч байна.

Би цөөнгүй жил төрд, хууль хяналтын байгууллагуудад зүтгэсэн хүн. Тиймээс  энэ томилгооны нарийн ширийнийг нэг их дэлгээд яахав гэж бодож байсан юм. Нэгэнт хэвлэлүүд шуугиад, төрийн сайд хүн хүртэл болсон явдлыг өөрөөр тайлбарлаад байгаа болохоор юу болсныг хэлье.

Намайг Батлан хамгаалахын шинэ сайд нэг их өөд татаад мэргэжлийн хувьд ашиглах гээд байгаа юм байхгүй. Түүнийг төрөөс томилогдож ирэхэд нь би яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Сайд Төрийн нарийн бичгийн даргатай ярихгүйгээр олон асуудлыг шийдэхэд бэрхшээлтэй байдаг. Гэтэл сайд маань эхнээсээ л дөлөөд эхэлсэн. Үүнээс би энэ сайд надтай ажиллах сонирхолгүй байна гэдгийг ойлгосон. Ингээд хэд хонолоо. Дарга ч юм шиг, үгүй ч юм шиг. Тэгээд дараа нь чи цэргийн мэргэжлийн хүн биш, хуулийн хэлтсийн дарга хий гэж шахсан. Би албан тушаал буурах үндэслэл байхгүй, надад хуулийн хамгаалалт байгаа гэж хэлсэн. Миний оронд хошууч генерал Я.Чойжамцыг томилохоо надад хэлсэн. Гэтэл Чойжамц нь тухайн үед яаманд ямар ч хамааралгүй, шууд Төрийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгүүлэх хууль эрх зүйн үндэс байгаагүй. Ядаж түүнийг газрын даргаар томилоод Төрийн нарийн бичгийн даргын үүргийг хавсаргах хэрэгтэй болсон. Яамны газрын даргыг ТНБДарга томилдог. Тухайн үед энэ албан тушаалтан нь би. Би төрийн албаны хууль зөрчиж  түүнийг газрын даргаар өөрийхөө оронд томилохгүй нь тодорхой. Тэгэхлээр гарын үсэг зуруулах үүрэг гүйцэтгэгч хэрэгтэй болсон. Ингээд манай яамны газрын дарга, бригадын генерал Д.Баярсайханыг ТНБДаргын үүрэг гүйцэтгэгчээр хэдхэн цаг томилсон. Түүгээр Чойжамцыг газрын даргаар томилуулж хэргээ бүтээчихээд буцаад чөлөөлчихөж байгаа юм. Ингэж л намайг 2 албан тушаалаас чөлөөлж өөр ажилд шилжүүлсэн нэртэй орхисон.

Би өөрчлөгдөж болно. Гэхдээ мөн ч их яарч байгаа биз. Тэртэй тэргүй Төрийн албаны зөвлөл Батлан хамгаалах яамны ТНБДаргын сонгон шалгаруулалтыг нийтэд зарлачихсан байгаа шүү дээ. Ном журмаар нь хэнийгээ тавина хамаа алга.  Гэтэл ингэж их адгаж яарсанд нь би баярлалтай биш, тэгээд л хэд хоног амрана гээд ажлаа хүлээлгэж өгөөд гарсан. Харин намайг хуулийн хэлтсийн даргаар тавьсан тухайд бол  Төрийн албаны зөвлөл, захиргааны хэргийн шүүхэд хандахаас л булзааруулж байгаа хэрэг.

-Ямар хачин юм бэ. Та чинь ажлаа хийгээд Энхбаяр сайдтай өдөр бүхэн харилцаад байгаа юм биш үү?

Тийм юм алга. Гэртээ хэд хоног амарч байна. Зөвлөх нь нэг хоёр удаа залгасан.

-Таны асуудал хэвлэлээр бичигдэж Ардчилсан намын бүлэг дээр хүртэл яригдаж байна. Үүнийг та зохион байгуулаад байна уу?

-Би сонин хэвлэлд өөрийн гэсэн байр суурьтай. Олон жилийн хөдөлмөрөө энэ салбарт зориулсан. Гэхдээ хувийн асуудлаар мэдээлэл барьж гүйдэг нь би биш. Тэр тусмаа Ардчилсан намын бүлэгт хандаагүй. Хандах шаардлага гарвал Төрийн албаны зөвлөл, шүүхэд л очих байх. Харин яригдаж байгаа шуугиантай холбогдуулан төрийн албан хаагчийн хувьд, хурандаа цолтой цэргийн хүний хувьд нэг зүйлийг үнэнээр нь хэлье. Ж.Энхбаяр сайд 2012 оны сонгуулийн дараа 7 сарын 1 шиг үймээн дэгдвэл цэргийн 2 анги бэлэн байх ёстой гэж ярьж байгаа нь үнэн шүү. Өөрөөр яах юм, хяналт зохицуулалтаас бүх зүйл алдагдвал цэргийн хүчээр зогсоохоос өөр замгүй, бусад орны жишиг ч ийм байдаг гэж батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын тодорхой удирдлагуудын хүрээнд ил тод ярьж байхыг сонссон. Хүн матаж байгаа юм биш, гадны зэвсэгт халдлагаас эх орноо хамгаалах үндсэн үүрэгтэй зэвсэгт хүчнийг ийм бусармаг зүйлд ашиглахаас сэргийлэх үүднээс үүнийг хариуцлагатай хэллээ.

-Энэ ярилцлагын дараа таныг ажлаас чинь жинхэнээсээ халах байх даа.

-Лав шагнахгүй биз. Үймээн дэгдвэл цэрэг бэлэн байх ёстой, батлан хамгаалах яаманд надаас өөр нэг ч энгийн хүн байх ёсгүй гэж хэвлэлээр мэдэгдэж байгаа ийм сайдтай би удаан зам нийлэхгүй биз дээ. Миний асуудал яахав. Зэвсэгт хүчин тусдаа, зэвсэгт хүчний жанжин штаб нь цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага байж, яам нь бодлогоо гаргадаг, хэрэгжүүлдэг, аль болох иргэнлэг байх чиглэлээр сүүлийн 20 гаруй жил хэрэгжүүлсэн төрийн бодлогыг хуучин социализмын үе рүүгээ татаж дахиад яамаа цэрэгжүүлэх тухай ярьж байгаа ийм хүнтэй үзэл бодол нийлэхгүй юм билээ.

Г.ЯЛГУУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж