УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Олонхийн бүлэг ямар үндэслэлээр хуулийн төсөл дээр завсарлага авч байгаагаа тайлбарла. Намайг завсарлага хүсэхээр барьж идэх гээд байдаг” гэсэн юм. Харин МАН-ын бүлгийн дэд дарга Су.Батболд “Өнөөдөр хоёр бүлэг ээлжит бус хуралдаан хийсэн. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар хоёр бүлгийн хэн нь ч хэвлэлийнхэнд мэдээлэл хийхгүй гэж тохиролцсон байсан. Харин Ардчилсан намын бүлгийн дарга түүнийгээ зөрчсөн. Мөн танай бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаас Монгол Улсын 2012 оны төсвийн тодотгол дээр завсарлага авна гэж байсан. Түүнийгээ зөрүүлээд авахгүй юу” гэв. Хариуд нь Ч.Сайханбилэг дарга “Утсаар ярьсан зүйл бол албан ёсных биш” гэсэн юм.
УИХ-ын дарга “Аль аль тал нь буулт хийгээд, асуудлууд дээрээ завсарлага авахгүй явах ёстой. Эхлээд хоёр намын бүлгийн дарга уулзаад асуудлаа шийдээд ороод ир” гэсэн юм. Гэвч хоорондоо мэтгэлцсээр байлаа. Харин энэ хооронд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Ингэж болохгүй, чуулганаа завсарлуулах ёстой. Асуудал дээр завсарлага авч болохгүй. Шүүхийн тухай багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийх ёстой” гэлээ. УИХ-ын даргын зүгээс хоёр намын бүлгийн даргыг биечлэн уулзаж, тохиролцоонд хүрээд, эргэж чуулганы танхимд орж ирэхийг хүсэв. Мөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх үүрэг хүлээгээд байна. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдааныг түр зарсарлуулаад байна. Ингэхдээ тус байнгын хороонд харьяалагддаггүй гишүүд нь 10 минут чуулганы танхимд суудалдаа сууж байх үүргийг УИХ-ын дарга өгөв.
УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын намрын чуулганы хугацааг долоо хоногоор сунгах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан юм. Дээрх хугацаа өнөөдрөөс дуусгавар болж буй тул намрын чуулганы хаалтыг хийх ёстой болж буй. Гэвч бүлгүүд харилцан бие биеэ шантаажлан, хэлэлцэн шийдвэрлэх ёстой хуулийн төслүүд дээр завсарлагаа үргэлжлүүлбэл, асуудал хүнд байдалд шилжих болоод байна.